2020 оны гуравдугаар сарын 10. Энэ өдөр монголчуудын хувьд мартагдахааргүй, дуулиан шуугиантай үйл явдлууд өрнөсөн юм. Дэлхий нийтийг цочроосон хөнөөлт вирус Монголд орж ирснийг Улсын онцгой комиссоос зарлаж, нийгэм даяар түгшүүрт автав. “Ковид-19”-өөр өвчилсөн анхны хүн нь монгол ч биш, франц иргэн болж таарсан. Түүний явсан газар олон нийтэд ил болж, уулзаж, харилцсан хүний тоо 300 хол давсан нь иргэдийг багагүй сандаргасан билээ.
Тухайн үед зах, худалдааны төвүүдийн ачаалал нэмэгдэж, иргэд гурил, будаа нөөцлөхөөр уртаас урт дараалал үүсгэсэн нь манайд урьд хожид харагдаагүй үзэгдэл байлаа. Тэр орой нь томоохон худалдааны төвүүдийн лангуу хоосрон, эмийн сангуудад амны хаалт, ариутгалын бодис дуусаж, шатахуун түгээгүүрүүд ч олны хөлд дарагдсан юм. Гэхдээ тэрхүү үйл явдал франц иргэнээс монголчууд халдвар аваагүй нь батлагдсаны дараахан ул мөргүй шахам мартагдсан. Уурлаж, унтууцсан олны сэтгэл зүй ч намжиж, “Франц иргэнийг эдгээчих юм сан” гэх халуун сэтгэлээр түүнд хандах болсон билээ. Чадвартай эмч нарын маань ачаар франц иргэн ч эдгэрэн, “Энхсаран”-д сувилуулж байгаад энэ сарын 2-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нутаг буцлаа. Бид түүнтэй хувь хүнийх нь талаас ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө аюулт өвчнийг даван туулж, эдгэрсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Үнэндээ уг вирусийг даван туулж, эдгэрэхэд миний зүгээс гаргасан хүчин чармайлт маш бага. Тиймээс таны баяр хүргэж байгааг хүлээн авах эрхтэй, эсэхээ сайн мэдэхгүй байна. Бүх гавьяа, шагнал нь намайг эмчилж эдгээсэн Ц.Чинбаяр эмч, ХӨСҮТ-ийн баг, хамт олонд очих ёстой. Харин миний хувьд эмчийнхээ заавар, зөвлөгөөг дагаж, тэвчээртэй байсан.
Яг одоо миний бие маш сайн байна. Өнгөрсөн 50 гаруй хоногт биеийн тамираар хичээллэх боломжгүй байсан тул цаашид биед хуримтлагдсан ялимгүй илүүдэл жингээсээ салах, спортоор эргэн хичээллэхийг л тэсэн ядан хүлээж байна даа.
-Өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулна уу. Гэр бүлийнхэн нь таныг өвдсөнийг дуулаад сэтгэлээр нэлээд унасныг эмч нар дуулгасан. Харин эдгэрсэн тухай мэдээ сонсгоход тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Би тийм ч залуу хүн биш. Эхнэр, өсвөр насны хүү, охинтойгоо амьдардаг. Франц, АНУ-д инженер, техникийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. АНУ-ын Колумбын их сургуулийг төгссөний дараа тэнд үлдэж, томоохон, нэр хүнд бүхий лабораторид докторын зэргийн дараах ажил, албан тушаалыг хоёр жил хашсан. Дараа нь Франц руугаа буцаж, одоогийн энэ компанидаа ажиллах болсон юм.
Тийм ээ, таны хэлсэн үнэн. Намайг өвдсөнийг дуулаад тухайн үед гэр бүлийнхэн, ялангуяа эхнэрийн минь санаа их зовж, сэтгэл нь шаналсан. Тэр минь Парис хотын нэгэн нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Эмнэлэгт халдвар тархах магадлал хязгаарлагдмал гэх боловч коронавирусийн голомтод ажилладаг болохоор эрсдэл өндөртэй. Эхнэр эмнэлэгт, харин би Монголд. Тиймээс бид хүүхдүүддээ л хамгийн их санаа зовсон. Нөхцөлд байдал муугаар эргэлээ гэхэд тэдэнд минь ямар нэг таагүй зүйл тохиолдох вий гэж эмээсэн.
Эхнэр минь дээр өгүүлсэнчлэн эмнэлэгт ажилладаг болохоор хэд хоногийн өмнө “Ковид-19”-ийн шинжилгээ өгснөө дуулгаж, хариу нь сөрөг гарсан таатай мэдээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул байгаа гэсэн үг. Монгол Улсын Гадаад харилцааны сайд өөрийн санаачилгаар манай гэр бүлийнхэнтэй утсаар холбогдож, эдгэрснийг минь дуулган, тайвшруулсанд талархсанаа энэ ташрамд илэрхийлье.
