Өвдсөн, шаналсан нэгэнд яаралтай тусламж үзүүлэхээр морин тэрэгтэй эмч энхэл донхол замаар сэгсчүүлж явсан нь 90 жилийн өмнө. 1930 оны аравдугаар сарын 20-нд Ардын эрүүлийг хамгаалах сайдын тушаалаар Улсын клиникийн төв эмнэлэг (УНТЭ)-ээс гурван бага эмч, гурван сувилагч, нэг морин тэрэгчинтэй өрх тусгаарлаж байсан нь нийслэлийн Түргэн тусламжийн төвийн тулгын чулуу тавьсан өдөр хэмээн түүхэнд үлджээ. Эл өдрөөс хойш хүн хүч, машин, техник нь сайжирсаар 24 цагийн турш тасралтгүй ажилладаг тусгай мэргэжлийн төв болж өргөжсөн билээ. Улаанбаатар хотын хэмжээнд хоногт 900-1200, жилд 390 мянга орчим дуудлага хүлээн авдаг тус төвийн 103 дугаарын утсыг хүүхдүүд ч андахгүй. Энэ их айлыг өнгөтэй өөдтэй явуулахад багагүй хувь нэмэр оруулж, их эмч нар тусламжийн дуудлагад явж, өвдөж шаналсан хүмүүст үйлчилдэг болгосон эрхэм хүн бол Цэндийн Бадам. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 34, үүний 14 жилд нь нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаад гавьяаны амралтаа эдэлж сууна.
СУРАХ ДУРГҮЙ МАЛЧИН ХҮҮ
Ц.Бадам 1935 онд Төв аймгийн Эрдэнэ сумд төржээ. Бусдын адилаар мал маллаж өссөн хүү сургуульд сурах тун ч дургүй нэгэн байсан гэнэ. Эцэг, эхийнхээ албадлагаар 13 настайдаа нэгдүгээр ангид орсон аж. Сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиа төгсөөд нийслэлийн V сургуульд шилжин суралцжээ. Тухайн үедээ сургуульд сурахаас илүү хурга, ишигтэй хөөцөлдөж, мал маллах сонирхолтой байж. 1957 онд буюу 23 настай “хөгшин” сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, Анагаах ухааны дээдэд элссэн гэнэ. Хүний их эмчийн мэргэжил эзэмшиж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн нь эрдмийн мөр хөөлгөсөн аав, ээжийн минь ач хэмээн бодож явдгаа тэрбээр хэллээ. Дээд сургуулиа төгсөөд Төв аймгийн Баянцагаан сумд их эмчээр томилогдон ажиллаж байгаад аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр дэвшжээ. Иргэдэд төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нарийн мэргэжлийн эмч дутмаг, хүртээмж муу байсныг өөрчилж шинэчилсэн байна. Эмч нарын тоог нэмж, мэргэшүүлэх сургалтад суулгажээ. Ингэж нүд, чих, хамар, хоолой, шүдний тасаг нээж, дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг нэмж ажиллуулсан байна. Хот газар номыг нь үзсэн хүний хувьд хөдөөний эмнэлгийн үйлчилгээг эрс сайжруулж, дориун ажиллаж байтал нийслэл рүү дуудаж, Халдварт өвчнийг анагаах эмнэлгийн орлогч даргаар томилчихож. Цаашлаад Эрүүлийг хамгаалах яамны Боловсон хүчний хэлтэст сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллажээ. Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч, нийгмийн эрүүл ахуйч мэргэжлээр Москвад сурсан түүнийг дахиад л төрсөн нутаг руу нь явуулав. Аймагтаа хүүхдийн болон халдварт өвчний тасаг нээж, сумуудын их эмчийн салбарыг сумын эмнэлэг болгон өргөтгөсөн гэнэ. Анагаах ухааны хүрээлэн болон Эрүүлийг хамгаалах яамны мэргэжилтнүүдийг урьж, сургалт явуулахын зэрэгцээ заавал уншиж судлах ёстой номын жагсаалт гарган, түүнийгээ шалгах зэргээр эмч, сувилагчдынхаа мэдлэгийг дээшлүүлж ирсэн учир эх, хүүхдийн эндэгдэл, халдварт өвчин багасаж, аймагтаа нарийн мэргэжлийн яаралтай тусламжийг бие даан үзүүлдэг болсон аж. Ингэж амжилттай ажилласны нууц нь Гавьяат эмч П.Бумбага тэргүүтэй чадварлаг эмч, баг хамт олны дэм байсан хэмээн Ц.Бадам дурсан сууна.
