Үндэсний аудитын газрынхан үйлээ үзэж суугаа болов уу. УИХ-ын сонгуульд үзээд алдъя гэсэн 208 хүний мөрийн хөтөлбөрийг тэд шалгаж, бэлэн мөнгө, байгалийн баялгаас хувь, хишиг хүртээнэ, өр, зээлийг нь тэглэж, чөлөөлнө гэх мэт хориотой амлалт өгсөн, эсэхийг нь хянаж байгаа юм. Өмнөх долоон удаагийн сонгуулиас хамгийн олон буюу 69 хүн бие даан нэр дэвшсэн нь 2016 оных байв. Өөрөөр хэлбэл, энэ удаа өнгөрсөн 30 шахам жилд бие даан нэр дэвшсэн нийт хүнтэй дөхөж очихуйц горилогч өөрийгөө сойх нь. Үндэсний аудитын газар ирэх сарын 22-ноос өмнө тэдний мөрийн хөтөлбөрийн талаарх эцсийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хамгийн ихдээ гурван бие даагч УИХ-д сонгогдож байсан ч 200 гаруй хүн нам, эвслийнхэнтэй өрсөлдвөл тэдний дундаас “гишүүн” төрөх магадлал нэмэгдэнэ. Тэгээд ч бие даан нэр дэвшихийг илүүд үзэгчдийн тоо ийнхүү хэд дахин өссөн нь тохиолдол биш. Нам, эвслээс нэр дэвшсэнээс өөрөө өөрийгөө сойгоод үзье гэсэн нийтлэг ойлголт, хандлага нэгэнт бий болсон учраас бие даагчид “сүрэглэн” айсуй.
Мэдээж үүнд шалтгаан, үндэслэл бий. Юуны түрүүнд, улс төрийн намын нэр хүнд навс унасныг энэ явдал дахин батлав. Сүүлийн 30 шахам жилд төрийн эрхийг ээлжлэн барьсан АН, МАН-ынхан “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэдэгчлэн бие биенээ муу хэлж, шүүмжлэх ч тэднийг гэсэн дэмжлэгийн хувь хэмжээ нийлээд ч олон нийтийн дунд жин дарахаа байсны баталгаа энэ. Нам бус байтугай намтай, тэндээ нөлөө бүхий хүмүүс ч дайжиж буй мэт дүр зураг өнөөх 208 хүний нэрийн жагсаалтаас харагдаж байна. Тухайлбал, аавынхаа нэрнээс илүү “АН-ын” гэж “овоглодог” Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Л.Гансүх нараас гадна тус намын гишүүн Ш.Адьшаа, Д.Мөнх-Эрдэнэ, Н.Соёмбо, П.Галиндэв, Д.Анхбаяр, Ц.Буянцогтоо гэх мэтээр нэрлэж болох нь. Н.Номтойбаяр, С.Мөнхчулуун, Ц.Цолмон гэх зэрэг МАН-ынхан ч байна. Намын удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай болж, тойроггүй хоцорсон, магадгүй дэнчин, хураамжийг нь төлж хүчрэхгүй, хөөгдсөн хүмүүс бие дааж нэр дэвшсэн тохиолдол цөөнгүй. Зарим нь ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон түүхтэй. 2004 оны сонгуулиар л гэхэд бие даан өрсөлдөж гишүүн болсон Я.Санжмятав, Р.Амаржаргал нар эцэстээ АН-ын гишүүн болсон байхад өнгөрөгч парламентын бие даагчдаас Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ыг түшиж, С.Ганбаатар нь Хөдөлмөрийн үндэсний намд элсэж, бас гарсан юм даг. Гэхдээ Монгол Улсын өнөөдөр үйлчилж байгаа хуулиар бие даагч нь намын гишүүн ч байж болно, нам бус ч байж болно. Өөрөөр хэлбэл, бие дааж нэр дэвшинэ гэдэг нь нам бус байна гэсэн үг биш.
Намаасаа бус, бие даан нэр дэвшиж байгаа тэднээс гадна олон нийт овоо тоодог, үгийг нь сонсдог, боловсролтой, салбар салбартаа өөрийн гэсэн орон зайгаа хэдийн бүрдүүлсэн хүмүүс ч бий аж. Мөн өвөрмөц, этгээд үйлдлээрээ олны танил болж, жагсагч, тэмцэгч “дүр төрх” бүрдүүлсэн эрхмүүд ч мөрийн хөтөлбөрөө илгээжээ.