-Эх орондоо биш, хүний нутагт халдвартайгаа мэдсэн. Тэр тусмаа коронавирусийн анхны тохиолдол болно гэдэг сэтгэл зүйн хүнд дарамт байх. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйгээ хэрхэн удирдав?
-Би монгол хэл мэдэхгүй. Хамтран ажиллагсад, монгол эмч нарынхаа ачаар сэтгэл зүйн аливаа хүнд дарамтыг мэдрээгүй. Тэд намайг эмчилж байхдаа хувь хүн рүү минь чиглэсэн олон нийтийн уур хилэн, бусад хандлагын талаар огт дурдаагүй. Харин бие сайжирсны дараа буюу саяхан өөрийнхөө талаарх зарим сөрөг сэтгэгдлийн тухай сонссон. Гэхдээ энэ бүхэн Монголын ард түмнийх биш, цөөн тооны хүнээс л үүдэлтэй гэж ойлгосон. Азаар би гэр бүл, найз нөхдийнхөө хайр халамж, монгол эмчид итгэсэн итгэл, түүний ер бусын найрсаг зан чанар, монголчуудын намайг гэх сайхан сэтгэлийн буянаар эмчлүүлэх хугацаандаа өөдрөг байсан шүү.
Одоо таны асуултад хариулъя. Коронавирусээр халдварласан гэдгээ мэдсэн өдрөөс хамтран ажиллагсад, Монголд байхад надтай харилцсан хүмүүст халдвар тараасан болов уу гэж сэтгэл минь маш их зовсон. Нэг тийм сонин мэдрэмж төрдөг юм билээ. Монголын ард түмний дунд халдвар тараах магадлалтай эх үүсвэр болсондоо өөрийгөө маш их буруутгасан, бас их ичсэн. Эцэст нь надаас нэг ч хүн халдвар аваагүй, надтай харилцсан ямар ч хүн өвдөөгүйг дуулаад сэтгэл уужирч, дотор минь онгойсон доо. Гэсэн хэдий ч олон хүн урт хугацаанд, зарим нь гэр бүлийнхээ хамтаар тусгаарлагдах болсон. Энэ нь халдвар олны дунд тарахаас сэргийлсэн үр дүнтэй арга бөгөөд үүнийг үл тоомсорлож, хайхрахгүй орхиж болохгүй юм байна.
-Монголчууд эхэндээ танд дургүйлхэж байсан ч төд удалгүй тайвширсан. Бүр Анх-Отгон гэх нэр хүртэл “өгч”, илгээсэн бэлэг, захидал, мэндчилгээ нь таны цүнхэнд багтахааргүй болсон гэж сонссон.
-Монголын ард иргэдээс өнгөрсөн хугацаанд олон захидал, мэндчилгээ, зураг, дуудлага, зурвас, бэлэг хүлээн авсан. ХӨСҮТ-өөс гарахдаа тэр бүгдээр дүүрсэн цүнхээ арайхийж хаасан шүү. Эмчлүүлж байхад намайг завгүй байлгасан гол зүйлсийн нэг нь надад ирүүлсэн эдгээр зурвас, захидал бөгөөд нэгбүрчлэн хариу илгээхэд таатай байлаа. Тэрхүү хүнд үеүдэд намайг дэмжсэн бүх хүнд маш их баярлалаа. Сэтгэлийн дэмжлэг хүлээн авах бүртээ би хязгааргүй баярлаж, уужирдаг байсан. Аажмаар энэ нь надад монголчуудын нэгдмэл чанарыг ойлгуулж, тэдэнтэй “танилцахад” тусалсан. Хүнд хэцүү нөхцөлд бүгд хүний, өөрийнх гэж ялгалгүй анхаарч, санаа тавьж байгаа нь уужим, нигүүлсэнгүй сэтгэлийнх нь илэрхийлэл юм.
-Дэлхий дахинд шинэ вирусээр өвчилсөн хүмүүс янз бүрийн л “хариу үйлдэл” үзүүлж харагддаг. Таны хувьд “Ковид-19”-өөр халдварласан тухайгаа анх сонсоод юу бодогдсон бэ?
-Халдвар авснаа мэдээд эхэндээ тайван байсан. Гэвч дээр хэлсэнчлэн хэн нэгэнд өвчин халдаасан болов уу гэж бодох бүрт сонин мэдрэмж намайг эзэмдэж, цаг хугацааг ухрааж, нөхцөл байдлыг залруулж болохгүйд л сэтгэлээр их унасан.
-Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарласан даруйд нийгмийн сүлжээ “Франц иргэнийг нутаг буцаана уу” гэсэн сэтгэгдлээр дүүрч, Франц улсаас Монголд суугаа ЭСЯ-ныхан ч иргэнээ эх оронд нь буцаах талаар ярьсан. Харин та энд үлдэж, эмчлүүлэхээр шийдсэн.
