“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах юм бол гэж иргэд бие биеэсээ асуун, хүлээлт үргэлжилсээр. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнгөрсөн хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс хуваарилна гэж мэдэгдсэн. Үүнээс хойш иргэдийн дунд дээрх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг анх удаа хүртэх нь гэсэн хүлээлт үүссэн юм. Ногдол ашиг тараах товлосон хугацаанаас хойш 20 хонолоо. Хүлээлт улам гүнзгийрэв. “Ковид-19” өвчний улмаас эдийн засаг агшиж, иргэдийн орлого багасаж буй. Ийм хүнд үед гар дээрээ хэдэн төгрөг тавьчих юм сан гэсэн иргэдийн горьдлого хүлээлтийг улам ихэсгэж байгаа нь дамжиггүй.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс хувьцааны ногдол ашиг тараах 179 тэрбум төгрөгийг бүрэн байршуулсны дараа хуваарилна гэсэн байр суурь илэрхийлж байгааг хөндлөнгийн эх сурвалж дуулгасан. Засгийн газраас ногдол ашгийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, өргөн хүрээнд хуваарил гэсэн чиглэл тэднийд өгчээ. Тус компанийнхан үүний дагуу ажиллаж байгаа гэсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан ногдол ашгийг үе шаттай тараах хэрэгтэй гэж үзэн эх үүсвэрийг нь цувуулж олгох зарчим баримталж байгаа гэх. Тус компанийнхан тавдугаар сарын эхээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”- ийн данс руу 60 тэрбум төгрөг шилжүүлжээ. Тэд үүгээр үнэт цаасны дансаа банкны данстайгаа холбуулсан харилцагчийн ногдол ашгийг эхлээд тараачих. Дараа нь үнэт цаасны дансгүй иргэдийн ногдол ашгийг “И-баримт” системээр шилжүүл гэсэн зарчим баримталж буй бололтой.
“Эрдэнэс Тавантолгой”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” хоёул Засгийн газрын мэдлийн компани. Бодлого боловсруулдаггүй, гүйцэтгэгч бүтэц. Засгийн газраас ямар үүрэг өгнө, түүнийг үг дуугүй гүйцэтгэх үүрэгтэй. Тиймээс ногдол ашгийг хэзээ, хэрхэн тараах нь Засгийн газрын, тэр тусмаа Ерөнхий сайдын гарт байгаа нь ойлгомжтой. Ногдол ашгийг тараах бодлогыг зангидаж, замыг нь заах учиртай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй өдий хүрлээ. Албаны эх сурвалж “Сангийн сайд ногдол ашгийг татвар хураахгүйгээр олгох бодлого баримталж байгаа. Тиймээс татвараас чөлөөлүүлэх шийдвэр гаргуулахаар тараах хугацааг нь хойшлуулсан” гэсэн мэдээлэл өгөв.
Тэгвэл хөрөнгийн зах зээлийн зарим шинжээч “Эрх баригчид улс төрийн оноо авахын тулд УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнө ногдол ашгийг хуваарилахаар хойш тавьж байгаа. УИХ-ын сонгуулийн санал хураалтаас сарын өмнө тараачихаар иргэд “тус”-ыг нь мартчихна гэж тэд тооцсон” хэмээн хардаж байна. “Ковид-19” цар тахлын хямралын үед ногдол ашгийг эрт тараах нь эдийн засагт тустай. Энэ оны эхний улиралд 10.7 хувиар агшчихаад байгаа эдийн засагт “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг “эм” болно. Засгийн газраас ногдол ашгийг хэзээ, хэрхэн тараах шийдвэр гаргах бол.
Бэлтгэсэн:Т.Энхбат
ИНФОГРАФИК
ДЭЛХИЙН ЖИШИГ
ОХУ-ын зах зээл тэргүүлж байна
Компаниуд ашиг орлого үргэлж өндөр байна гэсэн баталгаа байхгүй. Түүхий эдийн үнэ, тухайн улсын валютын ханш үүнд их нөлөөлдөг. Ашигтай ажилласан тохиолдолд компани жирийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгдөг. ОХУ-ын хувьд компаниуд нь ихэвчлэн төрийн оролцоотой учраас хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ногдол ашиг хуваарилах, эсэхийг шийддэг. Төмөрлөг, нефть, хийн компаниуд цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашиг тараахад зориулж байна. АНУ, Хятадын худалдааны дайн, хориг арга хэмжээний нөлөө буй ч төрийн оролцоотой хувьцаат компанийнх нь ногдол ашиг зургаа орчим хувь байдаг үзүүлэлтээр Оросын зах зээл дэлхийд тэргүүлдэг. Хувийнх нь ч ногдол ашгийн үзүүлэлт 8-15 хувьтай байдаг аж. Эл үзүүлэлт хөгжингүй гэгдэх АНУ-д хоёр, Европын Холбоонд 3.7, Японд мөн хоёр, хөгжиж буй Туркт 4.5, Бразилд 3.5, Мексикт 2.7, Хятадад 2.2 орчим хувь байдаг аж.
