ДЭМБ-аас “Ковид-19”-ийн өнөөгийн нөхцөл байдлыг “Хамгийн хүнд үе ард биш, урд байна” гэж тодорхойлсон. Дэлхий даяар гурван сая гаруй хүн халдвар авчихаад байхад өвчний оргил үе тохиогоогүй нь үүнээс илүү аюул, гамшиг хүн төрөлхтнийг “отож” буй гэсэн үг. Тиймээс улс орнууд одоогийнхоосоо илүү хичээж, бэлтгэлээ хангасан нь “дайнд” хохирол бага амсах биз ээ. Монгол Улсад коронавирусийн халдварыг “барьж”, хүн амын дунд тархаахгүй байхад голлох үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн нэг нь Сергей Диордица юм.
Тэрбээр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр 2018 оны наймдугаар сард томилогдсон. Түүнээс өмнө буюу 2001 оноос хойш ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн төвд дархлаажуулалтын хөтөлбөрийн зохицуулагч, Бангладеш дахь суурин төлөөлөгчийн газарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, ОХУ-ын Москва хот дахь Вируст бэлдмэлийн хүрээлэнд судлаачаар тус тус ажилласан туршлагатай доктор. Засгийн газар, ЭМЯ зэрэг бусад салбарынхны “Ковид-19”-тэй холбоотой гаргасан тушаал, шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдвараас сэргийлэх заавар, зөвлөмж Сергей Диордицагийн гараар дамжин боловсруулагддаг. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
КОРОНАВИРУСИЙГ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ОНОШИЛНО
-ДЭМБ-аас манай улсад шинэ вирусээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахад дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэнд юуны өмнө талархлаа илэрхийлье. “Ковид-19”-ийн халдвар эдүгээ дэлхийн бараг бүх улс, бүс нутгийг “нөмрөөд” байна. Халдварын тархалтыг таслан зогсоох ДЭМБ-ын гол бодлого, сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Эдүгээ “Ковид-19” хэмээн нэрлэх болсон, шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин БНХАУ-д анх гарсан. Тодруулбал, тус улсын Ухань хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард халдвар бүртгэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нд дэлхийд зарласан. ДЭМБ-аас өнгөрсөн хугацаанд улс орнуудад шинэ халдварын эсрэг авах арга хэмжээ, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар стратеги, төлөвлөгөө гаргаж, зөвлөсөөр ирлээ. Халдварын тархалттай холбоотойгоор хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд уг стратегийг шинэчилснийг та бүхэнд товч мэдээлье. Эдүгээ коронавирусийн үед улс орнуудын баримтлах хамгийн гол бодлого нь өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх. Дараа нь, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, тухайн халдвар тээгчийн хавьтлын судалгааг нарийн тогтоож, хяналт, сэргийлэлтийг маш сайн авах хэрэгтэй. Өвчний эсрэг үр дүнтэй эм, вакцин одоогоор гараагүй тул улс орнууд эмийн бус аргаар буюу халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авах нь чухал гэдгийг дээрх стратегид онцолсон.
“Ковид-19” бол шинэ өвчин. Тиймээс бид уг халдварын талаар мэдэхгүй зүйлтэй өдөр бүр тулгарч, суралцсаар байна. Тиймдээ ч ДЭМБ-аас улс орнуудад өгч буй зөвлөмж, чиглэлийг байнга шинэчилсээр ирсэн. Хамгийн гол нь хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэр нь нотолгоонд суурилсан, бодит байдалд нийцсэн байх хэрэгтэй
Манай төв байгууллага халдварт өвчний үед ажиллах тусдаа төлөвлөгөөтэй. Гишүүн 150 гаруй орон дахь суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан коронавирусийн эсрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тодруулбал, улс орнуудад салбар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжих, эрсдэлийн үеийн харилцаа холбоо буюу нийт хүн амд халдварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх чиглэлээр заавар, зөвлөмж гаргадаг. Мөн өвчнийг эмчлэх, “Ковид-19”-ийн үед авч хэрэгжүүлэх өөрсдийн онцлогт тохирсон хөтөлбөр, төлөвлөгөөтэй болоход нь техникийн туслалцаа үзүүлж байна.
