АН-аас өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын 2020 оны сонгуулийн кампанит ажлыг удирдаж ажиллах штаб байгуулснаа уламжлав. АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятав ажиллах юм байна. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Манай намын бүхий л үйл ажиллагаа гишүүд, дэмжигчид, ард түмэнд нээлттэй байдаг. Энэ ч зарчмаа баримталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх мэдээллийг тухай бүрт нь ил тод мэдээлж байсан. Харин бусад нам, тэр дундаа эрх барьж байгаа МАН нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх мэдээллээ өнөөдрийг хүртэл олон нийтэд хүргэсэнгүй” гэсэн бол ерөнхий менежер Я.Санжмятав АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд, олон түмний захиасыг биелүүлж, шударга өрсөлдөхөө илэрхийлж, хар мэдээлэл, гүжир гүтгэлгийг сурталчилгаандаа ашиглахгүй байхыг бүх нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчдэд уриаллаа. Мөн тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайрах боллоо. МАН асар их мөнгө заран байж АН-ыг харлуулах гэж оролдох болсон. Бүр зарим нэр дэвшигчийг маань хууль, хяналтын байгууллагаар айлган сүрдүүлж байгаа” гэв.
Бэлтгэсэн: Н.Уран