Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3 сая халдварын тохиолдол илэрсэн. 211 мянган хүн нас барж, 821 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 6198 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 87 мянгад хүрлээ.
ОХУ-д архаг өвчтэй хүмүүс коронавирус халдвараар өвчлөх тоо эрс нэмэгдсэн. Мөн бага насны хүүхэд халдвар тээгч болж байгаа учир гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний утсанд 181 дуудлага ирсэн. Үүнээс ОХУ, Швед зэргээс 6 хүн холбогдсон. АНУ-д байгаа монгол иргэний шинжилгээний хариу эерэг гарсан хэмээн утсаар холбогдон зөвлөгөө авлаа.
Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт юм. Нарны гэрэл бол коронавирусийн эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй. Өдөрт 30 минутын зайтай 10-15 удаа агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусийг гадагш гаргах үр дүнтэй арга" гэж хэлэв.