Эдгээрээс гадна өвчлөл бүртгэгдсэн улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож, хүнд байдалд орсон. Тиймээс ДЭМБ нэн тэргүүнд халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд болон бусад салбарынхныг хувийн хамгаалах хэрэгслээр хангахад анхаарч байна. Үүний дотор танай улс ч багтсан. Тухайлбал, ХӨСҮТ, бусад эмнэлгийн ажилтан, хил, гаалийн мэргэжилтэн болон тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийг халдвараас хамгаалах нь нэн чухал. Бусад хандивлагч байгууллага ч гэсэн энэ чиглэлээр Монголд тусалж байгаад талархууштай. Гэхдээ халдварын хяналт, сэргийлэлт гэдэгт зөвхөн хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлнэ гэж ойлгож болохгүй. Түүнийг зөв өмсөж, тайлах дарааллыг мөрдөхгүй бол эмч, сувилагч нар халдвар авах эрсдэлтэй. ДЭМБ-аас улс орнуудад энэ чиглэлээр сургагч багш бэлдэн, эдүгээ Монгол орон даяар сургалт явуулж байна.
-Коронавирусийг “илрүүлэх” өвөрмөц болон мэдрэг чанар нь тодорхойгүй маш олон урвалж, оношлуур үйлдвэрлэх болсон. Улс орнуудад үзүүлж буй та бүхний гол дэмжлэг нь шинэ вирусийн халдварыг илрүүлэх оношилгооны чадавхыг бэхжүүлэх байх аа.
-Тийм ээ, “Ковид-19”-ийг илрүүлэхийн тулд баталгаатай тест ашиглахыг ДЭМБ-аас зөвлөж буй. Одоогоор PCR шинжилгээгээр эцсийн оношийг тогтоож байна. Цаашид оношилгооны чадамжийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилгоор ЭМЯ-тай хамтран, дараагийн шатны оношилгооны аргачлал буюу “GeneX¬pert” аппаратаар коронавирусийг шинжилнэ. Уг аппаратыг өмнө нь “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд хэд хэдэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийлүүлсэн. Уг аппаратыг элэгний В, С вирус, сүрьеэг богино хугацаанд, оновчтой оношлохоор зохион бүтээсэн ч эдүгээ “Ковид-19”-ийн оношилгоонд ашиглахад илүү хялбар, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай.
Өөр нэг таатай мэдээ дуулгахад, ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөгчийн газрынхан эрүүл мэндийн олон улсын хамтын ажиллагааг эхлүүлснээр бид хамтрагч, хандивлагч байгууллагууддаа одоогийн нөхцөл байдлынхаа талаар шууд мэдээлдэг болсон. Ингэснээр Монголд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан үеийг бодвол АНУ-ын US¬AID, Европын Холбоо, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, “Улаан загалмай” зэрэг байгууллагаас эмнэлгүүдэд засвар, үйлчилгээ хийх зардал, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч бусад шаардлагатай тоног төхөөрөмж, эм, тариа нийлүүлсэн.
-“GeneXpert”-ээр коронавирусийг оношилно гэхээр сонирхол татлаа. Ашиглах урвалжийг нь хаанаас оруулж ирэх, үнэ өртөг нь хэд байх бол?
-Уг машинд ашиглах урвалж олон улсын зах зээлд бэлэн байгаа. АНУ-ын Калифорни дахь “Cephid” компанид голчлон үйлдвэрлэдэг. Гэхдээ улс орнууд “GeneXpert” аппаратаар “Ковид-19”-ийн оношилгоонд ашиглаж, давуу талыг нь мэдсэнээс хойш үйлдвэрлэгч компани захиалгад дарагдсан. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн Манила дахь төв уг үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа учраас урвалжийг үйлдвэрлэсэн хэмжээгээр нь шаардлагатай бүс нутгуудад тэнцүү хуваарилна. Энэ бол онцгой нөхцөлд мөрдөх хүмүүнлэг зарчим. Үүнд Монгол Улс багтсанд баяртай байна.
