Манай улс одоогоор халдварыг дотооддоо алдаагүй ч хэрэв тархвал төр, алба хаагч, иргэн бүр өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар арга хэмжээ авахыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр туршлаа. Тодруулбал, Онцгой байдлын, Цагдаагийн, Хил хамгаалах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭМЯ, Гамшгаас хамгаалах улсын албад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрынхан хамтран коронавирусийн халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтынхаа хоёр дахь өдрийн бэлтгэл хангасан юм. Алба хаагчид болон иргэд дадлага сургуулилалтад хэрхэн оролцсоныг сурвалжиллаа. “Ковид-19”-ийг дотооддоо алдвал доорх зарчмыг баримтлан, хүн бүр хариуцлагатай байх нь.
08.00 цаг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 8900 орчим га газарт хөл хорио тогтоолоо. Ингэснээр нэг ч иргэн зорчих боломжгүй болж, 50 метр тутамд цагдаагийн алба хаагч зогсон, тус нутаг дэвсгэрийг “бүслэв”. Дадлага сургуулилалтын талаар сонсоогүй, эсвэл мартчихсан иргэд нэвтрэхээр оролдож, зарим нь ажлаасаа хоцорлоо гэсээр бүслэлтийн гадуур явж байв. “Хил” доторх үйлчилгээний газрууд хаалттай, нэг ч иргэн үзэгдэхгүй, зогсоол дээр автомашинууд л харагдана лээ. Чанга яригчаар коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж, халдваргүйтгэлийн бодисыг зам, талбайд шүршиж байлаа. Чингэлтэй дүүргийн Онцгой комисс хэмээх хаягнаас хөл хориог цуцалсан тухай зурвасыг иргэдэд үүрээр ирүүлсэн бол алдаатай мэдээллээ залруулж, 18.00 цаг хүртэл сургуулилалтыг үргэлжлүүлэхээ анхааруулсан юм.
10.00-12.00 цаг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл үүсэв. Тухайлбал, түр чиглэлийг нь өөрчилсөн автобуснуудын ихэнх нь, мөн иргэд Энх тайвны өргөн чөлөөгөөр зорчсоноос ийн түгжирчээ. Хан-Уул дүүрэг дэх “Яармаг-100” буюу халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээн авч, эмчлэх чадалтай эмнэлэгт 270 орчим эмч, эмнэлгийн ажилтан дадлага хийв. Тус эмнэлэгт нэг ээлжид 54 хүн ажиллуулахаар төлөвлөж, өвчтөнүүдийг эрэмбэлэн тусламж үзүүлэх аж. Улаан бүсэд хэвтэн эмчлүүлэх, оношлох, шарил хадгалах, хүлээн авах нэгж байгуулж, ногоонд нь дэд штаб ажиллаж, шар өнгөтэйд нь ажилтнуудыг хэрхэн халдваргүйжүүлэхийг үзүүлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, цар тахлын үеийн дадлага сургуулилалтад амжилт хүсэхийн сацуу халдвараас улс орноо хамгаалах хамгийн эхний алхам бол урьдчилан сэргийлэх явдал гэдгийг онцолсон юм.
14.00 цаг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт халдвар тархсан гэж тооцож алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Шалган нэвтрүүлэх хоёр штабыг СУИС-ийн урд, Тасганы овооны зам хянах есөн цэгийг нийт нутаг дэвсгэрт тархаан байгуулжээ. Шалган нэвтрүүлэх штабын үүдэнд ямар автомашин, хэдэн хүнтэй зорчиж буйг бүртгэгч нь тодруулж, зорчигчдын биеийн халууныг хэмжин машинаас нь буулгаж байв. Тэднийг хооронд нь хоёр метр зайтай явуулан, уураар ариутгагч асраар нэвтрүүлэх ёстой гэнэ. Хөл хорионд орсон иргэд хэрхэн хүнс, усаа авч, хогоо ачуулж, эмнэлгээр үйлчлүүлэн, шаардлагатай бол хүмүүнлэгийн тусламж хүргүүлэхийг тайлбарлая.
ХЯНАЛТЫН ЦЭГЭЭР НЭВТЭРЧ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийг зорив. Тус эмнэлгийн үүдэнд халдварын хяналтын цэг байгуулсан бөгөөд үйлчлүүлэх иргэд энэ цэгийн үүдэнд хоёр метр зайтай дараалал үүсгэн зогсох юм. Тус цэгт сувилагч, халдвар судлаач, бүртгэгч ажиллаж, иргэдээс асуумж авна. Хэрвээ “Ковид-19”-ийн халдвар авсан бол тус хэсгийг хариуцаж буй Эрүүл мэндийн штабын даргад утсаар мэдэгдэх аж. Ингээд ХӨСҮТ-д дуудлага өгснөөр тээврийн хэрэгсэл ирж, тухайн иргэнийг авч явах нь. Үүний дараа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн баг ирж, ариутгах юм байна. Халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж, тэднийг өөр тээврийн хэрэгслээр тусгаарлах байр луу ачуулах ёстой. Тус эмнэлгийн орчимд халдваргүйтгэлийн таван автомашин “ажиллаж” байв.
