Цэц уржигдар дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн дүгнэснээр энэ удаагийн сонгууль хойшлох, эсэх эргэлзээг үндсэндээ үгүй хийлээ.
Коронавирусийн халдварыг дотооддоо алдчихгүй, онцгой нөхцөл үүссэн гэж парламент онц байдал зарлахгүй л бол УИХ-ын сонгууль хойшлохгүй, ирэх сарын 24- нд санал хураалт нь болдгоороо болно. Харин Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт “зориулсан” гэгддэг, түүнийг нэр дэвшихэд тээг болж буй эл заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн бол хэрэг бишдэх байв. Энэ удаагийн сонгуульд оролцох 15 нам, дөрвөн эвсэл ирэх долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд Цэцийн дүгнэлтийг УИХ, улмаар их суудлын хуралдаанаар хэлэлцэхдээ тулбал эл ажил нэлээд сунжрах байсан юм.
ХУУЛИАР ХЯСАХГҮЙ
Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор Цэцэд үүсгэсэн маргаан үүгээр дуусчихаагүй. Тодруулбал, энэ удаагийн сонгуулийг товлон зарласан нэгдүгээр сарын 30, эсвэл нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх сүүлчийн хугацаа болох дөрөвдүгээр сарын 25-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлснийг нь сонгуульд оролцуулах уу гэдэг маргаан хараахан эцэслээгүй байна. Үндсэн хуулийн цэцийн зүгээс өөр хоорондоо зөрчилтэй хоёр хугацаа заасан байна гэж үзэн, аль нэгэн дээр нь тогтож, тодорхой болгохыг УИХ-д үүрэгдээд, тэдгээрийг түдгэлзүүлчихсэн. Хэрэв нэгдүгээр сарын 30-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй гэж үзвэл Ардчилал, шинэчлэлийн нам “мултарна”. Ер нь дээр дурдсан хоёр хугацааны алийг нь баримтлахаас шалтгаалан нэг л намын сонгуульд оролцох, эсэх нь шийдэгдэх гээд байгаа юм. Тэр нь Ардчилал, шинэчлэлийн нам. Гэтэл Цэцийн эл дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй, аль хугацааг нь баримтлахыг тодорхой болгоогүй. Тиймээс энэ асуудлыг их суудлын хуралдаанаараа хэлэлцэн эцэслэнэ. Цэц дунд суудлын хуралдааны шийдвэрээ их суудлынхаараа баталгаажуулах нь олонтоо. Сонирхолтой нь, Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн сонгуульд оролцуулахаар 15 нам, дөрвөн эвслийг бүртгэж, батламж гардуулаад буй бөгөөд тэдгээрийн дотор өнөөх “асуултын тэмдэг”-тэй Ардчилал, шинэчлэлийн нам цохиж явна. Тэгэхээр Цэцийн эцсийн шийдвэрээс шалтгаалан сонгуулийн санал хураалтын хугацаа өөрчлөгдөхгүй. Гагцхүү Ардчилал, шинэчлэлийн намыг сонгуульд оролцуулах нь хууль зөрчсөн, эсэх маргаан дэгдээж мэдэхээр буй юм.
... Эрх барьж, засаглаж байгаа нь л аль ч сонгуулиар давуу “байрлал”-д тоглодог. Гарааны тэгш нөхцөл гэж яриад ч хэрэггүй. 2016 оны сонгуулийн үеэр АН эрх барьж байхдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газраар дамжуулан “сайн” нэртэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө хэдийг ч “хэвлэх”-ээс буцаагүй. “Сайн хувьцаа”, “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин” гэж нэрлэсэн тэдгээр хөтөлбөр сайн үр дүн авчирсан уу гэвэл үгүй...