...Түүний гэргий Д.Байгалмаа эмч мэргэжилтэй. Оюутан ахуйдаа гэр бүл болсон тэд ханилаад 60 жил болжээ. Зургаан хүүхдийнх нь гурав нь тэдний мэргэжлийг өвлөсөн юм билээ. Харамсалтай нь, хоёр хүү нь зуурдаар хорвоог орхисон гэнэ. “Үхэл гэдэг яаж ч болохгүй эд юм. Элэгний хавдартай болсон хүүгээ дотоод, гадаадын эмнэлгээр эмчлүүлж их л явсан даа” гээд хоолой нь зангирч, аньсага нь чийгтээд ирэв... Түүний гэргий Д.Байгалмаа эмч мэргэжилтэй. Оюутан ахуйдаа гэр бүл болсон тэд ханилаад 60 жил болжээ. Зургаан хүүхдийнх нь гурав нь тэдний мэргэжлийг өвлөсөн юм билээ. Харамсалтай нь, хоёр хүү нь зуурдаар хорвоог орхисон гэнэ. “Үхэл гэдэг яаж ч болохгүй эд юм. Элэгний хавдартай болсон хүүгээ дотоод, гадаадын эмнэлгээр эмчлүүлж их л явсан даа” гээд хоолой нь зангирч, аньсага нь чийгтээд ирэв...
ИХ ЭМЧ НАРААР БАГАА БҮРДҮҮЛЭВ
Аймгийн эмнэлгээ төвхнүүлээд тун ч завгүй ажиллаж байсан түүнийг мөн л Улаанбаатар хот руу дуудаж, 1982 онд Түргэн тусламжийн станцын даргаар дэвшүүлэн томилов. 14 жил дарга хийсэн ч ажилтнуудтайгаа удирдлагын бус, найз нөхөд шиг харилцаж, хамтарч ирснийг түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд нь хэлдэг юм билээ. Тус төвийн одоогийн захирал Ц.Пүрэвдаш “Нийслэлийн Түргэн тусламжийн үйлчилгээг төрөлжүүлж, эрчимт эмчилгээ, осол гэмтэл, эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн баг байгуулж ажилласнаар аминд нь аюул тулсан хүнд өвчтөнд газар дээр нь үзүүлэх тусламжийг эрс сайжруулж, 50 гаруй мянган хүнд эрчимт эмчилгээний тусламж үзүүлэн аварсан. 1991 он хүртэл түргэн тусламжийн дуудлагын эмч нарын 60 хувь нь бага эмч байсан. Ц.Бадам дарга жил бүр их эмчийн орон тоог нэмсээр 1994 онд түргэн тусламжийн бүх үйлчилгээг их эмч нар үзүүлдэг болгосон юм” хэмээв.
Эрдэнэт хүний амь аврахын төлөө хором бүртэй уралддагаараа яаралтай тусламжийн эмч, ажилтнуудын ажил онцгой. Гэвч иргэдээс “Түргэн тусламж маш удаж ирдэг” гэсэн гомдол байнга л гарч байдаг. Энэ шалтгааныг эмч мэргэжилтнүүд гэр хорооллын айлуудын хаяг, байршил тодорхой бус, орон сууцынхны орц, гарцаар түргэний машин явах боломжгүй зэрэг хот төлөвлөлтийн алдаанаас болж тусламж, үйлчилгээ хожимддог гэж тайлбарладаг. Харин одоо дуудлага ирсэн даруйд эмч нараа 5-10 минутад амжиж гарган, тухайн газарт 20 минутын дотор очиж шаардлагатай тусламж үзүүлдэг болжээ. Дуут дохиогоо хангинуулсан түргэний машины эмч үхэл, амьдралын заагт байгаа нэгнийг аврахаар явааг хүмүүс ухамсарлаж, жолооч нар зам чөлөөлж тусалдаг болсныг Ц.Бадам гуай онцолсон.
