Одоогоос 10 гаруй жилийн өмнө бага сургуульд сурч байхад “Хүн ба нийгэм” хичээлээр харилцааны соёлын тухай заасан нь одоо ч мартагдаагүй. Тухайн хүнд амины, хувийн, нийгмийн, нийтийн бүс гэж бий бөгөөд харилцаандаа баримтлах тодорхой хязгаар байх ёстой хэмээсэн багшийн яриаг сонссон тэр өдрөө ангийнхантайгаа зайнаас харилцах юм болж, маргааш нь мартчихсан хүзүү, толгойгоо нийлүүлэх шахам явж байж билээ.
Их сургуульд ерөнхий суурь болох соёл судлалын хичээлээр мөн л харилцааны хэм хэмжээ, бусдын хувийн орон зайг хүндэтгэх талаар судалж, ярилцаж байв. Ингээд харахад найз нөхөд, танихгүй хүн, ажил хэргийн түнш, нийгэмтэй гээд тухайн иргэн бусадтай хэрхэн зөв харилцах тухай агуулгыг манай боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, багш нар заасаар иржээ. Гэвч өнөөдөр эл соёл, харилцааны хэм хэмжээ нийгэмд яагаад тогтож, хэвшихгүй байна вэ. Бүр эцэстээ хувийн, нийгмийн, нийтийн харилцаанд гаргаж буй сөрөг үйлдлийг байдаг л зүйл гэж ойлгох болов.
Америкийн эрдэмтэн Эдвард Холл хүний хувийн орон зайн талаар анх 1960 онд судалж, проксемик буюу ойр байдал, ойр байх хэмээх утгатай үгээр энэ ойлголтыг нэрлэжээ. Судалгаагаар дотно, хувийн, нийгмийн, олон нийтийн гэсэн дөрвөн төрлийн харилцааны орон зай байдгийг тайлбарласан аж. Дотно гэдэг нь 0.5 метр зайтай бөгөөд гэр бүлийхнээс гадна, эмч, оёдолчин, сувилагч л мэргэжлийн ажлынхаа явцад энэ бүсэд нэвтэрч болдог. Хувийх гэдэг нь 0.5-1.2 м зайтай, сайн танил, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцах боломжтой бүс юм. Харин нийгмийн орон зайд буюу тухайн хүнтэй 1.2-3.6 м-ийн холоос хамт ажиллагсад, бизнесийн хамтрагчид харилцаж, арилжаа, наймаагаа үргэлжлүүлэх ёстой. Үүнээс цааших орон зай буюу олон нийтийн бүсэд илтгэл танилцуулж, урлагийн үзүүлбэр үзүүлж, хэвлэлийн бага хурал хийхээс гадна үгэн бүс харилцаа өрнөж, өдөрт хэчнээн ч хүн энэ “хилээр” нэвтэрч байдаг аж.
- Олон нийтийн бүс 3.6 м-ээс дээш
- Нийгмийн бүс 1.2-3.6 м
- Хувийн бүс 50 см-1.2 м
- Амины бүс 50 см-аас бага
Харилцаандаа баримтлах ёстой, нөгөөтээгүүр, тухайн хүний соёлтой, үгүйг илтгэх дээрх хэм хэмжээг монголчууд баримтлах боломжтой юу. Багшаараа заалгаж, ийм ойлголт байдгийг мэдэж авснаас бус, ангиас гараад мартчихдаг. Манай нийгэм тэр ойлголтыг мартуулчихдаг юм байна. Учир нь өнөөдөр дэлгүүр хоршоо, зах, худалдааны төв, нийтийн тээвэр, банк, сургалтын төв гээд хаа сайгүй хүний хувийн байтугай, амины бүсэд нэвтэрч, бүдүүлэг аашлах үзэгдэл байх ёстой мэт оршсоор л. Харилцаандаа дээрхийг баримтлаарай гэж бичсээр, заасаар буй. Мартагдсан, хэвшүүлж даддаггүй эл соёлыг дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирус бидэнд сануулж өглөө. Халдварын үед иргэдийг хоорондоо 1.5-2 метрийн зайтай зорчиж, ажиллан, сургалтад сууж, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхийг ДЭМБ, эмч, мэргэжилтнүүд зөвлөж буй. Нөгөөтээгүүр, нийгмийн орон зайн хязгаарыг баримтлах ёстой гэж ойлгож болно.
Манайхан бэлэн мөнгөний машинд дараалал үүсгэхдээ урдах хүний хувийн бүсэд нэвтэрч, биед нь хүрч, амьсгал нь сонсогдох шахам үйлчлүүлж харагддаг. Бараг тэр хүний данс, гар утасных нь мэдээллийг сонирхоно. Нийтийн тээврийн унаагаар шахцалдан зорчицгоож, хөл дээрээ гишгүүлж, хувцас, эд хэрэгслээ муухай болгуулдаг. Зах, худалдааны төвүүдэд бие биеэ түлхэж унагаах шахам зөрцгөөдөг. Тоглоомын талбай, биеийн тамирын заал, спорт клубүүд, сургалтын төвүүдэд нэг дор олноороо бөөгнөрдөг. Цахилгаан шатанд ч мөн адил олноор зорчдог. Ядахдаа гудамж, талбайд баруун гарын дүрмээ баримтлаад явчихдаггүй хүмүүс шүү дээ, бид. Үүнээс харвал 1.5-2 метрийн зай баримтлах нь яамай гэхэд бусдын амины, хувийн бүсэд хэнэг ч үгүй халддаг байдлаа больчих юм сан.
