Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабынхан Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөж буйгаа өчигдрийн ээлжит мэдээллийнхээ эхэнд дуулгав. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Сүүлд нисгэсэн тусгай үүргийн гурван онгоцоор 800 гаруй иргэн 28 улсаас Сөүлээр дамжин, эх орондоо ирсэн. Дамжин ирсэн зорчигчтой хоёр нислэгийг үйлдэхэд нэлээд хүндрэл гарсан. Гэсэн ч эдгээр улсад буй ЭСЯ-д, Консулын газрууд үүргээ сайн биелүүлснийг энд тодотгоё. Одоогоор гадаадаас 10 076 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байна. Манай улс тусгай үүргийн онгоцоор гадаадын 24 орны 132 иргэнийг эх оронд нь буцаасан” гэлээ.
УОК-ынхон эхний ээлжид дээр дурдсанчлан Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэх бөгөөд үүний дараа БНСУ руу онгоц нисгэх, эсэхийг хэлэлцэх аж. Учир нь тус улсад манай 47 000 иргэн сурч, ажиллаж, амьдардаг бөгөөд тэднээс нутаг буцах хүсэлт тасралтгүй ирсээр буй гэнэ. Мөн ОХУ-аас 2000 орчим иргэнээ авчрах ажлыг үе шаттай зохион байгуулна гэдгийг ч албаныхан хэлсэн.
Бэлтгэсэн: О.Оргилох
Коронавирусийн халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгааны зорилгоор ашиглах, 250 мянган ам.долларын үнэ бүхий түргэвчилсэн оношлуурыг БНСУ-аас ЭМЯ-нд хандивлалаа. Эхний ээлжид 30 мянган ширхгийг нийлүүлснийг тус улсаас Монголд суугаа Элчин сайд Ли Ё Хун хүлээлгэн өгөв.
ЗӨВЛӨГӨӨ
Гоо сайхны газрууд тос, вакс, түрхлэг зэргийг нэг удаагийн хэрэглээгээр савлаарай
УОК-оос аж ахуйн нэгж, байгууллагуудын хорио цээрийн дэглэмийг үе шаттай цуцалж буйтай холбоотойгоор ЭМЯ-ныхан тухайн ажил, мэргэжлийн онцлогт тохирсон халдвараас сэргийлэх зөвлөмж боловсруулж байна. Энэ удаад хүнтэй ойрын зайнаас харилцаж, ажилладаг үсчин, гоо сайханчдад хэрхэн зөвлөснийг хүргэе.
- Ажилчид амны хаалт зүүх
- Сандал, орыг 1-1.5 метрийн зайтай байрлуулах
- Хайч, сэнс, сам зэрэг багаж, хэрэгслийг тухай бүрт нь ариутгах
- Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэлийг наранд хатааж, индүүдэх
- Ариун цэврийн өрөөнд гарын саван, ариутгагч, хуурай цаас тавих
- Агаарыг тогтмол сэлгэх
- Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
- Нэг литр усанд 0.25 мл белизна хийж, хатуу бүх гадаргууг халдваргүйжүүлэх
- Утас болон цахимаар цаг өгөх,
- Үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжих, картаар тооцоо хийх
- Тос, вакс, түрхлэгийг нэг удаагийн хэрэглээгээр жижиглэн савлах.
- Хог хаягдлын уутны амыг сайтар боож хаях
Бэлтгэсэн: О.Ундрах
ЭШЛЭЛ
Я.БУЯНЖАРГАЛ (ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА)
-Улсын хэмжээнд энэ сарын 6-8-нд зохион байгуулах гамшгаас хамгаалах дадлага, сургуулилалтад эрүүл мэндийн бүх байгууллага оролцоно. “Хүн амын дунд халдвар тархлаа” гэж тооцон, Яармагийн дэнж дэх 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв болон Жаргалантын аманд бэлдсэн хээрийн эмнэлэгт бэлтгэл, сургуулилалт хийх юм.