ХҮНСИЙГ ХЭМЖЭЭТЭЙ ОЛГОХ НЬ
Үйлчилгээний газруудыг хаасан учир хүнсийг зохион байгуулалттай олгох нь. Тодруулбал, дүүрэг, хорооны хүн амын судалгаа, нягтаршилд нь үндэслэн, цөөн тооны томоохон хүнсний дэлгүүр ажиллуулж, хүнс, барааны тогтмол нөөцтэй байлгах аж. Гамшиг тохиолдсон үед иргэдийг ямар төрлийн хүнсээр дутагдуулахгүй байх норм, стандартын дагуу гурил будаа, элчин чихэр, мах, сүү зэрэг есөн төрлийн болон ахуйн барааг дэлгүүрт түлхүү хүргэх аж. Хороодын ажлын албаныхан иргэдийнхээ аль дэлгүүрээр үйлчлүүлэхийг урьдчилан хэлэхийг сургуулилалтын сонсогч Д.Булган хэллээ. Чингэлтэй дүүргийн XV хороон дахь “Баян төгрөг” хүнсний дэлгүүр хөл хорионы үед хэр зохион байгуулалттай ажиллаж байгааг танилцуулав. Иргэд хоёр метрийн зайтай дэлгүүрт дугаарлаж, нэг иргэнд дөрвөн ам бүлийн хэрэгцээгээр тооцож хүнс худалдах юм байна. Манай улсын гэр бүлүүдийн дийлэнх нь дөрвөн гишүүнтэй. Дэлгүүр, эмнэлэг зэрэг хүн ам цугларах объектуудад хяналтын камер байрлуулжээ. Үүгээр хөл хорионы дэглэм зөрчсөн, эсэхийг Шуурхай штаб хянадаг гэнэ. Дэлгүүрийн ажиглагч, алба хаагчид бүгд нэг мэдээллийн холбоотой болж, түүгээр дуудлага, үйл явцаа танилцуулж байлаа. Дэлгүүрт “Зай барь” гэсэн анхааруулгыг хоёр метр тутамд байрлуулж, иргэд түүний дагуу үйлчлүүлээд гарах аж.
ХУДГИЙН УСЫГ ШИНЖИЛДЭГ
Гэр хорооллын иргэд худгаас ус авахдаа мөн хоёр метрийн зай барьж, дугаарлаж харагдлаа. Ус тээвэрлэх машин худагт ирэхийн сацуу мэргэжлийн хяналтын байцаагчид ирж ариутган, уснаас нь дээж авч, зөөврийн лабораторид шинжлэх гэнэ. Шинжилгээний хариу тэр дороо гарах бөгөөд халдваргүй, элдэв бохирдолгүй бол иргэдэд ус өгөх нь. Гэр хорооллын гудамж, зам бүрт эргүүлийн ажилтан, олон нийтийн цагдаа зогсож байв. Тэд иргэдийн хөл хорионы дэглэм зөрчиж буй, эсэхийг хянаж, шаардлага тавих юм. Мөн цагаан хоолойгоор зөвлөмж өгдөг машин айлуудын дундуур явж байлаа. Ус авахаар ирсэн иргэд, тэр орчмын талбайг байнга ариутгах аж.
Гэр хорооллын иргэд хашааныхаа үүдэнд ууттай хогоо байрлуулсан байх ёстой. Ингэснээр хог ачилтын машин дундуур нь явж, хамгаалалтын хувцастай ажилчид хогийг ачих юм байна. Иргэд гэрээсээ гарах шаардлагагүй аж. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Манайх 15 хороотой. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, мөн 150 мянга орчим иргэн хөл хорионд орлоо. Иргэд хариуцлагатай байж, дэглэм сайн мөрдөж байна. Цаашид улсын хэмжээнд хөл хорио хэрхэн зохион байгуулахыг өнөөдрийн эл сургуулилалтаас харж, алдаа оноогоо сайжруулах болов уу” хэмээв.
ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭНД ТУСЛАМЖ ХҮРГҮҮЛНЭ
Хүн амны зорилтот бүлгийн судалгаанд үндэслэн ядуу айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж хэрхэн үзүүлэхийг харуулав. “Улаан загалмай” нийгэмлэгээс эмзэг бүлгийнхэнд 21-30 хоногийн хэрэгцээт хүнс тараалаа. Ихэвчлэн хуурай хүнсний бүтээгдэхүүн байх бөгөөд тусгай битүүмжилсэн хайрцагтай аж. Хүмүүнлэгийн ажилтнууд автомашинаар зорчин, тухайн айлын хашааны үүдэнд хүнсийг үлдээнэ. Тус ажилтан утсаар хүнс ирсэн тухай мэдээлэл өгөөд явах юм. Үүний дараагаар иргэн тусламжийн хүнсийг авах юм байна. Дээрх дүүргийн иргэдэд сургуулилалтын талаарх мэдээллийг олон удаа хүргүүлсэн учир халдварын эсрэг арга хэмжээнд зохион байгуулалттай оролцсоныг Чингэлтэй дүүргийн онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Н.Нямхорлоо хэлэв. Гэр хороолол, орон сууцын орчимд ч хүн огт харагдсангүй.
18.00 цаг. Коронавирусийн халдвар тархсан тохиолдолд хүн бүр хэрхэн хариуцлагатай ажиллахыг туршсан дадлага сургуулилалт дуусаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх хөл хорио тавигдав. Энэ арга хэмжээнд 2100 гаруй алба хаагч, ажилтан оролцлоо.