Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу дөрөв, зургаан хүүхэд төрүүлж, өсгөж буй эхийг “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурыг хангаж, “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийнхийг авах 10 160 ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ. Коронавирусийн тархалтын улмаас тэдний одонг энэ үед гардуулахгүй бөгөөд хөл хорио цуцалсны дараа уг үйл ажиллагааг зохион байгуулах нь. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох яамдтай санал солилцож, Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан одонгийн мөнгө авах шаардлагыг хөнгөвчилжээ. Тодруулбал, ээжүүд “Эхийн алдар” одон болон иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсвэл сумын нийгмийн халамжийн ажилтанд өгдөг байсан. Харин энэ жил дээрх бичиг баримтыг ээжүүдээс шаардахгүйгээр мөнгийг нь олгохоор зохицуулжээ.