Манай улс цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 77 хонолоо. Хилийн 27 боомтынхоо зорчигчийн хөдөлгөөнийг тухай бүрт нь хязгаарласаар өдгөө зөвхөн ачаа тээврийг л дотооддоо нэвтрүүлж буй. Энэ цагт улсын хил дээр тэргүүн эгнээнд жагсан, халдвар хамгааллыг сахиж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын нэг бол хилчид. Тэд эх орондоо коронавирусийн халдвар тараахгүйн тулд хэрхэн ажиллаж байгааг сурвалжлахаар олон улсын “Буянт-Ухаа” агаарын хилийн боомтыг өчигдөр зорив.
Бусад улсаас Сөүлээр дамжин ирэх иргэдийг авчрах МИАТ-ийн тусгай үүргийн онгоцыг 09.30 цагт хөөргөж байхтай зэрэгцэн тус боомт дахь хилийн 0218 дугаар ангийнхан үүргээ гүйцэтгээд албан тасалгаандаа ирж байв. Уг онгоцоор зорчсон 224 иргэнийг бүртгэн, хянаж, суулгасан нь тэр аж. Гадаад руу нисгэх онгоцны зорчигчийг хоолойгоор явуулж, ирэхийг нь нислэгийн талбайд буулгаж буй. АНУ, Казахстан, БНСУ, Япон, Монгол гэсэн таван улсын иргэд БНСУ-ыг зорин ниссэн бөгөөд олонх нь манайхан байлаа. Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатар “Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй монголчууд эх орондоо ирэх эрмэлзэлтэй боллоо. Эмнэлгийн хүрэлцээ муу, хөл хорио, санхүүгийн хүндрэлд орсноос үүдэж ирэх хүсэлтэй нь байхад зарим нь сургууль, ажил гэсээр гадаад руу явж байна. Одоогийн байдлаар Монгол Улс л харьцангуй амар амгалан байх шиг. Зорчих хөдөлгөөнийг эрт хязгаарлаж чадсаны дүнд халдварыг дотооддоо алдаагүй. Цаашид энэ энэ эрчээ алдахгүй, хичээн ажиллана. Морь унаад, байгалийн аль ч нөхцөлийг үл хайхран 24 цагийн турш хилээ манадагтай адил бид “Буянт-Ухаа” боомтод ажиллаж байна. Өмнө нь нэг онгоц, түүгээр зорчсон иргэдийг хоёр цаг орчим шалгадаг байсан. Харин одоо бараг долоон цагийн турш бүртгэл, хяналт, шалгалтыг үргэлжлүүлэх болсон. Учир нь тухайн иргэн аль улсын, аль хотоос Монголын аль цэгт очихыг, хэнтэй ойр байсан, эсэх гээд шаардлагатай бүхнийг тодруулдаг” хэмээв.
Өмнө нь халдварт өвчин тархсан орчинд, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажилласан туршлага үгүй тул иргэд, албаныхны аль аль нь хүндрэлтэй тулгарсан ч тус боомтынхон холбогдох хууль, тусгай журмын дагуу өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа аж. Тухайлбал, Хилийн тухай хуульд заасны дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ гарах хөдөлгөөний чиглэлд мэргэжлийн хяналтын, гаалийн, улсын хил хамгаалах байгууллага гэсэн дарааллаар шалгадаг байна. Харин хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, мэргэжлийн хяналтын, гаалийн байгууллага гэсэн дарааллыг баримталдаг аж. Өдгөө дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний аюулын үед мэргэжлийн хяналтын албаныхан ажлыг удирдан зохион байгуулж, тэргүүн эгнээнд, дараа нь хил хамгаалахын алба хаагчид туслах байдлаар ажиллаж байна. Ийн үүрэг гүйцэтгэх явцад хүндрэл бэрхшээлтэй тулгардаг ч хилчний ажил, үүргээ гүйцэтгэж, эх орноо хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа тэд баяртай байгаагаа хэлсэн.