-Коронавирусийн цар тахал, түүний аймшигт үр дагаврын тухайд Монгол, Франц хоёр улсын нөхцөл байдлыг энд харьцуулахыг хүсэхгүй байна. Тухайн үед надад нутаг буцах боломж байсан. Эх оронд минь ч нөхцөл байдал ч харьцангуй тайван байсан үе. Гэхдээ би Монголын хамгийн чадварлаг эмч нарын нэгнийх нь хяналтад эмчлүүлэх завшаан тохиосон гэдгийг л хэлж чадна. Ц.Чинбаяр эмчийн багийнхны харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд байсан бөгөөд бид англи хэлээр чөлөөтэй харилцаж байсан. Цаашид ч ХӨСҮТ-ийн эмч нар өвчтэй бүх хүнийг эдгээсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.
-Та харьцангуй олон хоног хэвтэн эмчлүүлсэн. Халдварт өвчинтэй тэмцэх явцад хамгийн хүнд үе нь хэзээ тохиосон бол?
-ХӨСҮТ-д эмчлүүлж байхад тэр үе нь энэнээсээ хүнд байсан гэж хэлэхэд хэцүү. Харин “Ковид-19”-өөр өвчилсөн монгол хүн эмчлэгдээд, ХӨСҮТ-өөс гарсан гэдгийг дуулах бүрт ямар сэтгэгдэл төрж байсныг танд хэлье. Өөрөөр хэлбэл, надтай адилхан оноштой өвчтөнүүд эдгэрч, эмнэлгээс гарч байгаа нь надад маш их урам зориг өгсөн. Нөгөө талаар надаас сүүлд эмнэлэгт хэвтсэн хүн эдгэрэх бүрт халдварын анхны тохиолдлоор бүртгэгдсэн намайг бурхан мартсан юм болов уу ч гэж боддог байлаа.
-Коронавирусийн халдвар авсан хүмүүст илэрч буй шинж тэмдэг харилцан адилгүй байгаа. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс асуухад танд ямар, ямар шинж тэмдэг түлхүү илэрч байсан бэ?
-Миний санаж буйгаар илэрсэн шинж тэмдгүүд хүнд, хөнгөн, заримдаа дорхноо арилж байсан. Уг аймшигт вирусийн хор уршгийг нарийвчлан тайлбарлах нь илүүц биз ээ. Энэ нь эмчлэгч эмч, халдвар судлаач, эсвэл ЭМЯ-ныханд хамааралтай байх. Харин миний хувьд халдвартайгаа мэдэхээс ойролцоогоор хоёр хоногийн өмнөөс ядарч сульдан, халуурч, толгой өвдсөн. Иймэрхүү шинж тэмдэг хоёр хоног орчим үргэлжлээд арилсан. Өвчин хүндэрч, уушги үрэвссэн ч амьсгал давчдах зовуурь илрээгүй.
-ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өвчтөнүүдийн биеийн байдлыг өдөр бүр мэдээлдэг. Таныг тус төвд шилжүүлж авчирсан эхний өдөр өөрөө сахиж хоносон гэл үү?
-Тийм ээ. ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр Д.Нямхүү эмчийн хэлдэг, ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүд болон миний талаарх мэдээллийг иргэд хамгийн их сонирхдог тухай сонссон. Би ч гэсэн тэр мэдээллийг дуустал үздэг байсан. Д.Нямхүү захирал өвчтөнүүдтэйгээ үргэлж ойр ажиллаж, сэтгэл зүйгээр дэмжин, зоригжуулдаг. Үүнийг илтгэх ганц жишээ дурдъя. Магадгүй та бүхний мэдэхгүй зүйл гэвэл тэрбээр маш сайн дуучин юм билээ. Намайг хүнд өвчтэй хэвтэж байхад зоригжуулах, ая тухтай, хөгжилтэй байлгахын тулд Жо Дассаны дууг хэрхэн дуулсан талаарх дүрс бичлэгээ ирүүлсэн. Надад маш их таалагдсан бөгөөд чамгүй дуучин гэдгийг нь мэдсэн.
-Эмч нар өвчтөнөө ялгаж харилцдаггүй. Бүгдийнх нь амийг аврах сан гэж л цаг наргүй хичээж, ажиллацгааж байгаагийн нэг илрэл байна.
-ХӨСҮТ-ийн эмч нарын мэдлэг, ур чадварын талаар ямар нэг илүүц тайлбар хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Тэдний ажлын үр дүн, ур чадварынх нь илэрхийлэл бол эдгэрсэн өвчтөнүүд юм. Өвчинд ам гардаггүй гэдэг ч Монголд “Ковид-19”-өөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Дэлхийн олон орон ийм амжилт гаргаж чадаагүй нь харамсалтай.
Бэлтгэсэн: О.Бат-Ундрах