АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Ж.Энхбаяр нарын гишүүдийн өргөн барьсан, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа нэгтгэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Уг хуульд иргэдийн орлогыг дээшлүүлэх тухай заалт бараг байхгүй гэж тэд үзжээ. Тиймээс өөрсдийнхөө өмнө нь өргөн барьсан, таван багц, 38 арга хэмжээг тусгасан хуулийн төслөөс есийг нь оруулах хүсэлт гаргах гэнэ. Мөн дээрх хуулийн төсөлд иргэдийг хорих, өндөр дүнгээр торгох зэрэг заалт тусгасан нь эдийн засгийн хямралтай үед хэрэгжих боломжгүйг тэд онцлов. Үүний оронд өөр зохицуулалт хийх нь чухал гэлээ.
Хоёрдугаарт, УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал, дүгнэлтээ нэгтгэжээ. Тус намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын дарга хуралдаан зохион байгуулах эрхтэй болохоос шийдвэр гаргах түвшний хүн биш. УИХ-ын даргын болон Тамгын газрынх нь эрх мэдлийг нэмэх тухай заалт Үндсэн хуультай зөрчилдөнө. Мөн гишүүнийг өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах үндэслэл болох тухай заалт өрөөсгөл. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан асуудал ч байна. Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох нь гишүүний онцгой бүрэн эрх. Энэ эрхэд хэн ч халдаж болохгүй.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ” гэж заасныг буруу тайлбарлаж байгаа нь цаашдаа Үндсэн хуулийн маргаан болно. Энэ мэтчилэн УИХ-ын тухай хуульд засах зүйл их байна” гэсэн юм.
Үүнээс гадна гадаадад байгаа иргэдээ татаж авах арга хэмжээний талаар мэдээлж, санал гаргахаа дурдав.
Түүнчлэн О.Баасанхүү гишүүн АН-д элссэнээр тус нам найман гишүүнтэй бүлэг байгуулах боломж бүрдсэнийг Д.Эрдэнэбат онцоллоо. Энэ талаарх саналаа УИХ-ын даргад ирэх пүрэв гарагт өргөн барих гэнэ.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-АН-ын зөвлөл бүлэг байгуулах боломжгүй юм биш үү?
-Сонгуулийн дүнгээр наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж хуульд заасан. Бид 2016 оны сонгуулиар есөн суудал авсан. Энэ тоог хэн ч өөрчлөх эрхгүй. АН-ын бүлгээс хоёр гишүүн гарсан. Харин одоо АН-ын зөвлөлд О.Баасанхүү элсэж, найман гишүүнтэй болсон. Сонгуулийн үр дүнд авсан суудал одоо хүртэл хадгалагдаж байгаа учраас АН-ын бүлэг үйл ажиллагаагаа сэргээх боломжтой.
-АН-ын зарим гишүүн 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн. Тухайлбал, намын дэд дарга Б.Дэлгэрмааг дурдаж болно. Энэ нь танай нам дотор үл ойлголцол үүссэн гэх хардлага төрүүлж байна. Үүнд тайлбар хийнэ үү?
-Манай намаас сонгуульд бие дааж нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн нэг ч хүн байхгүй. Үүнийг СЕХ ирэх тавдугаар сард шийдвэрлэх хуультай.