Урвалжийн хувьд нэг хүнд ашиглах зардал 20 орчим ам.доллар байх болов уу. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан АНУ-ын Нью-Йорк дахь төв байгууллагадаа Монголын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх нөөц хуваарилах хүсэлт тавьж, төсөл бичсэн нь нааштайгаар шийдэгдсэн. Үүний тусламжтайгаар бүх аймаг, дүүргийн эмнэлгүүдийг “GeneXpert” аппаратаар хангаж, тэнд халдварыг илрүүлэх боломж бүрдэх нь. Эхний ээлжид 15 000 урвалж нийлүүлэхээр төлөвлөсөн. Цаашид урвалжийг үүнээс их хэмжээгээр ашиглах хэрэгцээ гарч ч магадгүй. Мөнгө хэдий чухал ч эдүгээ эв нэгдэл үүнээс эрхэм.
ДЭМБ-Д ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ АРВАНХОЁРДУГААР САРЫН 31-НД ИРСЭН
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийнх нь авч хэрэгжүүлж буй хорио цээрийн арга хэмжээг ДЭМБ-ын төлөөлөгчид шүүмжилсэн хэмээн саяхан мэдэгдсэн. Улмаар тус байгууллагыг “БНХАУ-д хэт зөөлөн хандаж, халдвар дэгдэх үед тус улс руу зорчихыг хориглоогүй нь олон хүний амь эрсдэх үндэс болсон” гэж үзэж буй. Энэ талаар та тайлбар өгч болох уу?
-“Ковид-19” бол шинэ өвчин. Тиймээс бид уг халдварын талаар мэдэхгүй зүйлтэй өдөр бүр тулгарч, суралцсаар байна. Тиймдээ ч ДЭМБ-аас улс орнуудад өгч буй зөвлөмж, чиглэлийг байнга шинэчилсээр ирсэн. Хамгийн гол нь хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэр нь нотолгоонд суурилсан, бодит байдалд нийцсэн байх хэрэгтэй. Тодруулбал, халдварт өвчинтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахдаа улс орнуудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, хүний эрх, хүнсний аюулгүй байдал гэх зэргийг харгалзана. Шинэ коронавирусийн халдварын талаарх мэдээлэл ДЭМБ-д өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд ирсэн. Түүнээс хойш БНХАУ-аас уг өвчинтэй холбоотой бүх л мэдээллийг авсан. Тасралтгүй судалж, ажилласны үндсэнд ДЭМБ нэгдүгээр сарын 30-нд “Ковид-19”-ийг бусад улс оронд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх өвчин болохыг зарласан. Тухайн үед БНХАУ-аас гадна дэлхийн хэмжээнд уг өвчний 100 тохиолдол бүртгэгдээд байсан юм. Тиймээс “Халдвар зөөвөрлөгдөх нь тодорхой боллоо” гэдгийг улс орнуудад сануулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн. Харин Монгол Улс анхнаасаа маш зөв “алхсан”. Өнгөрсөн хугацаанд халдвараас урьдчилан сэргийлэх аргуудыг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн нь эдүгээ дэлхийд үлгэр жишээ болж байна.
-ДЭМБ-д олгодог санхжүүжилтээ АНУ хэсэг зогсоох болсноо мэдэгдсэн. Энэ нь танай байгууллагын цаашдын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол?
-Ерөнхий захирлынхаа “АНУ бол ДЭМБ-ын удаан хугацааны хамгийн сайн түнш нь байсан. Цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх оновчтой шийдэл олно гэдэгт итгэлтэй байна” гэснийг энд тэмдэглэе. АНУ-ын Засгийн газраас ДЭМБ-д өнгөрсөн хугацаанд олон талаар дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд бид түүнийг нь дэлхийн хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүн амыг эрүүлжүүлэх, хамгаалахад зарцуулдаг. Санхүүжилтийг зогсоосноор манай цаашдын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг мэргэжилтнүүд судалж байгаа.
-ДЭМБ өнгөрсөн сарын эхээр улс орнуудын “Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдлын зэргийг 1-5 ангиллаар үнэлсэн. Монгол Улсыг уг ангиллын гуравдугаарт эрэмбэлжээ. Ямар шалгуур, үзүүлэлтүүдээр ингэж ангилсан бэ?
