Эмийг нь уулгаж, эдгээсэн хүнтэйгээ таарав
Сүрьеэтэй өвчтөнийг бүрэн эмчлэх, эмчилгээг үр дүнтэй дуусгах нь цаашид халдвар тараахаас сэргийлэх хамгийн чухал алхам. Сүрьеэгийн эмчилгээ доод тал нь зургаан сар, цаашлаад хоёр жил үргэлжилдэг. Хамгийн хэцүү нь өвчтөн өдөр бүр атга шахам эмийг эмч, эмнэлгийн ажилтны хяналт доор уух ёстой. Гэтэл өвчтөнүүдийн олонх нь өдөр бүр эмнэлэгт ирж эм уух боломжгүй байдаг. Хэвтрийн, нялх хүүхэдтэй, эмнэлгээс хол амьдардаг, унааны ч мөнгөгүй, ажлын цаг нь таардаггүй гэх мэт олон шалтгааны улмаас эмчилгээгээ тасалж, шантарч, дутуу хаядаг. Чухам ийм хүмүүст өдөр бүр эмийг нь хүргэж өгөн, харж байгаад уулгадаг, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурын ажилтан Д.Цэцэгмаагийн “Нэг өдөр”-ийг сурвалжиллаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сүрьеэгийн диспансерт дүн, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 онд гавьяаныхаа амралтыг авсан тэрбээр сайн дурын ажилтнаар тасралтгүй долоон жил ажиллаж буй. Эхний хоёр жил Сүхбаатар, үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд эм зөөж яваа аж. Энэ хугацаанд 50 шахам хүнд эмийг нь уулгаж, бүрэн эдгээсэн тэрбээр “Хариуцаж авсан хүмүүс минь дахиж өвдөхгүй, олон эмэнд дасалтай сүрьеэтэй болохгүй, гэр бүлийн хэн нэгэндээ халдаахгүй байх нь л бидний ажлын гол үр дүн юм шүү дээ” гэж байлаа. Тэтгэвэрт гарсны дараахан нь сайн дурын ажил хийх санал тавихад нь “Хөгшин хүн халдвар авч, үхсэн ч гарзгүй юм чинь гээд намайг өвчтэй хүмүүст эмийг нь уулга гэж байгаа юм уу” хэмээн гомдоллож байсан тэрбээр өдгөө бусдын төлөө буян үйлдэгч болжээ.
10.00 цаг. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо. Согоотын 81 дүгээр гудамж. Энэ бол Д.Цэцэгмаагийнх. Энэ хавийг “Увсын хонхор” хэмээх нь Увсынхан олон байдагтай холбоотой гэнэ. Тэд ч Увс аймгийн уугуул аж. Өөрөө Түргэн, өвгөн нь Малчин сумынх. 1977 онд Анагаах ухааны дунд сургуулийн эрүүл ахуйн ангийг төгсөөд, аймгаа зорьж, Сагил суманд Боршоо-Хандгайтын боомтод хорио цээрийн бага эмчээр ажиллажээ. Дараа нь Улаангомд нэлээд олон жил амьдарч байгаад “хотын хүмүүс” болсон байна.
“Увсын хонхор”-т анх уулзсан даруйдаа бид эхний өвчтөнийхийг зүглэв. Эм уулгах нь тогтсон цагт эхэлж, дуусдаг ажил биш ч Д.Цэцэгмаа энэ үед л гэрээсээ гардаг аж. Түүний дааж авсан хүмүүс 16 дугаар хороондоо боловч явган хүнд багагүй зайтай, бас ч гэж бартаатай юм. Энэ сард тэрбээр таван хүнд эмийг нь уулгаж буй бөгөөд хороондоо ганцаархнаа ажилладаг. Ер нь нийслэлийн хэмжээнд хороо бүрт нэг л сайн дурын ажилтантай юм байна.
Эм уух ёстой хүн 23 настай, М. Хувийн компанид түгээгч, борлуулагчаар ажилладаг. Гэхдээ тэр сүрьеэгийн халдвар тараах эрсдэлгүй болсон учраас ажлаа хийж буй аж. Ер нь сайн дурын ажилтнуудад халдвар тараах эрсдэлгүй болсон, эсвэл уушгины бус сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийг даатгадаг юм байна. Нөгөө талаас эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан хэн боловч сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд зургаан сар хүртэл хугацаагаар “акт авах” эрхтэй байдаг ч манайхан нууж явсаар өвчнөө хүндрүүлэх нь нийтлэг байдгийг тэрбээр хэлж байлаа.