Г.СУГАРБАТ (МХЕГ-ЫН ДЭД ДАРГА)
-Сургалтын төвүүдийг нээхээс өмнө халдвараас сэргийлэх зөвлөмж, албан бичиг хүргүүлж байна. Учир нь бүх шатны сургалтын үйл ажиллагаа удаан хугацаанд зогссон тул анги, танхимыг ариутгаж, халдваргүйжүүлэхээс эхлээд хугацаа орно. Нэг ангид 10 хүн, 1.5 метрийн зайтай суралцах нөхцөл бүрдүүлсэн сургалтын төвийн үйл ажиллагааг нээнэ.
А.АМБАСЭЛМАА (ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА)
-Манай улс цаашид ч халдварыг дотооддоо тархаахгүй барьж чадна. Гэхдээ үүнд олон түмний идэвх зүтгэл, хүчин чармайлт маш чухал. Тиймээс иргэн бүр сэрэмж алдалгүй, мэргэжлийнхний заавар, зөвлөгөөг үргэлжлүүлэн дагаарай.
ТООН МЭДЭЭ
Ремдезивирийг Сингапурт туршиж эхэллээ
Сингапурын эмч нар эболагийн эмчилгээнд ашиглахаар бүтээсэн ремдезивир эмийг шинэ төрлийн коронавирусийн эмчилгээнд хэрэглэх клиник туршилтад нэгджээ. Одоогоор шинэ вирусийн эсрэг эмчилгээний шалгарсан арга байхгүй бөгөөд хүнд өвчтөнийг уушгины хиймэл амьсгалын аппаратад оруулж, эрчимтэй эмчилгээ хийж буй аж. Эл эмийг АНУ-ын “Gilead sciences” компани бүтээсэн билээ.
БНХАУ-ын эрх баригчид цар тахалтай тэмцэхэд зориулж, ДЭМБ-д 30 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Урьд нь Бээжин цар тахалтай тэмцэх талаар хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зориулж, хоёр тэрбум юанийн тусгай сан байгуулж, 150 гаруй улс, олон улсын байгууллагад тусалсан юм. Мөн тус улс эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нэг тэрбум юань зориулжээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хятадаас эмнэлгийн 240 сая гаруй амны хаалт, 120 сая хамгаалалтын хувцас, уушгины хиймэл амьсгалын 44 мянган аппарат экспортолсон байна. Дэлхийн банк цар тахалтай тэмцэхэд зориулж олон улсад 160 тэрбум ам.доллар хуваарилахаа мэдэгдэв. Үүнийг оношлуур, хиймэл амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, эрүүл мэндийн системийн нөөц бололцоог бэхжүүлэх, тэр дундаа эмнэлгийн ажилтан бэлтгэх, эмзэг бүлгийнхэнд нийгмийн дэмжлэг үзүүлэхэд зориулах гэнэ. Үүнээс өмнө тус банк цар тахлын үр дагаврыг зөөлрүүлэхэд туслахаар Европ, Төв Азийн орнуудад 1.4 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.
Коронавирустэй тэмцэж буй АНУ, Европын орнуудын эмнэлгийн ажилтнуудад 140 мянган ширхэг хувцас, гутал, шаардлагатай тоног төхөөрөмж хандивлахаа “Nike” компани мэдэгджээ. Эмнэлгийн ажилтнуудад зориулж анх удаа тусгайлан бүтээсэн 32500 хос гутал өгөх хандивын ажил зохион байгуулахын тулд тус компани буяны компаниудтай хамтарсан байна.
БНСУ-ын дунд сургуулиудын үйл ажиллагааг ирэх долоо хоногоос шат дараатай эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Эхлээд ахлах ангийнхан энэ сарын 13-наас хичээлээ эхлэх бол бусад нь дараагийн долоо хоногуудаас сургуульдаа явах гэнэ.
Бэлтгэсэн:З.Гал