Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 86000 хүн халдвар авч 3000 гаруй хүн нас баржээ. ОХУ-д 8900 шинэ тохиолдол нэмэгдсэн бол манай улстай хил залгаа хотуудад халдвар 30-75 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар ажиглалтад 1769 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтөний хүмүүс бий тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. 5 хүртэлх насны 107 хүүхэд, жирэмсэн 67, чихрийн шижинтэй 30, артерийн өвчтэй 93, хавдартай 24, архаг өвчтэй 127 хүн байна. Энэ оны эхнээс нийт 7408 иргэн ажиглалтад орсон.
Иргэдээс худалдаа үйлчилгээний газарт зай барихгүй байгаа талаар гомдол их ирж байна. Тиймээс үйлчилгээний газруудад энэ талаар анхаарахыг ЭМЯ-наас зөвлөж байна. 119 дугаарт 259 дуудлага ирсэн бөгөөд гадаадын 4 орноос 30 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авсан.
Худалдаа үйлчилгээний газруудад зай барихгүй байна гэх гомдлууд нэлээд ирсэн. ЭМЯ-наас 1,5-2 метрийн зай барих зөвлөмжийг гаргасан. Тиймээс худалдааны байгууллагууд дээрх зөвлөмжийг дагах хэрэгтэйг онцгойлон анхааруулж байна" гэж хэлэв.