М-ийн хувьд эрчимт эмчилгээ нь ч бараг дуусаж байгаа гэнэ. Үндсэндээ таван сарын турш тасралтгүй, өдөр бүр эм ууж буй нэгэн. Харин бид хашааных нь хаалгыг нь нэлээд цохиж байгаад хоосон буцлаа. Гар утас руу нь залгаад ч авсангүй. Ээжийнх нь утас холбогдсонгүй.
Д.Цэцэгмаа “Ээлжээсээ буугаад унтаж байгаа юм болов уу. Эргээд ирье дээ” гэсээр буцлаа. Энэ мэтээр өдөрт нэг айлыг хэд хэдэн удаа эргэх нь энгийн үзэгдэл бололтой. Түүнийг хаалга мөргүүлсэн зарим нь гэрт нь очиж эмээ уудаг бол араас нь хөөцөлдөж байж “олж авдаг” өвчтөн ч бий гэнэ.
10.30 цаг. Хоосон хашаа мөргөсөн Д.Цэцэгмаа хэдхэн алхаад хижээл насны нэгэн залуутай таарлаа. Худгаас ус аваад явж буй тэр хүн “Цэцгээ эгч” хэмээн авгайлж, манай сурвалжилгын “гол дүр” ч “Миний хүү” гэж дотночлох нь учиртай санж. Д.Цэцэгмаа түүнд болон гэр бүлийн хүнд нь эм уулгаж, эдгээжээ. Тэрбээр “Зургаан сард нэг удаа Энхээ эмчдээ үзүүлж байгаарай. Хавар, намартаа ядрахаар дархлаа чинь суларна шүү” гэж хэлээд амжина лээ
Машин ч түүртэх замыг манай "гол дүр" туулдаг
11.10 цаг. Өвчтөн Г-гийнх рүү хөдөллөө. Уулын орой дээр шахам байх тэр айлын үүдэнд очих боломжгүйг жолооч хэлж, машинаа зогсоолоо. “Халтиргаа, гулгаагүй байхад ч машинтай явахад хэцүү, өгсүүр замаар та яаж явдаг юм бэ” хэмээн намайг халширангуй асуухад тэрбээр “Өвөл хэцүү, хэцүү. Эрт ч гэгээ тасарчихдаг юм. Гэхдээ яваад л байдаг юм даа, дажгүй ээ” гээд инээв. Ингэхдээ анх Г-ийнд очих гэж төөрч, мунгинаснаа хуучиллаа. Гэрэл зурагчин бид хоёр уулын өөд өгсөхөөсөө урьтаж, “Г рүү залгаад үзээч” хэмээн “залхуурсан” нь ч онов. Д.Цэцэгмаа түүн рүү хэдэнтээ залгахад “Уучлаарай, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэх хариу өгснөөр бид буцав. Сайн дурын ажил хийснийхээ төлөө ямар нэг урамшуулал авдаг, эсэхийг нь сонирхоход “Бид чинь утасны мөнгө гэж авдаг шүү дээ, хүү минь. Ажлыг минь дүгнэж, урамшуулдаг. Шагнуулж явсан үе ч бий” гэж байлаа. 2003 онд анх сайн дурынхныг ажиллуулж эхлэхэд тэдэнд сард 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан юм билээ. Харин одоо тэд 90 орчим мянган төгрөгийн “цалин”-тай аж.
12.00 цаг. Ашгүй, өвчтөн М гэртээ байлаа. Тэднийх Г-гийн гэрээс ч холгүй аж. Тэрбээр дүү Н-ийн хамт эм уудаг юм байна. Бидний бараанаар М хоолны ширээн дээрх цайны халуун сав руу ухас хийхээр нь “Цай, идээ бариад сүйд болох нь” гэж бодсон нь буруу байлаа. Тэрбээр эмээ даруулах усаа бэлдсэн нь тэр аж. Эмийг нь уулгаснаа баталгаажуулж, М-ээр гарын үсгийг нь зуруулав. Дараа нь эмийн гаж нөлөө буюу дотор муухай оргих, толгой эргэж буй, эсэхийг тодруулсан юм. Мөн сүрьеэгээс гадна коронавирус, “Ковид-19”-ийн өвчлөлийн талаар ч мэдээлэл, зөвлөгөө өглөө. Д.Цэцэгмаа түүнд “Сүрьеэгээр хэн ч өвчлөх эрсдэлтэй. Халдвар авсан хүн өвчлөх, эсэх нь тухайн хүний дархлаа хэр сайн байгаагаас хамаарна” хэмээн ядарч болохгүйг анхааруулаад элгээ давхар хамгаалахыг сануулсан юм. Ах, дүү хоёр эрчимт эмчилгээний үеэ бараг дуусгаж буй бөгөөд шинжилгээний хариу сайн гарвал ажил хийх гэнэ. Оюутан М анх ажил хийх гэж тухайн байгууллагын шаардлагаар шинжилгээ өгөхөд сүрьеэгээр нэгэнт өвчилсөн байжээ. Шинжилгээ өгөхөөс өмнө багагүй хугацаанд шөнөдөө хөлөрч, ядарч, сульдаж байснаа ч тэр хэлэв.