АНУ-д хийсэн татварын шинэчлэл компанийн ашиг, мөнгөний чөлөөт урсгалд эергээр нөлөөлж, ногдол ашгийн хэмжээ нэмэгдэхэд сайнаар нөлөөлжээ. Хөрөнгө оруулагчид нь тогтвортой орлоготой байж, нэмж үнэт цаас худалдаж авах боломж бүрдүүлэхийн тулд хувьцаа худалдан авдаг аж. Ногдол ашиг тараадаг компани санхүүгийн хувьд тогтвортой, бие даасанд тооцогддог, хувьцааны ханш нь аажмаар нэмэгдэх магадлалтай. Ийм компанийн хувьцаа эзэмшигч байнга ногдол ашиг хүртэх нь хөрөнгө оруулагчдын хувьд алдаагүй стратеги гэнэ. АНУ-ын олон компани 20 гаруй жил, түүнээс ч удаан хугацаагаар ногдол ашиг тараасан түүхтэй. “Exxon mobil”, “Chevron” зэрэг томоохон компани нь нефтийн үнийн савлагаатай холбоотойгоор шинэ төслүүдэд хөрөнгө оруулах гэж яардаггүй. Гэхдээ нефть олборлолтын ашгаа ногдол хэмжээгээ өсгөх замаар хувьцаа эзэмшигчдэд хуваарилахыг илүүд үздэг.
Олон улсын зөвлөгөө, аудитын “PwC” сүлжээнээс явуулсан, дэлхийн уул уурхайн тэргүүлэгч 40 компанийг хамруулсан судалгаанаас үзвэл тэдгээр нь ам.доллароор илэрхийлэгдэх өөрийн буюу үйл ажиллагааны өртгөө бууруулсан нь зардлаа багасгасныг илтгэж буй аж. Тухайлбал, түүхий эд, зарлагын материалаа 33, гаднаас авдаг ажилтныхыг 32, улсын төсөвт өгдөг роялти болон зээлийн өрөө 14, ачаа тээврээ 10, бусад зардлаа ес, хайгуул, үнэлгээтэй холбоотой зардлаа хоёр хувиар бууруулсан байна. Үүний сацуу татвар төлөлт, ногдол ашгаа эрс нэмэгдүүлжээ. АНУ-ын топ аж ахуйн нэгжүүд жилийн ашгийнхаа 30-40 хувийг ногдол ашигт зарцуулдаг аж.
Бэлтгэсэн: З.Гал
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Дансаа нээлгэчихсэн, дахиад хэр удаан хүлээх вэ
Уржигдар 12.00 цагийн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн гадна байсан гурван эмэгтэй ийн яриа өрнүүлж байв.
-Би гадаадад байгаа гурван дүүгийнхээ иргэний үнэмлэхийг барьж очоод, гэр бүлийнхээ найман хүний хувьцааны дансыг “Төмөр замд” байрлалтай, брокер, дилерийн компанид нээлгээд хоёр сар боллоо. Харин мөнгө нь ордоггүй, эндээс асуусан чинь мэдэхгүй гэж байна.
-Хүү маань 250 ширхэг хувьцаатай юм байна. 1072-оосоо хэзээ, юунд зарцуулсныг нь мэдэхээр лавлахад 2016 онд сургалтын төлбөрөө төлж гэнэ. Өөрөө БНСУ-д амьдардаг, сургалтын төлбөрөө хувиараа хийсэн гээд байгаа юм. Янз нь тухайн үед засгаас сургалтын төлбөрийг нь төлсөн байхад биднээс бас авсан болж таарлаа.