Харин олон хүн нэр дэвшсэнийхээ хэрээр бие даагчид урьд өмнө байгаагүй суудал авбал яах вэ. Жишээ нь, найман бие даагч сонгогдлоо гэхэд бүлэг байгуулах эрхтэй юу. Угтаа улс төрийн нам, эвсэл л УИХ-д бүлэг байгуулах зохицуулалттайгаас бус, бие даагчид зохион байгуулалтад орж ажиллах хууль ёсны зохицуулалт үгүй. Цаашлаад тэдний хэнийх нь бодлого, мөрийн хөтөлбөрийг баримтлах вэ. Тус тусдаа “тоглолт” хийх үү. Бие даагчид хууль тогтоох байгууллагад үр бүтээлтэй ажиллах эрх зүйн орчин бий юү. Үнэндээ өмнө нь бие дааж сонгогдсон гишүүдээс үлдсэн “өв”, сайн жишиг гэхээр зүйл алга. Өнгөрсөн сонгуулиар ганцаараа бие даан сонгогдсон С.Жавхлан гишүүн өөрт нь эрх мэдэл, үүрэг алга байгааг нэг бус удаа гомдоллоод, жагсагчидтай хамт гудамжинд гарч тэмцэхээ илэрхийлж байв. Гэвч тэр илүү туршлагажсан гэж итгэснийх үү, энэ удаагийн сонгуульд дахин бие дааж өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна лээ. “Ганц дайчин ганцаардахгүй” хэмээн ард түмнээс түүнд хүлээлгэсэн итгэлийг дааж, хэрэгжүүлж чадсан уу гэдэгт хариулт эрэн өрсөлдөх нь.
Ний нуугүй хэлэхэд бие даагчид бидний хүссэн шиг, басхүү өөрсдийнх нь төсөөлсөн шиг ажиллах боломж лав л одоогийн хуулиар тун хомс юм. Төрийн ордонд хуралддаг 76 хүн бүгд л “УИХ-ын гишүүн” гэгддэг ч эрх, үүрэг нь эрс тэс ялгаатайг бие даан өрсөлдөхөөр бэлтгэж буй хүмүүс ч, сонгогчид ч мэддэг баймаар сан. УИХ-аар хэлэлцэж буй аливаа асуудалд намын бүлгүүд л албан ёсны санал, дүгнэлт өгөх эрхтэй. УИХ-ын хуралдааны танхимд индэр дээрээс уншиж, сонсгох дүгнэлтэд гагцхүү намтай гишүүд л байр сууриа тусгах боломжтой гэсэн үг. Улмаар тэрхүү дүгнэлтэд үндэслэн гол хэлэлцүүлэг өрнөдөг. Хэлэлцэж буй асуудлаар эсрэг байр суурьтайгаа илэрхийлж, завсарлага авах эрх нь ч намын бүлэгт л бий. УИХ-ын дарга, дэд дарга, байнгын болон дэд, түр хорооны дарга, аливаа төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн ахлагч гэхчлэн хууль тогтоох байгууллагын сонгуульт хийгээд бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт нэрээ дэвшүүлэх эрх бие дааж сонгогдсон гишүүдэд бий ч “дарга” байх боломж бараг үгүй.
Үүнээс гадна бие дааж сонгогдсон гишүүн хэр идэвх чармайлттай ажиллаж, өөрт олгогдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чаддаг гэж хэлэхэд хэцүү. 2000 оны сонгуульд бие даан өрсөлдөж гишүүн болсон Л.Гүндалай чуулганы танхимд уриа, лоозон барьж байр сууриа илэрхийлэн, бараг л олонхоос илүү дуу хоолойгоо хүргэдэг байсантай харьцуулбал С.Жавхлан сонгогчдынхоо төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэхэд болно. Өнгөрөгч парламентад бие даан сонгогдсон гурван гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар албан бус бүлэг байгуулж, даваа гараг бүр мэдээлэл хийн, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэнтэй жишвэл С.Жавхлангийн ажилд туйлын хангалтгүй үнэлгээ тавимаар. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бие даагч гэх тодотголтой парламентад орж ирээд аль нэг намын хаяа бараадсан нь хавьгүй олон. Ерөөс бие даагч гишүүн гэгч нь аль нэг намыг парламентад суудалтай болгох, эсвэл сонгуульд өрсөлдөх “тасалбар” болж хувирдаг жишиг тогтчихсон.
Юутай ч аль нэг нам гэхээсээ илүү шинэ, залуу хүмүүсийг гэсэн “эрэлт” өндөр, түүнийг дагасан “нийлүүлэлт” ийм их байгаа учраас бие даагчдын талаар тогтож бодон, эргэцүүлэх цаг нэгэнт болсон гэлтэй. Анх бие дааж нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлж байсан “Электорат” хөдөлгөөнийхөн улс төрийн намыг дэмжиж, хамтран ажиллах болсон нь ч учиртай. Тэд сонгуулийн тогтолцооны онцлогийг бодолцсоноос гадна үнэхээр энэ олон бие даагчдаас чамлахааргүй хүн сонгогдож, гишүүн болчихвол ажиллах механизм, зохицуулалт байхгүйг анзаарсан хэрэг. Сонгуулийн тогтолцооноос эс шалтгаалан бие даагчид сонгуульд олноороо ялалт байгуулсан ч засаг, төрд ажиллахад учир дутагдалтайг тэд мэдэж, болгоомжилж байгаа нь тэр. Засгийн эрхийг авах хууль ёсны өрсөлдөөнд оролцож, хүсэл зорилгоо хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хувилбар нь манайд төдийгүй олон улсад улс төрийн нам болохыг судлаачид ч анхааруулж ирснийг ч бодолцох учиртай.