Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 59 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочид шинжилгээ хийхэд сөрөг гарсан.
Улсын хэмжээнд 7 лаборатори ажиллаж байгаагийн Дорнод, Ховд, Орхон, Дархан, Зоонозийн үндэсний төвд ажиллуулж байгаа тоног төхөөрөмж бүгд адилхан ба боловсон хүчин бүрэн бэлтгэлтэй байна.
ХӨСҮТ-ийн эмч нар баг багаар ээлжлэн ажиллаж байна. Чартерын нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах ажлыг тагнуул, цагдаа, онцгой байдлын газрынхантай хамтран зохион байгуулж байна" гэв.