ЦЕГ-ын дарга С.Баатаржав, УБЕГ-ын дарга Б.Баасандорж нар “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, СЕХ-ны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн баасан гарагт тангараг өргөлөө. Тэднийг УИХ чуулганы өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар СЕХ-ны гишүүнээр томилсон юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүний үнэмлэхийг нь гардуулаад, өргөсөн тангарагтаа үнэнч байж хууль, тогтоомжийг ягштал мөрдөнө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр “Сонгуулийн төв байгууллагын гишүүд нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх үүрэгтэй билээ. Тиймээс үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хуулиа дээдлэн, ил тод, шударга байх зарчим баримтална гэдэгт итгэж байна” гэв.
Бэлтгэсэн: Г.Цэгц