Ээлжийн ажилтай залуу эзгүй байв
М-ийн гэрээс гарч, шороотой замаар нэлээд туучсаны эцэст дүүгийнх нь эмийг үлдээхээ мартсанаа гэнэт санав. Тэд хариуцлагатай хүүхдүүд учраас хааяа эмийг нь найдаад үлдээчихдэг юм байна. Нэгэнт эмийг нь үлдээгээгүй тул тэднийх рүү эргэхээс өөр аргагүй болох нь тэр.
Мөн “Ийм залуу хүн танаар эмээ зөөлгөж байхаар өөрөө очоод уучихаж болдоггүй юм уу” гэхэд “Коронавирусийн тархалтаас болоод эмнэлэг, диспансерт өвчтөнүүдийг ирүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Тиймээс сүүлийн хэдэн сар миний хариуцах хүний тоо нэмэгдсэн. Уг нь сүрьеэ эдгэрдэг өвчин. Харин коронавирусийн халдвар бидэнд олон зүйл зааж, сургаж байна. “Сүрьеэгээс сэргийлэхийн тулд амны хаалт хэрэглэж, нус, цэрээ гудамжинд битгий хаяж бай” гэж хэчнээн хэлээд ч нэмэр болоогүй. Харин одоо манайхан эрүүл ахуйн олон зөв, дадалд суралцаж байна шүү дээ” хэмээсэн юм.
12.45 цаг. Тав дахь айлдаа ирэв. Харамсалтай нь, эзгүй байлаа. Хаачсаныг нь хөрш айлын эмэгтэйгээс асуухын ялдамд “Эмнэлэгт хэвтэнэ гэж байсан нь юу болж байгаа бол” гэхэд “Уг нь өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) үзүүлэх ёстой ч лав эмнэлэг рүү яваагүй байх” хэмээлээ. Хүүхдээ зэмлэж буй аятай “Эмчдээ үзүүлээд эртхэн хэвтэхгүй дээ, хаагуур яваа юм бол доо” гэж үглэн үглэн буцав.
Нөхрийнхөө хамт
13.30 цаг. Гэртээ ирлээ. Өвгөн нь алга. Бага хүүгийн хамт ойрхон гарсан гэнэ. Төд удалгүй өрхийн тэргүүн ирж, гэрт нь зүс үзээгүй хүмүүс ирсэнд гайхаж буй нь илт. Олон жил сайн дурын ажил хийж байгаа эхнэрийнх нь үйл хэргийг сурвалжилж яваагаа хэлэхэд, “Уг нь 22-тойдоо ханилсан ч одоо намайг тоохоо больсон. “Эм уулгана” гээд алга болчихдог” гэж хэлээд инээлээ. Д.Цэцэгмаа “Хүүхдүүдийн дэргэд юу яриад байгаа юм бэ” гэж нөхрийгөө зэмлээд, “Өвчтэй хүмүүст эмийг нь уулгаж, эдгээж байгаагаа буян үйлдэж байна гэж боддог. Мөн танил, найз нөхөдтэй ч болно. Сүхбаатар дүүргээс Чингэлтэйд шилжиж ирэхэд таньдаг хүн ганц ч үгүй байлаа шүү дээ” хэмээсэн юм. Түүний нөхөр эрүүл мэндийн байгууллагад ариутгагчаар 31 жил ажиллаад, тэтгэвэртээ гарчээ.
