Францад Соvid-19 халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны 12-р сард гарсан талаар Жан Вердиер эмнэлгийн хурц халдвартын тасгийн эрхлэгч профессор Ив Коэн “BBC” агентлагт ярьжээ. Тэрбээр хэлэхдээ “Бид өнгөрсөн 12-р сараас энэ оны 1-р сарын хооронд уушгины хатгалгаагаар өвдөн эмчлүүлсэн 24 өвчтөнд хийсэн давтан шинжилгээгээр нэг эерэг хариу гарсан. Тэр өвчтөн миний ажилдаг эмнэлэгт өнгөрсөн оны 12-р сарын 27-нд хуурай ханиалгах, өндөр халуунтай, амьсгал давчидсан шинж тэмдэгтэй хүргэгдэж ирсэн” гэжээ. Тус өвчтөн эмнэлэгт хэвтэхээсээ өмнө хилийн чандад зорчоогүй, мөн гадаадаас ирсэн хүмүүстэй уулзаагүй байна. Энэ үйл явдал ДЭМБ-ын Хятад дахь салбар Уханьд үл мэдэгдэх төрлийн уушгины хатгалгаа өвчин гарсан талаар мэдэгдэхээс дөрөв хоногийн өмнө болжээ. Коэн эмчийн хэлж байгаагаар энэ өвчтөн хэзээ, хэрхэн COVID-19-ээр халдвар авсан болохыг тодорхойлох боломжгүй байгаа тул түүнийг Францад гарсан коронавирусийн анхны тохиолдол гэж хэлж болохгүй аж. Тиймээс тус улсад 12-р сараас 1-р сарын хооронд уушгины хатгалгаа туссан өвчтөнүүдэд коронавирус байгаа эсэхийг дахин шалгахыг Коэн эмч бусад вирус судлаачдад хандан уриалсан байна. Эл уриалгыг ДЭМБ ч гэсэн бусад улс орнуудад хандан гаргажээ.