Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,4 сая халдварын тохиолдол илэрч, 249 мянган хүн нас барж, 1 сая хүн эдгэрсэн байна. Дэлхийд нийтэд 2 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Монголд 1622 хүн тусгаарлалтад байгаа. Өчигдөр 276 хүнийг шинээр ажиглалтад оруулжээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.05.01/ 20.07 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 266 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Ивээлт”, “Альфа”, “Дрим” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газруудад 21 хоног тусгаарласан. Тэдний өиеийн байдал хэвийн байгаа.
Тавдугаар сарын 02-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Гадаадаас ирсэн бүх иргэнийг байнгын хяналтад байлгана.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хүүхдүүд гадаа амны хаалтгүй тоглож байна. Хүмүүс гадуур хүүхдүүдээ дагуулан явах нь нэмэгдэж байгаа тул олон нийтийн газарт хүүхэд дагуулж явахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүлгэхийг санууллаа. Үсчин, гоо сайхны газруудад цар тахлын үеэр хэрхэн ажиллах зөвлөмж хүргүүлсэн байна" гэв.