-Манай гэр бүлийн, 1072 хувьцаанаас хүртэх эрхтэй хоёр гишүүн бурхан болсон. Бид тэдний ногдол ашгийг авч болох, үгүйг мэдэхээр ирлээ. Энэ удаа мөнгө төгрөг авахгүй юм байна. Алсдаа хувьцааг нь үр хүүхдүүд нь эзэмшиж болно, хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй гэнэ хэмээн ярив. Хувьцааны данс нээх байгууллагуудын хаяг байршил, хэрхэн данстай болох тухай заавар зөвлөмж авсан, эсэхийг нь тэднээс асуухад “Идэвхтэй ашигладаг банкны дансаа брокер, дилерийн компанид бүртгүүлчихдэг юм байна. Онлайнаар ч нээлгэж болж байна лээ. Харин мөнгө нь хэзээ орох юм бол” гэж байв. “1072 хувьцаа мэдээллийн төв” дотор зургаан хүн ажиллан, нэг бүсгүй мэдээлэл авч байлаа. Үйлчилгээний ажилтнуудаас ганц нэг нь утсаар ярьж, иргэдэд заавар, зөвлөгөө өгч буй бололтой. Хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотойгоор иргэдийн хандалт ямар байгаа бол, өдөрт хэдэн хүн ирж мэдээлэл авч байна. Цахимаар, утсаар хандах нь олон байна уу, ачаалал хэр байгааг нь үйлчилгээний ажилтнаас нь тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн гадна 10 гаруй хүн дугаарлаж байлаа. Иргэдийг хоёр хоёроор нь оруулж, үүдэнд нь байрлалтай, үйлчилгээний цонхны цаанаас мэдээлэл өгч байв. Гадаа дугаарлаж буй, орж асуулт тавьж байгаа иргэд бараг бүгдээрээ цэнхэр, ягаан тасалбарын талаар сонирхон, аль компанид хувь нийлүүлснээ мэдэхээр ирсэн гэнэ. Харин 1072 хувьцааны талаар ямар мэдээлэлтэй байна, дансаа нээлгэсэн үү гэсэн асуултад Чингэлтэй дүүргийн иргэн Я.Цасчихэр “Манай таван ам бүл, хоёр жилийн өмнө хувьцааны дансаа нийт 30 000 төгрөгөөр нээлгэсэн, банкныхтайгаа ч холбуулсан. Гэтэл өдгөө тэр компани нь татан буугдсан тул өөр газарт 50 000 төгрөгөөр ахин нээлгэлээ. Татан буугдсан байгууллагаас хэрхэн мөнгөө авах талаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийнхнөөс тодруулахад мэдэхгүй байна” хэмээн ярив.
Ногдол ашиг хүртээх шийдвэр гарснаас хойш тавдугаар сар хүртэл хэн, хэзээ үнэт цаасны данс, хаана нээлгэснээ тодруулж, дансгүй нь ахин нээлгэн, банкныхтайгаа холбуулж, иргэд тун идэвхийлсэн гэдгийг брокер, дилерийн цөөнгүй компанийнхан хэлж байна. Өдгөө олон нийтийн зүгээс тавьж буй нийтлэг асуулт нь ногдол ашиг хэзээ орох талаар болон дампуурсан брокер, дилерийн компаниас хэрхэн мөнгөө авах тухай юм байна. Брокер, дилерийн компани байгуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог. Хэрэв тухайн компани дампуурвал тус хороонд мэдүүлж, олон нийтэд зарлуулдаг журамтай. Үйл ажиллагаа явуулахаа больсон компанийн үйлчлүүлэгч, харилцагчдыг брокер, дилерийн өөр компани руу шилжүүлсэн байх учиртай. Тиймээс иргэд дээрх хорооноос өөрийн үйлчлүүлэх эрхтэй компанийг мэдэж авснаар шинээр данс нээлгэх албагүй, банкны дансаа холбуулахад үнэгүй аж. Мөн 2011-2018 онд хувьцааны данс нээлгэж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгүүлсэн зарим хүний мэдээлэл устчихсан байгааг “Бумбат Алтай” компанийнхан хэллээ. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн ашигладаг системийн доголдолтой холбоотой гэв. Үүнээс болж иргэд брокер, дилерийн компаниудад ачаалал үүсгэн, данс дахин нээлгэх нь хэмээн бухимдаж байгаа аж. Тиймээс брокер, дилерийн компаниуд, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” хооронд иргэдийн дансны зөрүүг арилгах, урьд өмнө данс нээлгэсэн хүмүүсийн мэдээллийг шинэчлэн баталгаажуулах зэрэг ажил өрнөж, “бужигнаж” байна.
