Авлигын эсрэг болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлэхээр болсон. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 10.6, 11.2, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32.4-т заасны дагуу тэд хөрөнгө, орлогын мэдүүлгээ энэ сарын 17-ноос өчигдрийн 23.59 цаг хүртэл АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ сайтад хандан, илгээсэн юм. Өчигдрийн 16.00 цагийн байдлаар 695 нэр дэвшигч уг сайтад бүртгүүлэх эрх үүсгэснээс 475 нь баталгаажуулсан байв. Өмнө нь бүх шатны сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ СЕХ болон тойргийн хорооддоо бүртгүүлдэг байсан юм.
Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн, эсэх лавлагааг АТГ-аас өнөөдөр СЕХ-нд хүргүүлнэ. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32.5-д “Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн, эсэх лавлагааг бүртгэл нь дууссанаас хойш нэг хоногийн дотор СЕХ-нд хүргүүлнэ” гэж заажээ. Тэдний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэр дэвшигчийн үнэмлэх олгосон өдрөөс эхлэн нийтэд нээлттэй байршуулах юм. Хэрвээ нэр дэвшигч заасан хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй бол бүртгэхээс татгалзах үндэслэл болох аж. Уг үндэслэлийг СЕХ-ноос гаргах юм байна. АТГ, СЕХ хамтран 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулж, өнгөрсөн сарын 28-нд түгээсэн билээ.
Ташрамд дурдахад, өмнө хашиж байсан албан тушаалынхаа хүрээнд зарим нэр дэвшигч 2019 онд хөрөнгө, орлогоо мэдүүлчихсэн байгаа аж. Тиймээс тэдний мэдээллийг АТГ-ынхан цахим системээс түүвэрлэн, холбогдох лавлагааг нь СЕХ-нд хүргүүлэх гэнэ.