Давсны хэт их хэрэглээ нь цусны даралтыг эрс нэмэгдүүлж, зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй дархлаа сулруулдаг болохыг Бонны их сургуулийн клиникийн мэргэжилтнүүд анхаарууллаа. Тэд туршилтын явцад үүнийг баталсан гэдгээ мэдээлэв. Сайн дураараа судалгаанд хамрагдсан хүмүүст өдөр бүр ердийн хэрэглээнээс гадна нэмэлтээр зургаан гр давс өгч байжээ. Ингэхдээ давсыг бургер, шарсан төмсний амталгаанд шингээж байсан гэнэ. Ийм хоолны дэглэмтэй нэг долоо хоносон хүмүүсийн дархлааны эсүүд үүргээ гүйцэтгэхдээ “хойрго” болж, цусны даралт ихсэхээс эхлээд эрүүл мэнд нь доголдож байсан гэдгийг судалгааны багийнхан тэмдэглэсэн байна. Үүнээс үүдэн давсны хэмжээг хэтрүүлэх нь дархлааны тогтолцоог сулруулж, хомсдолд оруулдаг гэж дүгнэсэн гэнэ. Үүнээс гадна давсны хэт их хэрэглээ нь глюкокортикоид буюу бөөрний дээд булчирхайд үүсдэг стероидын даавруудын түвшнийг нэмэгдүүлдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол насанд хүрсэн хүн өдөрт таван граммаас ихгүй давс хэрэглэх ёстой. Гэвч германчуудын эл хэрэглээ хэт их буюу дунджаар 10 гр байдгийг Роберт Кохын институтийн эрдэмтэд мэдээлжээ.
Бэлтгэсэн: Э.Хана