ДАХИАД Л ДАРГА
Хот, хөдөө хаана ч очсон байгууллагаа шинэчилж, уйгагүй хөдөлмөрлөж, эрүүл мэндийн байгууллагад 34 жил хүчин зүтгэсэн Ц.Бадам гавьяаны амралтдаа гараад 20 гаруй жил болж буй. Гэвч тэрбээр гэрт суудаг тэтгэврийн өвгөн байхыг хүсээгүй бөгөөд Ахмадын зөвлөлийн даргаар ажилладаг юм билээ. Залуу нас, сэтгэл зүрхээ зориулан ажилласан үеийн нөхдийнхөө төлөөлөл болж, нийгмийн асуудлыг нь аль болох нааштайгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэж явна. Нас өндөр гэлтгүй ахмадуудтайгаа холбоотой аливаа асуудлаар Түргэн тусламжийн төв рүүгээ ойр ойрхон “гүйж”, асуудлаа шийдвэрлүүлж аваад хүүхэд шиг л баярладаг гэнэ лээ. Ингэж зүтгэсний ачаар тус байгууллага ахмадуудаа жилд хоёр удаа хүлээн авдаг болж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, өвчин зовуурь илэрвэл эмчийн хяналтад авч, эм, тариагаар тусалж дэмждэг болжээ. Түүгээр зогсохгүй найман ахмадыг орон байртай болгосны зэрэгцээ Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч зэрэг цол, тэмдгээр цөөнгүй хүнийг шагнуулаад амжив. Нас өндөр болсон ч ахмад үеэ төлөөлөн тэдний өмнөөс дуугарч, санал хүсэлтийг нь хүлээн авч, харьяа байгууллагынхаа удирдлагад хүргүүлэх гээд түүний ажил дуусдаггүй гэсэн. “Ахмадын зөвлөлийн дарга гээд бас урамшуулал авна аа” хэмээн инээмсэглэх тэрбээр бичиг цаасны ажилтай ойр байсан нь аргагүй л мэдрэгдэх. Өөрийн болон өрөөлийн намтар түүхийг дурайтал бичсэн цааснууд ширээн дээр нь дэлгээстэй. Дурсамж, дурдатгалын номоо бичихээр сэтгэл шулуудан, тэртээд үлдсэн “архив”-аа уудлан суугаа нь энэ аж.
Эрүүл мэндийн салбартаа онцгой чиг үүрэгтэй байгууллагыг багагүй хугацаанд удирдаж байхдаа үүнийг л хийдэг байж гэж харамсдаг зүйл байдаг уу гэж асуухад “Эмчээс эхлээд даргаар дэвшсэн 30 гаруй жилийн хугацаанд чамлахааргүй ажил амжуулсан гэж боддог. Очсон газар бүртээ эрүүл мэндийн үйлчилгээг чанартай болгохыг хичээн ажиллажээ. Хэдхэн бага эмчтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан Түргэн тусламжийн төв минь өргөжиж тэллээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт салбартай болсноор тусламж хүссэн нэгэнд цаг алдалгүй хүрэх боломжтой болсонд их баяртай явдаг. “Алтан гадас” одонт төвийнхөө үе үеийн ахмадууд болон одоогийн удирдлага, ажилтнуудад танай сониноор дамжуулан 90 жилийн ойн баярын мэнд хүргэе” хэмээсэн.
Энхийн манаанд эрдэм чадал, залуу насаа зориулсан Та 90 “настай” байгууллагаасаа урт наслах болтугай.