-Маш чухал асуулт байна. Дэлхий даяар “Ковид-19”-д бэлэн байгаагүй. Гэсэн ч улс орнуудын нөхцөл байдлыг харгалзан, хоёр үзүүлэлтийг гол шалгуур болгосон. Үүнд тухайн улсын халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, өвчний тархалт багтсан. Монгол Улс яг дунд нь байгаа нь сайн хэрэг. Сүүлийн 10 жилд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд хэрхэн арга хэмжээ авах, тандалтын судалгаагаа яаж хийх, эрсдэлийн үнэлгээг хэрхэн тооцох, лабораторийн чадамжаа бэхжүүлэх зэрэгт анхаарсаар ирсэн нь давуу тал боллоо. Үүний нэг илрэл нь коронавирусийн шинжилгээг эдүгээ өндөр түвшинд хийж байна. Мөн эрсдэлийн үеийн харилцаа холбоо маш сайн хөгжжээ. Засгийн газар, ЭМЯ ард иргэддээ өдөр бүр нээлттэй мэдээлэл өгч байгаа үүний тод жишээ. Халдварт өвчний үед ганцхан ЭМЯ ажилладаггүй. Тиймээс тохиолдлын удирдлагын тогтолцоог байгуулж ажилладаг. Харин Монголд уг тогтолцоо хэдийн бүрдсэн. Халдвар дэлхийд ноцтой хэмжээнд хүрэхээс өмнө хэрхэн ажиллах журмаа ч аль хэдийн боловсруулчихсан байсан.
“КОВИД-19” БОЛ ОЙРЫН ЗАЙН ГҮЙЛТ БИШ, МАРАФОН
-Улс орнуудыг 2022 он хүртэл хөл хорионы дэглэм сахина хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байна. Энэ талаар ДЭМБ гишүүн орнууддаа хэрхэн зөвлөх вэ?
-Аливаа халдварт өвчний тархалтыг хязгаарлах үр дүнтэй хэд хэдэн арга бий. Үүнд вакцинжуулалт, эрт илрүүлж эмчлэх. Харамсалтай нь, бидэнд вакцин алга, үр дүнтэй эмчлэх арга ч хомс. Үүнээс гадна өвчтөнийг тусгаарлах, хавьтлыг илрүүлэх зэргээр халдварыг хумьж болдог. Ерөнхийд нь хөл хорионы дэглэмийг өргөн хүрээнд авч үзэх ёстой. Тухайн бүс нутагт халдвар бүртгэгдвэл тэндхийн зорчигч, тээврийн хөдөлгөөнийг яаралтай хязгаарлах, улмаар олон нийтийн тэмцээн, уралдаан, боловсрол, соёл, урлагийн тоглолтыг зогсоох зэрэг арга хэмжээг цаашид ч авсаар байх болно. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр коронавирусийн эсрэг эм, вакцин гартал хүн төрөлхтөн арай өөрөөр буюу дасаагүй хэв маягаар амьдрах шаардлагатай боллоо.
-Манай улс БНХАУ-тай хамгийн урт хиллэдэг. Тэр ч утгаараа шинэ вирусийн халдвар өмнөд хөршид дэгдсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ авсан. Үүнийг зарим нь “Халдвар тархаагүй байхад хэт сүржигнэснээс болж эдүгээ олон салбарын санхүү, эдийн засагт хүндрэл учруулсан” хэмээн шүүмжилж буй. Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээг та хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?
-Засгийн газар, ЭМЯ-ныхантай өдөр бүр хамтран ажилладаг мэргэжилтэн, хувь хүнийхээ хувьд хэлэхэд, Монгол Улс халдварыг дотооддоо тархаахгүйн төлөө чадах бүхнээ хийж, үр дүнтэй шийдвэр гаргасаар ирснийг дахин хэлье. Хэдийгээр хөл хорионы дэглэм худалдаа, бизнес, аялал жуулчлал гээд олон салбарт дарамт учруулж байгаа ч хүний эрүүл мэнд хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой. Өмнө хэлсэнчлэн, халдвар удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй. “Ковид-19” бол ойрын зайн гүйлт биш, марафон”. Тиймдээ ч энэхүү урт хугацааны “гүйлтэд” Монгол төдийгүй дэлхийн улс орнууд бэлтгэлээ хангасаар байх болно.
Нөгөөтээгүүр, Монголын Засгийн газрыг өвчин бүртгэгдсэн, халдварын голомт бус нутгуудаас иргэдээ эх орондоо авчирч байгаа нь хүмүүнлэгийн маш том ажил гэж ойлгодог. Энд ажиллаж амьдарч буй гадаадын иргэний хувиар танай Засгийн газрын иргэнийхээ төлөө гэх сэтгэлээр бахархдаг.