Тусгай үүргийн онгоцны зорчигчид гэрийн хаягаа худал хэлэх, шаардлага хүлээж авахгүй, эсэргүүцэх байдлаар ажилд нь хүндрэл учруулах нь цөөнгүй гэнэ. Жишээ нь, биеийн халууныг нь толгой, гарын хэсгээс хоёр удаа хэсэг хугацааны зайтай шалгах ёстой. Гэтэл ингэж шалгуулахыг эсэргүүцэж, “Наад эвдэрхий төхөөрөмж чинь ажилладаг юм уу. Би БНСУ-ын, стандартад нийцсэн аппаратаар хэмжүүлсэн” гэжээ. Эмэгтэй ажилтнуудын шаардлагыг хүлээж авахгүй, түлхэж унаган, улмаар хилийн албаныхан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвлөмжийг биелүүлэхэд хүргэх зэргээр ажилд нь саад болсон удаатай. Гэсэн ч эл бэрхшээлийг үл тоон, онгоцоор ирж буй иргэдийг нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгсэл өмсүүлж ирүүлбэл бусдад халдвар тархаахгүй байх боломжтой хэмээн тус боомт дахь ангийн захирагч хэлж байлаа. Тэрбээр “Онгоцоор ирсэн иргэн халдвартай гэдгийг мэдэлгүй, дэргэдэх гурван хүнд халдаасан тохиолдол манайд гарсан. Би холбогдох байгууллагад 18 мянган төгрөгөөр тооцож, иргэдийг хамгаалах хувцас, хэрэгсэл өмсүүлж ирүүлэх хүсэлт хүргүүлсэн. Тэд ганц амны хаалтаас өөр хамгаалах хэрэгсэлгүй ирж байна. Ус, ундаа уух гэж амны хаалтаа тайлна. Ингэхээр нэг иргэн онгоцонд буй 200 гаруй хүнд халдвар тараах эрсдэлтэй” гэсэн юм.
Манай улс өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн 12 онгоц нисгэж 1834 иргэнээ эх оронд нь авчирсан бол 2475 зорчигчийг гадаадад хүргэжээ. Тусгай үүргийн онгоцны чиглэл, зорчигчийн тооноос шалтгаалан, 10-14 хилчин талбай руу хамгаалах хувцастай гардаг байна. Өдгөө баримт бичиг, тээврийн хэрэгслийн шалгагч нарын ажиллах горимыг өөрчилж, онгоцонд ойртохгүйгээр зорчигчдыг зайнаас тоолох, гадаад паспортыг нь ариутган, гурван цаг хадгалж, бүртгэлжүүлж буй аж. Тус ангийн алба хаагч, баримт бичгийн шалгагч Б.Гантулга “Онгоц буухаас 15 минутын өмнө бид талбайд тогтоосон бүсийн дагуу байрлалаа эзэлдэг. Журмын дагуу тусгай үүргийн онгоцонд орох ёсгүй. Хаалга онгойж, зорчигч буухаас эхлээд иргэдийг зайнаас тоолдог. Гадаад паспортыг нь ариутгаж, баримт бичгийг шалгаж бүртгэнэ. Ингэхэд ойролцоогоор долоон цаг зарцуулдаг. Бид хамгийн сүүлд онгоцны багийнхныг буухад хамгаалах хувцас, хэрэгслээ дүрмийн дагуу тайлж, дотогш нэвтэрдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд онгоц 21.00 цагийн орчимд газардсан. Хянах, бүртгэх ажиллагаа 02.00 цаг хүртэл үргэлжилсэн. Шөнө зогсоход хамгаалалтын хувцас цантах, дотогш жиндэх, өдөр бол наранд хөлрөх нь бий. Гэвч ажил үүргийнхээ хүрээнд, эх орныхоо энхийн манаанд зогсож байгаа хүн шүү дээ, бид” гэв. Хилчин нэг бүрийн хувцас, хамгаалах хэрэгслийг улсаас хангаж өгөх ёстой. Тиймээс тэдний хамгаалах хэрэгсэл, амны хаалтыг Хил хамгаалах ерөнхий газраас төсөвт тусгаж, авхуулсан бөгөөд хангалттай нөөцтэйг хэлсэн.
Олон улсын “Буянт-Ухаа” боомт дахь хилийн 0218 дугаар ангийн 0341 дүгээр салбарын захирагч, хошууч М.Энхманлай “Хилийн хяналтын байгууллагуудын бүх ажилтныг уялдуулан зохион байгуулах үүргийг манайх хүлээдэг. Энэ хүрээнд бид агаарын хөлөг, ирсэн зорчигч тээврийн хэрэгслийн тоо, аяллын зорилго, иргэншлийн талаарх бүх мэдээллийг нэгтгэн, бусад байгууллагад өгч, хамтран ажиллаж байна. Дайн байлдаан, террорист халдлага, хүн барьцаалах, онцгой нөхцөл байдал, газар хөдлөх, гал гарах зэрэгт хилийн албаныхан хамгийн тэргүүн эгнээнд ажиллана. Өдгөө цар тахал, хорио цээрийн үед мэргэжлийн хяналтынхныг тэргүүн эгнээнд жагсаан, хил хамгаалахынхан тусалж буй учир үл ойлголцох зүйл үгүй, өндөр зохион байгуулалт доор ажиллаж байна. Монгол Улсын хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг” хэмээв.
Тэд өнөөдөр, маргааш нисгэх тусгай үүргийн онгоцыг хүлээж авах, цаашлаад халдварт өвчин намжтал буюу өндөржүүлсэн бэлэн байдлыг зогсоох хүртэл эрчээ алдахгүйгээр хариуцлагатай ажиллах үүргийн эзэд юм