Өнөөдөр /2020.05.14/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ОХУ-аас ирсэн оюутнуудын эхний ээлжийн шинжилгээнд халдварын 18 тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.
Тэгвэл 16.50 минутад ЭМЯ-наас дахин шуурхай мэдээлэл хийлээ.
“Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа. Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн гээд оюутнуудын бүх шинжилгээг хийхэд нийт 55 халдвартай тохиолдол илэрлээ.
Ингээд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.
Эдгээр батлагдсан тохиолдлоос 15 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө ХӨСҮТ-д 83 хүн хяналт, тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэв.