Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэх хүрээнд сонгуулийн санхүүжилтийг хянах төрийн аудитын байгууллагын чиг үүргийг хасах гэж байгааг эсэргүүцэн, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж буйгаа “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс өчигдөр мэдэгдлээ. Уг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгаснаар УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардал, мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн, эсэх, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх эдийн засгийн тооцоог хянаж, дүгнэлт гаргах зохицуулалтыг төрийн аудитын байгууллагын чиг үүргээс хасах гэж буй. Тус түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа, “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л.Төр-Од, МУБИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Эдгээр зохицуулалтыг хассанаар сонгуулиар мөнгө тараах, “угаах” нөхцөл бүрдэж, авлигыг нэмэгдүүлэх таатай орчин бий болдог. Тиймээс ч улс орнууд төрийн аудитын байгууллагаар сонгуулийн санхүүжилтээ хянуулдаг учраас олон улсын жишгийг харгалзахын сацуу бий болгосон дэвшил, ололтдоо тулгуурлан цааш алхаж, эдгээр зохицуулалтыг Үндэсний аудитын газарт хэвээр хадгалахыг тэд шаардлаа. “Шилэн нам” түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа “Үндэсний аудитын газрын хараат бус байдал хангагдахгүй байна. Тодруулбал, одоогийн хуульд байгаа “УИХ-ын дарга ерөнхий аудиторт нэр дэвшүүлж, УИХ хэлэлцэн томилно” гэсэн заалтыг шинэчилсэн найруулгын төсөлд хэвээр нь үлдээсэн. Бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой төрийн аудитын байгууллагыг удирдах хүнийг аль нэг албан тушаалтан дэвшүүлж, томилуулах нь хараат бус байдлыг алдагдуулж буй учраас эл заалтыг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ УИХ болон Төсвийн байнгын хороо олон нийтийн дунд сонгон шалгаруулалт явуулж, томилгооны сонсгол зохион байгуулан, иргэдээс хамгийн олон санал авсан хүмүүсээс эрх бүхий субъект нь санал болгох замаар томилох нь зүйтэй” гэж байлаа. Түүнчлэн ҮАБЗ-ийн дарга Үндэсний аудитын газарт үүрэг, чиглэл өгөх, хяналт тавих зохицуулалтыг ч өөрчлөх ёстой хэмээсэн.
Харин Үндэсний аудитын газар 2007 онд анх удаа намуудад аудит хийж, тайлан гаргасан ч түүнд тусгасан шаардлагуудыг өнөөг хүртэл биелүүлээгүйг судлаач Э.Гэрэлт-Од хэллээ. Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд санхүүгийн тайландаа аудит хийлгэж, олон нийтэд ил тод зарлах ёстой ч энэ үүргээ огт биелүүлэхгүй байна. Хамгийн хариуцлагагүй, хууль хэрэгжүүлдэггүй цорын ганц институц нь манайд улс төрийн нам болоод байна. Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намаас 27 нь энэ удаагийн сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргаад буй. Одоогийн хуулийн дагуу намууд өнгөрсөн жилийн санхүүгийн болон хандивын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлчихсэн. Гэтэл энэ талаарх мэдээллийг өнөөдрийг хүртэл яагаад ил болгохгүй байна вэ. Намуудын санхүүжилттэй холбоотой маргаантай асуудал нэлээд бий. Өдгөө үйлчилж буй хуульд заасанчлан намууд хандив болон нэр дэвшигчийн хөрөнгөөр санхүүжилтээ бүрдүүлэх ёстой. Тиймээс намын болон өөрийн хөрөнгө гэж чухам юуг хэлээд байгааг төрийн аудитын байгууллага илрүүлж, олон нийтэд ил тод болгох ёстой. “Нэр дэвшигчийн хөрөнгө” гэдгийг аль ч хуульд тодорхойлж, зохицуулаагүй” хэмээн онцолсон.
Монгол Улсын авлигын индекс 2015 оноос хойш буурсан бөгөөд үүний томоохон шалтгаан нь улсын төсөв, төрийн санхүүгийн ил тод биш, зарцуулалт нь тодорхой бус байгаатай холбоотойг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од хэлэв. Тэрбээр “Авлига хамгийн их тархсан байгууллагын хоёрдугаарт улс төрийн нам байсаар буй. Тиймээс намын санхүүжилтэд тавих хяналтыг сайжруулахын тулд институц, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэгтэй. Энэхүү чиг үүрэг, хариуцлагыг УИХ хүлээж буй атал Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох зохицуулалтыг хасахаар тусгасан байгаа нь хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа буцаж буй хэрэг” гэлээ.
Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Дэлхийн улс орнуудаас суралцах ямар сайн туршлага байна вэ?
Э.Гэрэлт-Од: -2012 оноос Гүрж улс сонгуулийн хууль, тогтоомжоо шинэчилж, төрийн аудитын байгууллагынхаа үүрэг, оролцоог өргөжүүлж, өнөөдрийг хүртэл сонгуулийн болон намын санхүүжилттэй холбоотой бүх тайлан, мэдээлэлд аудит хийж байгаа. Хамгийн сонирхолтой нь намуудад хэн хэдэн төгрөгийн хандив өгсөн тухай бүхий л мэдээлэл нь ил тод. Гэтэл манайд ийм биш.
-АН нэр дэвших хүсэлтэй хүмүүсээсээ дэнчин гэж эхний ээлжид 100 сая төгрөг хурааж, улмаар нэмэгдүүлсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?
Л.Төр-Од: -Дэлхийн олон оронд намууд гишүүд, дэмжигчид, итгэл хүлээлгэж санал өгсөн иргэдийн өмнө илүү ил тод, нээлттэй, хариуцлагатай байх үүднээс ийм хэлбэрээр мөнгө авахаас татгалзаж байгаа. Ялангуяа Европын Холбооны улсуудад намуудын болон сонгуулийн санхүүжилтийг төрөөс тодорхой хэмжээнд хариуцаж, шийддэг. Манай зарим нам хэт өндөр дэнчин авч байгаа нь нэр дэвшигчдээ авлигын эрсдэлд шууд оруулж байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл тухайн нэр дэвшигч ямар аж ахуйн нэгж, байгууллагаас санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж байгаа нь тодорхойгүй шүү дээ. Сонгуулийн кампанит ажилдаа зарцуулсан мөнгө нь бохир эх үүсвэрээс гарсан байх магадлал өндөр. Тиймээс ер нь их, бага хэмжээгээр дэнчин авахыг хуулиар хориглох нь зүйтэй гэж үздэг.