УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулсан уг төсөлд анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулахаар тусгасан байна. Хуулийн төслийн онцлогийн талаар гишүүн Д.Лүндээжанцан тайлбарлахдаа, “Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх, анхны болон эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах гэсэн дөрвөн үе шаттайгаар батална. Нэгдсэн хуралдаанаас тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө зохион байгуулахаар тусгасан. Байнгын хороо анхны хэлэлцүүлгийн шатанд аливаа төслийг зүйл бүрээр хэлэлцэх ёстой. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол батлагдсанд тооцно” гэв. Одоогийн хуулиар зөвхөн тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тухайн төслийг баталсанд тооцож буй.
Бэлтгэсэн: Б.Уран