УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050”-ийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Үүнтэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тогтоолын төслийн хавсралт дахь “Боловсролын зорилт” гэсэн хэсэгт “Сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлнэ. Бүх сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байна” гэж нэмэх санал гаргав. Тэрбээр “Энэ саналыг тусгавал нийтийн эрүүл мэндийг хамгаалж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэн, хүүхдүүд эрүүл, зөв хооллодог болж, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад нэмэртэй. Тиймээс Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлох “Алсын хараа-2050” баримт бичигт энэ заалтыг тусгайлан оруулах саналтай байна” гэлээ. Түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Харин Төсвийн байнгын хороогоор Б.Пүрэвдорж гишүүний өргөн мэдүүлсэн, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуурамч шатахуун хийхэд ашигладаг бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар төлж, тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй аж. Үүнээс болж иргэд хохирч байгааг Б.Пүрэвдорж гишүүн онцлоод, “Керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бодисыг хилээр оруулж ирэхэд 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар төсөлд тусгасан. Үүнийг баталбал татварын бааз суурь тэлж, улсын төсөв нэмэгдээд зогсохгүй иргэд хохирохгүй байхад тустай” гэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Н.Амарзаяа гишүүн “Хуурамч шатахууны талаар судлах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оноос хойш ажиллаж байгаа. Гаалийн ерөнхий газрынхан хэд хэдэн судалгаа хийсэн. Дээрх бодисуудад онцгой албан татвар ногдуулж, стандартад нийцүүлэх нь чухал” гэдгийг онцолсон.
Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг шийдэх чиглэлээр ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа учраас Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж гишүүдийн олонх үзлээ. Энэ талаарх саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.