Мягмар гаргийн байдлаар бөмбөрцгийн 3 074 553 оршин суугч шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаас 211 773 нь нас баржээ. Нийт 924 979 нь эдгэрсэн байна. Цар тахал дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны хэвийн ажиллагааг, ялангуяа хүн амын ядуу давхаргын хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг алдуулжээ. Энэ нь халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Улс орнууд хилээ хаасны улмаас халдварт саа, улаан бурхан, булчин задрах тахал зэрэг өвчний вакцины хомсдол үүссэнийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
Шинэ төрлийн коронавирусийн тархалтыг хяналтдаа авсан хэмээн үзсэнээр, Шинэ Зеландын олон мянган иргэн ажилдаа эргэн оржээ. Харин Аргентинд дотоод, гадаадад зорчих бүх хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зогсоов. Швейцарт үсчин, цэцгийн дэлгүүр, шүдний эмнэлэг үйл ажиллагаагаа сэргээсэн бол Норвегт бага сургууль хичээллэж эхэлжээ. Африкийн хүн ам хамгийн шигүү суурьшдаг Нигерийн Абужа, Лагос хотод хязгаарлах арга хэмжээг сулруулсан ч амны хаалт заавал зүүхийг шаардаж байна.
Коронавирусийн эсрэг үр нөлөөтэй вакцин бүтээхгүй бол ирэх жил олимпын наадам явуулахад хүндрэлтэй гэж Японы эмнэлгийн холбооны тэргүүн Йошитакэ Йококура мэдэгджээ. Хонконгийн төрийн албан хаагчид ирэх долоо хоногоос албан газартаа ажиллах гэж байна. Хятадын засаг захиргааны тусгай тус бүс нутгийн музей, номын сан, спортын талбайн үйл ажиллагааг нээхээр бэлтгэж буй гэнэ. Иргэдийн эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр хөл хориог аль болох хурдан цуцлахыг муж улсуудын эрх баригчдадаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвлөжээ. Түүний хэлснээр хязгаарлах арга хэмжээг бүрэн цуцлахаас өмнө сургуулиудын хичээлийг үргэлжлүүлэх боломжтой байгаа аж.
Цар тахлын улмаас манай гаргийн ажлын байрны тоо энэ оны хоёрдугаар хагаст 195 саяар буурч магадгүй тухай НҮБ-аас гаргасан, халдвар тархалтын дараах улс орнуудыг сэргээн босгох нийгэм, эдийн засгийн арга хэмжээний “замын зурагт” дурджээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, фермерийн ажилтан, өдрийн орлоготой хүмүүс, дүрвэгч, хөдөлмөрийн цагаачид эл хямралд илүүтэй өртөж буй аж.