УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тус тус соёрхон батлав. Ингэснээр гадаадаас зээл, тусламж авах боломж бүрдэж буй. Дараа нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
Ё.БААТАРБИЛЭГ (БСШУС-ын сайд):
-Сонгууль дөхөж, цар тахал удаан үргэлжилсэнтэй холбоотой юм уу, цахим сүлжээнд худлаа мэдээлэл түгээж байна. Мөн “Үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй бол дампуурлаа, танхимын сургалт явуулмаар байна” гэх саналыг боловсролын байгууллагуудаас их ирүүлсэн. Эдгээр асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?
Х.НЯМБААТАР (Хууль зүйн байнгын хорооны дарга):
-Харилцаа холбооны зохицуулах хорооныхон ЦЕГ-тай хамтарч худал мэдээлэл түгээсэн хүнийг илрүүлж, торгох, фэйсбүүк хуудсыг нь хаах хүртэл арга хэмжээ авахыг хуулийн төслийн 9.16-д тусгасан.
Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад орон сууцын зээл олгоно гэж байхаар нэмэгдэл цалинг нь олгооч ээ. Ялангуяа хил дээр ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулах хэрэгтэй байна. Мөн худал мэдээлэл тараасан хүнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой.
Х.НЯМБААТАР:
-Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Худал мэдээлэл тараавал 500 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгоно. Нэмж хэлэхэд, орон сууцын зээл олгох нь хэрэгжих боломжгүй заалт биш. Борлуулагдахгүй байгаа орон сууцыг эргэлтэд оруулах, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах үүднээс ингэж тусгасан юм.
Ж.ГАНБААТАР (Эдийн засгийн байнгын хорооны дарга):
-Хорио цээрийн дэглэмд гурван сарыг өнгөрүүлсэн иргэд байдгаа барлаа. Улс нөөц хөрөнгөө гаргасан. Коронавирусийн нөлөө удаан үргэлжилж магадгүй. Эдийн засгийг сэргээх чиглэлд ямар арга хэмжээ авахаа тодорхой тусгасан юм уу?
Ж.ЭНХБАЯР:
-Эхлээд цар тахлыг дотооддоо алдахгүй байх хэрэгтэй. Дараа нь эдийн засагтай холбоотой асуудлаа шийднэ. Энэ эрхийг нь Засгийн газар болон Монголбанканд олгосон. Эдийн засгийн байнгын хорооныхон санал дэвшүүлж болно. Та нар ажлаа сайн хийх хэрэгтэй. Эдийн засгийн чиглэлээр авах арга хэмжээний тухай хуулийн төсөл боловсруулбал дараалал харгалзахгүй хэлэлцүүлэх эрхийг энэ хуулийн төслөөр нээж байна гэсэн үг.
Ө.ЭНХТҮВШИН (Шадар сайд):
-Онцгой нөхцөл байдал тохиож буй энэ үед нэг удаагийн хуулиа дагаж мөрдөх юм уу. Сонгуулийн цаг хугацааны хуваарь гарчихсан. Намууд тавдугаар сарын 10-наас нэр дэвшүүлэх хүнээ тодруулна. Өндөржүүлсэн бэлэн байдлаа сунгах шаардлага үүсвэл нэр дэвшүүлэх ажлаа хэрхэн зохицуулах юм бол. Саналаа яаж нууцаар явуулах вэ. 801 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай бие даагч нар яах юм бэ. УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах юм уу. Мөн хөл хорионы хугацааг сунгавал сонгуулийн сурталчилгааг хэрхэн зохион байгуулах вэ. Тусгаарлах байранд байгаа хүмүүсийн саналыг яаж авах зэрэг олон асуудал тулгарах магадлалтай. Тиймээс нэг удаагийн хуулиа УИХ-ын сонгуулийн тухай хуультайгаа сайтар уялдуулах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Асуулт тавьж, үг хэлж дууссаны дараа санал хурааж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүй байхаар хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ. Мөн кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бий болгох шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Т.Аюурсайхан гишүүн “Хуулийн төсөлд анхаарах зүйл их байна. Тухайлбал, улсын аюулгүй байдлыг нэг байгууллага дангаараа хариуцахад хүндрэлтэй. Кибер аюулгүй байдлыг олон талаас нь хангах ёстой. Үүнийг засахгүй баталчихвал хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл гарна. Хоёрдугаарт, хууль хооронд зөрчилгүй байх ёстой. ТЕГ-ын хариуцах үүргүүдийг Тагнуулын байгууллагын тухай хуульд маш тодорхой заасан. Тухайлбал, төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх үүрэг хүлээсэн. Дагалдах хуульдаа энэ зохицуулалтыг огт тусгаагүй байна. Тиймээс хоёр байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хуулийн давхцал үүсэж, улмаар ажил хийх хүн олдохгүй байх эрсдэлтэй. Хуулийн хийдлийг засахад хэлэлцүүлгүүдийн үеэр онцгой анхаараарай” гэв.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх боллоо. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн.
Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэе.
С.БЯМБАЦОГТ:
-Энэ удаагийн хуулийн төсөл нэлээд чамбай болсон. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө “Авлига албан тушаалын хэрэгт холбогдвол хуулийн хариуцлага хүлээнэ” гэдгээ илэрхийлэхээр тусгасан. Үүнээсээ няцвал гишүүнээс эгүүлэн татах тухай заалт бий. Мөн гишүүд төрийн бус байгууллагад элсэж болохгүй зэргээр хавсран гүйцэтгэх эрхийг нь хязгаарласан.
Б.БАТТӨМӨР:
-Олон улсын парламентын туршлагыг хэрхэн нэвтрүүлэх вэ. Манай улсад 640 гаруй хууль хэрэгжүүлж байна. Үүний хэрэгжилт ямар байгааг шинжилдэг, засаж, залруулдаг чиглэлд ямар өөрчлөлт хийж байна вэ?
С.БЯМБАЦОГТ:
-УИХ нь хууль тогтоомжийн биелэлтийг үнэлэх чиг үүрэгтэй гэж хуулийн төслийн 3.2-т тусгасан.
Х.БОЛОРЧУЛУУН:
-19-өөс дээш гишүүн Хянан шалгах түр хороо байгуулж болно гэж заажээ. Энэ хороо гэрч дуудах, мэдүүлэг гаргуулах, эрхтэй юм байна. Гэрч дуудаад ирэхгүй бол ямар хуулиар хариуцлага хүлээлгэх вэ. АТГ, прокурор маш их эрх мэдэлтэй. Тэдний үйл ажиллагаанд Хянан шалгах түр хороо хяналт тавих эрхтэй юү?
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна. Тэгэхээр энэ хороог ямар эрх, үүрэгтэйг нарийвчилсан хуулийн төслийг тусад нь боловсруулна” гэв. Ингээд УИХ-ын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд хүргүүллээ.
Үүнээс гадна НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ нэгтгэв.