Бэлтгэсэн:С.Цэрэндулам
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Та 1072 хувьцааны талаар хангалттай мэдээлэл авсан уу?
Ж.САНСАРМАА (БНСУ-д сурч буй иргэн):
-1072 хувьцааны талаар мэдлэг дутмаг гэхэд хилсдэхгүй. Хүмүүс данс нээлгэж байгаа талаар сарын өмнө л мэдсэн. БНСУ-д магистрын зэрэг хамгаалж байгаа учир гурван жил нутаг буцаагүй. Хол байгаа тул энэ талын мэдээлэл хомс байна. Оюутан байхдаа сургалтын төлбөрөө хувьцаагаараа төлсөн болохоор одоо 600 гаруй ширхэг нь л бий болов уу. Гадаадад оршин суугаа иргэд надтай адил энэ талын мэдлэггүй байгаа бололтой. Тэр дундаа олон жил эх орондоо ирээгүй хүмүүс мэдээллээс хоцорсон байх. Ээж минь нэг сарын өмнө орон нутагт данс нээлгэх гэсэн боловч хариуцсан компани байгаагүй гэнэ билээ. Гэхдээ ногдол ашиг тараах сургаар хэдэн компанийн төлөөлөгч очсон сураг сонсогдсон.
Б.ДАВААНЯМ (Баянгол дүүргийн I хорооны иргэн):
-Манайх ам бүл дөрвүүлээ. Хэдэн сарын өмнө “БиДиСек” ҮЦК-д 7500 төгрөгөөр хувьцааны дансаа нээлгэсэн. Ер нь энэ талын мэдээлэл муу. Зарим хүн хувьцаагаа зараад мөнгө болгосон нь дээр гэдэг. Харин бусад нь хувьцаагаа цуглуулж бизнес эрхлэх нь ашигтай гэж зөвлөж байна. Залуу хүмүүст хувьцаагаа юунд ашиглаж, яаж хөгжүүлэх талаар сургалт, мэдээлэл өгөх хэрэгтэй. Цахим орчинд хувьцаа худалдаж авна, данс нээж өгнө гэсэн залилан их гарч байгаа гэж сонссон. Тиймээс нэгдсэн журмаар нэг компани иргэдэд мэдээлэл өгч, данс нээж, ногдол ашгийг тараасан нь дээр болов уу.
У.ИДЭР (Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн):
-Хоёр жилийн өмнө хувьцааны дансаа 5000 төгрөгөөр аймагтаа нээлгэсэн. Оюутан байхдаа хувьцааныхаа талыг сургалтын төлбөртөө өгснөөс гадна 300 мянган төгрөгөөр худалдсан учир одоо 400 гаруй ширхэг л байгаа. Дорнод харьцангуй том аймаг тул хувьцааны хэд хэдэн компани байдаг юм билээ. Данс нээлгэхэд чирэгдэл бага байсан ч ногдол ашиг хэрхэн бодогдох, хэзээ данс руу орох зэрэг нь тодорхойгүй байна. Иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг тул цахим хаяг, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тогтмол мэдээлэл хүргэвэл сайн сан. Хүн бүрт хэрэгтэй шүү дээ.
О.ГҮЕН (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн):
-Энэ талаарх мэдээллийг ихэвчлэн хүмүүсийн дам ярианаас л сонссон. Манайх ам бүл зургуулаа, хувьцааны дансаа бүгд нээлгэсэн. Би хувьдаа 1072 хувьцаагаа зарсан нь дээр гэж боддог. Эл хувьцааг иргэдэд тараагаад 10 жил боллоо. Гэхдээ өнөөг болтол хүртсэн ашиг алга. Надад 850 хувьцаа байдаг. Ногдол ашиг тараавал 60 мянган төгрөг авах ёстой. Гэхдээ сар гаруйн өмнөөс ногдол ашиг орох талаар ярьж эхэлсэн ч өдий болтол өгөөгүй. Ашиг нь тогтмол орж ирвэл иргэдэд илүү ашигтай юу, худалдсан нь дээр үү гэдэгт мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй байх.