15.00 цаг. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн байр. “Зарим айлын амьдрал үнэхээр хүнд. Ямар сайндаа л хүүхдүүд, ач нарынхаа хуучин, багадсан хувцаснаас заримд нь илүүчилдэг. Коронавирус дэгдсэнээс хойш айл, өрхийн амьдрал муудаж байгаа” гэж ярьсан Д.Цэцэгмаа тэнд бас л “ажил бүтээхээр” ирсэн нь энэ. Тус нийгэмлэг “Глобал” сангийн санхүүжилтээр улсын хэмжээнд 35 өвчтөнд хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг сар бүр тусламж болгон олгодог. Гэвч энэ нь хүнсний тусламж авах шаардлагатай нийт өвчтөний тун бага хувийг эзэлдэг аж. Тиймээс цар тахлын энэ үед амьжиргааны түвшин доогуур, орлого багатай, хүнс, тэжээлийн дутагдалтай өвчтөнүүдэд туслах хандивын аяныг тус нийгэмлэгээс санаачилжээ. Уг аянд “Мон-Илч” ХХК нэгдэж, сүрьеэгээр өвчилсөн 50 хүнд хүнсний тусламж үзүүлээд буй бол “Доктор тун” ХХК-иас сая төгрөгийн хандив өгөхөөр захирал нь ирсэн байлаа.
Түүнчлэн “Доктор тун” компанийн захирал Г.Батбуян “Сүрьеэгийн эмийн гаж нөлөөгөөр өвчтөнүүдийн сонсгол буурдаг. Нэгэнт манай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул хамтарч ажиллан, туслах зорилготой байна. 2018 оны судалгаагаар гэхэд л 110 тохиолдлын 20 хувьд нь сонсгол муудаж, есөн хувь нь огт сонсголгүй болж, үлдсэн 70 хувийнх нь сонсголыг нь шалгах шаардлагатай гэсэн дүн гарсан юм билээ. Өмнө нь бид ясны сүрьеэгийн улмаас хөлгүй, сонсголгүй болсон хүнд хагалгаа хийсэн нь амжилттай болсон. Сонсголын бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд өвчилснөөс хойш аль болох богино хугацаанд эмчилгээ хийх ёстой байдаг” хэмээж байлаа. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Гангэрэл талархсанаа илэрхийлээд, сүрьеэгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь ядуурал, ажилгүйдэл болохыг онцолсон. Тэрбээр “Ядуурлаас болж сүрьеэгээр өвчилдөг. Сүрьеэ нь эргээд ядуурал бий болгодог. Энэ гинжин хэлхээг таслаагүй цагт сүрьеэгийн өвчлөлийг бууруулах боломжгүй. Дэлхий дээрх сүрьеэгийн тохиолдлуудын 90 гаруй хувь нь дандаа ядуу буурай, хөгжиж буй орнуудад бүртгэгдэж байна” гэв.
МСТН-ийн гүйцэтгэх захирал Б.Гангэрэл
"Доктор тун" компанийн захирал Г.Батбуян
Мөн гүйцэтгэх захирал Б.Гангэрэл “Энэ жил дэлхий даяар “Ковид-19” өвчин тархаж, хөл хорио тогтоосон үед бид идэвхтэй ажиллаж байгаа. Зарим хүн сайн дурынхныг гэртээ оруулахаас хүртэл цааргалж буй. Гэвч хөл хорио тогтоосон гээд гэрт нь очиж эм уулгадаг ажил зогсох ёсгүй учраас манай төслийн хүрээнд дүүрэг хариуцсан ажилчид, аймгийн зохицуулагч нар болон сайн дурынхан маань улам бүр хүчин чармайлт гаргаж байгаа. Тэдний олонх нь сайн дурын үндсэн дээр энэ ажлыг хийгээд 10 гаруй жил болсон, туршлагатай хүмүүс. Халуун, хүйтнийг үл ажран, өдөр бүр өвчтөндөө эмийг нь хүргэж өгдөг. Зөвхөн эм хүргэж өгч, уулгахаас гадна өвчтэй, тэр тусмаа сүрьеэгээр өвчилсөндөө сэтгэлээр унаж, бусадтай шаналал, зовлонгоо хуваалцаж чадахгүй байгаа хүмүүст итгэл өгч, урам зориг хайрлан, зовлон, жаргалыг нь хуваалцдаг найз нөхөд, ах эгч шиг нь болсон байдаг” хэмээн тодотгож, Д.Цэцэгмаа шиг үлгэр жишээ олон хүн ажилладгийг онцоллоо.