МАН-аас хөөгдсөн Н.Номтойбаяр Ц.Нямдорж (Хууль зүй, дотоод хэргийн сайд)-той нэг тойрогт өрсөлдөн, нэгийгээ үзнэ гэж мэдэгдэхэд нэг их гайхсангүй. Намын даргаа “топор” хэмээн цоллож, нударга зөрүүлэхээс буцдаггүй түүний нас намба, улс төрийн замнал, туршлагатай нь холбоотой биз. Тэрбээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр 801 хүний гарын үсэг цуглуулж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2016 оны сонгуулиар тус тойргоос сонгогдсон юм.
Харин өчигдөр Э.Бат-Үүл (нийслэлийн Засаг дарга асан) АН-ын байранд мэдээлэл хийж, МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, өөртэй нь өрсөлдөхийг “шаардав”. Өмнө нь тэрбээр З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж өрсөлдөхөө мэдэгдсэн удаатай. Энэ тухайд тэрбээр “Намайг З.Энхболдтой өрсөлдөнө гэж хэлснээс хойш МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын дайралтууд замаа алдлаа. Тэсэж сууж чадахгүйд хүргэлээ. Шүүх хурлын өмнө намайг гэмт хэрэгтэн болгож, тархи угааж болохгүй ээ. Шүүх хурал хараат бус, нөлөөллөөс ангид явагдах ёстой. Намайг нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор ажиллаж байна. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг бүгд харлаа. Тэр нэр дэвших гэж байсан юм. Шоронгоор айлгахгүй шүү” гээд шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн “Хаанаас нэр дэвшихээ одоо хэлж болохгүй. Хэд хэдэн тойргоос зэрэг гарын үсэг цуглуулна” гэв.
Э.Бат-Үүл бол ардчиллын “алтан хараацай”, АН-ын анхны дарга, энх цагт Баатар болсон цорын ганц эрхэм. Харин түүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэх гэж байна. Э.Бат-Үүлийн Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ “Улаанбаатар хотын банк” болон Турк улсын “216 япи үрэти худалдаа” компаниас ихээхэн хэмжээний зээл авсан байдаг. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүүгийнхээ өр, зээлийг төлөхөөр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай хуйвалдан орон сууц барих зориулалттай ТОСК-ын хөрөнгөөс есөн тэрбум төгрөг гаргуулан, “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэж хууль сахиулагчид үзэж буй. Байн байн тойргоо “солих” нь Баатар барьц алдаж буйг илчлэх агаад авчирсан ардчиллынх нь энгэрт шударга шүүх “бойжоогүй” байх вий гэсэн айдас илт аж.
Нөгөө талаас бараг 30 жилийн өмнө намынхаа үзэл суртал, итгэл үнэмшлийг түүчээлэн байгуулж, өнөөдрийг хүргэчихээд багтах зайгүй болж шахагдахыг харахад дан ганц уй гуниг төрсөнгүй. “Ардчиллын хөгшчүүл” гэж ад үзэгдчихээд, бардам зангаа гээлгүй бие даан нэр дэвшихээ зарлаж, бусдыг “ирүүл”-д дуудан, “өтөлснийх” нь байж болно. Гэвч АН-д, бусад намд ч мөнгө бүхнийг залуурдаж байгаа нь тэдний “бүтээл”, бас хариуцлага.
Мөн бие даан нэр дэвшиж байгаагийн хувьд бусдын, тодорхой хэлбэл, намын даргын амыг харалгүй, хаана өрсөлдөхөө хэдэн ч удаа зарлаж, өөрчилж болох ч Монголын ард түмний элч, төлөөлөгчийн суудлыг өс авах хэрэгсэл төдий ойлгогдохоор хэлж, яримгүй байна. Хууль тогтоох байгууллагад хэдэнтээ сонгогдсон, туршлагатай улстөрч Р.Гончигдорж “Энэ хүний дэвшсэн тойрогт би нэр дэвшинэ” гэдэг, хэн нэгнийг УИХ-д сонгож болохгүй хэмээх бодол санаа юунаас бий болов гэдгийг харах ёстой. Өс хонзон болгож “унагах” гээд байна уу. Эсвэл ийм хүн УИХ-д сонгогдох нь Монгол төрд хохиролтой гэж үзээд байна уу. Ямар ч үед төрийн эрх мэдлийг өс хонзонгийн сэдлээр битгий ашиглаасай гэж боддог” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь оносон мэт санагдана.