Цар тахал дэгдэж, манай улс өндөржүүлсэн бэлэн байдын зэрэгт шилжсэнээс хойш бараг гурван сарын хугацаа өнгөрөх нь. Энэ хугацаанд ихэнх байгууллага, үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоож, заримыг нь цагийн хязгаарлалттайгаар ажиллуулсан. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор заримынх нь үйл ажиллагааг нээж, коронавирусээс сэргийлэх зөвлөмж мөрдүүлэн ажиллуулж эхэлсэн бол, ганц нэгийнхийг нь нээх, эсэх тухай хэлэлцэж байна. Хэдий зөвлөмж хүргүүлж, ажиллуулсан ч харилцааны соёлгүй, орон зайн тухай ойлголтгүй, буруу дадалтай хүмүүс 1.5-2 метрийн зай баримтлах уу гэдэг нь эргэлзээтэй. Монгол Улсад өнөөдөр бүх зүйл зуун задгай байна. Бид нэг талаар азтайдаа, нөгөөтээгүүр, эмч, мэргэжилтнүүдийн хариуцлагатай байдал, ур чадварын ачаар одоогоор халдварыг дотооддоо алдаагүй. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь халдвар авч, иргэдээ эмчлэх хүч хүрэлцэхгүй байгааг Европын орнуудаас харлаа. Манайхны хэнэггүй, бэлтгэлгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй өнөөгийн эл байдалд халдварыг алдвал өвсөнд гал тавихтай адил авалцах эрсдэлтэй. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр хэн ч 1.5-2 метрийн зайтай зорчих зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа.
Гэтэл Германд амны хаалт зүүх журам гаргаж, тэдний өдрөөс бүх нийтээр мөрдөнө, зөрчвөл 5000 еврогоор торгоно гэж мэдэгдсэн. Журам хэрэгжих цагаас л тус улсад бүх нийтээр мөрдөж эхэлсэн. Манайх шиг иргэддээ өдөр бүр цагаан хоолойгоор сануулга өгч, зурвас илгээхгүй, зөвхөн зурагтаар нэг орой мэдээлэл цацаад л амьдралд 100 хувь хэрэгжүүлж байна. Австралид өдөрт нэг гэр бүлийн ганцхан гишүүн байрнаасаа гарч хүнс цуглуулах ёстой бөгөөд зөрчвөл 4000 австрали доллароор торгоно. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хэлэлцүүлэг өрнүүлэхдээ зочдыг 1.5 метрээс хол суулгаж, хэвлэлийн хурал зохион байгуулахдаа ширээгээ уртасгаж, сэтгүүлчид зайнаас яриа авч байхаар шийдвэрлэжээ. Киноны болон онгоцны тасалбарыг нэг суудал алгасаад суулгахаар тооцон олгож байна. Үсчин, гоо сайхны газрууд ч сандлаа хол байрлуулж, үсийг нь зайнаас засахаар багаж, хэрэгслээ тааруулсан дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнээс үзлээ. Дэлхийн нэр хүндтэй брэндүүд ч зайнаас харилцахыг эрхэмлэж, логогоо өөрчлөн, үүнийг баримтлах нь бидний эв нэгдэл, аюулгүй байдал хэмээн зарлав. 2003 онд “SARS”-ын тархалтын үед Канад улс нийгмийн орон зайд баримтлах дээрх хэмжээг мөрдсөн нь үр дүн авчирсныг ДЭМБ дүгнэж байжээ.
Тиймээс яг одооноос Монгол Улсад халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд уг зөвлөмж, хэм хэмжээгээ дагаж мөрдөх, улмаар хэвшил болгон хэрэгжүүлэхийг уриалъя. Цаашид ч олон нийтийн газарт хүний хувийн, амины орон зайд халдахгүй байх соёлыг төлөвшүүлье. Ингэхийн тулд бидэнд дагаж мөрдөх хууль, дүрэм, журам хэрэгтэй. Тэгэж гэмээнэ аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлчилгээний газрууд дүрмийг сайтар мөрдөх ажлыг зохион байгуулан, нөгөө талаас иргэд ухамсартай, соёлтой, хариуцлагатай байж, 1.5-2 метрийн зай баримтлах боломжтой. Гэхдээ амьдралд хэрэгждэггүй, хэрэгжүүлж ч чаддаггүй журмын тоог нэмэгдүүлэхгүй, далайцтай үйлчлэхийг нь батлая, мөрдүүлье.
Манай улсад Коронавируст (Ковид-19) халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлаад найм хонолоо. Тус хуулийн 12.2.1, 13.1.3-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрх бүхий байгууллагын зөвлөмжийг биелүүлэх тухай тусгажээ. Тодруулбал, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дүрэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэхийг тусгаж, зөрчвөл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэх аж. Тэгвэл ЭМЯ-наас өгсөн зөвлөмж болох 1.5-2 метрийн зай баримтлахыг тус хуулийн дагуу сахин биелүүлэх ёстой. Одоогоор шинэ хуулийн хүрээнд үйлчлэх журам гараагүй байна. Хэрэв сайтар мөрдүүлэх журам гаргаж чадвал 1.5-2 метрийн зайг мөрдөх эрх зүйн орчин бүрдэх нь. Нэгэнт хоорондын харилцаандаа баримтлах зайн хязгаарын тухай хууль, эрх зүйн орчин бүрдүүлж байгаа бол энгийн үед ч хэрэгжүүлж болохуйц байхаар тусгах хэрэгтэй. Ядахдаа л олон нийтийн газруудад эл хэм хэмжээг мөрдүүлж хэвшвэл аяндаа нийгмийн харилцаанд тогтох биз. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх кампанит ажлыг ашиглан улсдаа харилцааны орон зайн соёлыг төлөвшүүлье. Боломжийг ашиглая.