ТӨРИЙН ТЭРГҮҮН Ч “ТАЙВШРАВ”
Ер нь бол Ерөнхийлөгч Х.Баттулгын чин хүсэл нь энэ удаагийн сонгуулийг хойшлуулах явдал. Өнгөрсөн сарын эхэнд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхэд ч, үүнээс өмнө ч тэрбээр сонгуулийг хойшлуулах саналаа шууд илэрхийлсэн. Бүр Тамгын газрынхаа цахим хуудсаар дамжуулан санал асуулга явуулж, сонгуулийг хойшлуулах, эсэхийг тандсан. Хариулсан хүмүүсийн олонх нь түүнтэй санал нэг буйгаа илэрхийлсэн юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооныхонтой ойрхон гурван ч удаа уулзаж, ярилцав. Ингэхдээ сонгууль явуулахыг шууд жадлан эсэргүүцэхгүй байгаа ч цар тахлын үед сонгууль явуулах нэрээр үр ашиггүй зардал гаргах хэрэг байна уу гэх маягаар байр сууриа илэрхийлсээр буй. Энэ долоо хоногийн эхэнд Сонгуулийн ерөнхий хорооныхонтой хийсэн гурав дахь уулзалтынхаа үеэр Төрийн тэргүүн нэр дэвшигчдийг тодруулах, сурталчилгаа эхлэх, санал өгөх үеэр хүмүүс олноор бөөгнөрөх үед баримтлах дүрэм, журам алга байгааг анхааруулаад, “Цар тахлын үед зохион байгуулах гэж буй УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо байна. Хямралын нөхцөлд үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэй” хэмээн онцолно лээ. Юутай ч коронавирусийн тархалтаар далимдуулан онц байдал тогтоолгож, сонгуулийг хойшлуулаад Ерөнхийлөгчийн хувьд өөрөө төрийн эрхийг авах нь гэж багагүй баалуулсны эцэст Төрийн тэргүүн тогтож, “тайвшрав” бололтой. Энэ нь сонгуулийг хойшлуулахгүй гэж хэлэх нэгэн үндэслэл юм.
АРДЫН НАМЫНХНЫ ХҮСЭЛ
Тэгвэл сонгуулийг хурдхан шиг болоосой гэж залбирч буй хүмүүс нь эрх баригчид. Өнөөгийн эрх баригчдын оронд өөр хүчин, эвсэл байсан ч ингэж л хүснэ. Учир нь эрх барьж, засаглаж байгаа нь л аль ч сонгуулиар давуу “байрлал”-д тоглодог. Гарааны тэгш нөхцөл гэж яриад ч хэрэггүй. 2016 оны сонгуулийн үеэр АН эрх барьж байхдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газраар дамжуулан “сайн” нэртэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө хэдийг ч “хэвлэх”-ээс буцаагүй. “Сайн хувьцаа”, “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин” гэж нэрлэсэн тэдгээр хөтөлбөр сайн үр дүн авчирсан уу гэвэл үгүй. Харин одоо цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, ил, далд кампанит ажил өрнүүлэх боломжгүй шахам болчихсон энэ үед Ардын намынхан, Засгийн газар л “сонгуулийн сурталчилгаа”-гаа хийж буй нь нууц биш.
Коронавирусийн цар тахал чухам манай эрх баригчдын хувьд эз, азын аль нь байхыг одоо хэлж мэдэхгүй нь. Цар тахлаас улбаатай хямралын үед эдийн засгаа хамгаалах, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах, эмзэг бүлгийн иргэдээ тусгайлан харж үзэх зорилготой хоёр ч удаагийн багц арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжүүлэхээ эрх баригч МАН-ын дарга, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх мэдэгдээд байна. Дэлхий даяар эдийн засаг навс унаж буй энэ үед зургаан их наяд төгрөг зарцуулан байж хэрэгжүүлэх эдгээр арга хэмжээг “хөзөр” болгож сонгуульд оролцоод тэд ялбал өнөөдрийнхөөс хэд дахин илүү хүнд ачаа тэдний нуруун дээр ирнэ. “Хүүхдийн 100”, “ямааны 20” хэмээн хочлуулж буй арга хэмжээнүүд нь зөв байсан, эсэхийг тэд биеэрээ мэдэрнэ. Тиймээс тэд хамаг бүхнээ дэнчин тавин байж хийх гэж байгаа энэ олон арга хэмжээг нь хүмүүс мартаагүй, “Засаг, төрийн минь буян” хэмээн залбирч буй үед нь сонгуулийг хойшлуулахгүй байх бүхий л аргаа хэрэглэх нь зүйн хэрэг.
Тавдугаар сарыг дуустал хөл хориог сунгасан ч сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэсэн. Энэ нь тахал цаашилж, манай эмч, мэргэжилтнүүд өвчний голомтод сайн ажиллаж, гадагш алдаагүйн үр дүн. Тиймээс ч засаг барьж байгаа хүчний хувьд сонгуулийн оноог нь нэмэх үзүүлэлт болно. Нөгөө талаас сонгуулийг хойшлуулахгүй гэх атлаа хөл хориог сар сараар сунгаж, амны хаалтаа авахыг нь ч хориглож байгаа нь ард иргэдийг айдаст автуулах тактик гэж эрх баригчдыг шүүмжлэх нэгэн ч бий. Юутай ч энэ удаагийн хөл хорионы хугацаа дуусмагц ирэх сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Сонгуулийг хойшлуулахгүй. Энэ бол эрх баригчдын хүсэл, бас сорилт.