УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох 15 нам, дөрвөн эвслийн нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдрөөс эхэллээ. Ирэх бямба гараг буюу 16-ныг дуустал нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах юм. Тухайлбал, МАН нэр дэвшигчдийг тодруулах бага хурлын хуралдаанаа 16-нд товложээ. Гэхдээ нам, эвслүүд тус бүрийн тодруулсан эрхмүүд бүгд шууд нэр дэвшинэ гэвэл өрөөсгөл. Учир нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 27-ны дотор тэднийг бүртгэж, сонгуульд оролцуулах, эсэхийг шийдэх юм. Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд нам, эвсэл нь тухайн нэр дэвшигчийн холбогдох бичиг баримтын зөрчлийг арилгаж, дахин дэвшүүлэх, эсвэл оронд нь өөр хүн тодруулах боломжтой. Улмаар ирэх сарын 2-нд бүх нэр дэвшигчид үнэмлэхийг нь олгож, нийтэд мэдээлэх бөгөөд хөрөнгө, орлогын мэдүүлэг нь ч ил болох юм. Энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа, кампанит ажил албан ёсоор эхэлнэ гэсэн үг. Үүнтэй хамт нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр ил болох учиртай.
Бие даагчдын хувьд ч нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдрөөс эхэлж буй бөгөөд тойргийнхоо 801-ээс доошгүй сонгогчдоор гарын үсэг зуруулсан байх ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг, эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичихийг шаарддаг. Энэ нь нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх, эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэхэд шаардлагатай бичиг баримтын нэг болох бөгөөд тэд цуглуулсан гарын үсэг үнэн зөв, эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан, нягтлан шалгах эрхтэй.