-Монгол Улс хүн ам цөөнтэй. “Ковид-19” дотоодод дэгдвэл хэр хэмжээний хор, хохирол учрахыг хэн ч мэдэхгүй. АНУ, ОХУ зэрэг хөгжилтэй орнууд хүртэл ямар хүнд байдалд орж байгааг дэлхий даяар харж байна. Тиймээс бид цаашид өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чангатгах нь зүйтэй юу. Гэхдээ хэрхэн, яаж гэдэгт зөвлөгөө өгөөч?
-Яг одоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ сулруулахгүй, үргэлжүүлэх хэрэгтэй. Энэ нь үр дүнтэй байгаа учраас. Би нэг зүйлийг итгэл дүүрэн хэлж чадна. Монгол Улс халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авахдаа хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд үндэслэдэг. Өөрөөр хэлбэл, өвчний тархалт, бусад улсын туршлага зэргийг харгалзан, улс орныхоо онцлогт тохирсон тушаал, шийдвэр гаргасаар байх болно. Цаашид ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам эрчимжүүлэх хэрэгтэй. Учир нь халдварын тархалт нэмэгдсээр, хэзээ нэгэн өдөр өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрч ч мэдэх юм.
-Аль ч улсад хүн амын тоогоор эмнэлгийн ор бэлддэггүй. Тиймдээ ч цар тахлын үед “барьц алдаж”, эмнэлгүүд бүх зүйлээр дутагдаж байна. Гэтэл “Эрүүл мэндийн систем нь өндөр түвшинд хөгжсөн улс орнууд “мөлхөж” байхад Монгол Улс сүйрнэ” гэх хүн ч цөөнгүй. Манай эрүүл мэндийн салбарын чадавх яг ямар түвшинд байгаа вэ?
-Монгол Улсын эрүүл мэндийн систем харьцангуй сайн хөгжсөнийг энд тэмдэглэх нь зүйтэй. “Ковид-19”-өөс өмнө нь дэгдсэн халдварт болон халдварт бус өвчний үед ч ажилласаар байсан. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг нэрлэж болно. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй маш сайн хөтөлбөр. Хамгийн гол нь Монголын эрүүл мэндийн систем олон “давхаргатай”. Өрх, сум, аймаг, дүүргийн, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг III шатлалын төв эмнэлгүүдтэй. Гэхдээ улс орон бүрт адил, эрүүл мэндийн салбар нь хамгийн мөнгө санхүү шаарддаг. Тиймээс одоогийн бүрдүүлсэн системийнхээ тогтвортой байдлыг хангаж, улам сайжруулахын тулд санхүүжилтийг нэмэх хэрэгтэй.
-Иргэд амны хаалт зүүж хэвшсэн ч дулааны улирал ирж буйтай холбоотойгоор анхаарал, сэрэмж нь сулрах тийшээ хандлаа. Харин эрдэмтэд “Ковид-19” бол ханиад, томуу биш, аймшигт тахал гэдгийг өдөр бүр сануулсаар. Ганцхан хүний хариуцлагагүй үйлдэл нийгэмд асар их хохирол авчирсан жишээг мартаж болохгүй байх.
-Улирлын томуу жил бүр шинж тэмдгээ өөрчлөн, дэгддэг ч урхаг хүндрэл багатай. Харин шинэ коронавирус тийм биш учраас иргэд Засгийн газар, ЭМЯ-наас өгч буй заавар, зөвлөгөөг чанд дагах хэрэгтэй. Халдвараас сэргийлэх үндсэн аргуудыг олон нийт бараг цээжилсэн байх. Гэсэн ч гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, бээлий өмсөх, зөв ханиаж, найтаах хэрэгтэй. Эдгээрээс амны хаалт хэрэглэж хэвших их чухал. Өвчин гарсны дараачаас дэлхий дахинд амны хаалтны хомсдол үүссэн тул ДЭМБ зөвхөн халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, өвчтэй хүмүүст зүүхийг зөвлөсөн Харин одоо бол бүх улс оронд энэ дэглэмийг мөрдөж байгаа.