Засгийн газрын олон нийттэй харилцах “11 11 төв” болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 утсанд даатгуулагчдаас ирүүлсэн санал, гомдлын дагуу өрхийн эрүүл мэндийн хэд хэдэн төв, эмийн санд албаныхан гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал, ЭМДЕГ-аас Баянзүрх дүүргийн “Сувилахуй”, Сонгинохайрханы “Ээлтэй” өрхийн эмнэлэг, “Монгол эм импекс” компанийн “Фарм маркет-5”, “Энто-1” эмийн сангийнхныг шалгахад эрүүл мэндийн даатгалын цахим системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийг ажлаас халсан, чөлөөлсөн, өөрчилсөн шийдвэрээ мэдэгдээгүй байжээ. Мөн эмчийн жор бичих эрхийг хаагаагүйгээс нэвтрэх эрхийг бусдад задруулсан зөрчил илрүүлсэн байна. