Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн захирал Т.Мөнхсайхан болон үений мэс засалч Н.Энхтайванаар ахлуулсан Хэрх үе судлал, үе сэргээх төвийнхөн хагалгааны шинэ технологиуд нэвтрүүлж, нутагшуулснаа өчигдөр танилцууллаа. Тодруулбал, өвдөгний үений урд чагтан болон дотор хажуугийн олон холбоосын гэмтэлтэй өвчтөнд амьгүй донорын шөрмөс шилжүүлэн суулгаж, нөхөн сэргээх мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Амьгүй буюу тархины үхэлтэй донороос шөрмөс авч, сэргээх мэс заслыг одоогоор 15 удаа хийгээд байна. Түүнчлэн тус төвийн эмч нар ясны том хэмжээний дутмагшил (цоорол)-ыг донор яс ашиглан, бүтэц нөхөх, сэргээх мэс засал хийх болжээ. Эдгээр хагалгааг өмнө нь хийхдээ өндөр үнэтэй хиймэл яс, шөрмөс ашиглаж байсан нь үйлчлүүлэгчдэд эдийн засгийн дарамт учруулаад зогсохгүй мэс заслын дараах үр дүн муутай байж. Ташрамд дурдахад, УНТЭ-ийнхэн уг мэс заслуудыг Монголд анх удаа хийсэн бөгөөд өвдөг, мөрний үений хагалгаанд дурангийн арга нэвтрүүлэн, эдүгээ 100 гаруй мэс заслын ард гарсан гэнэ.
Бэлтгэсэн: О.Оргилох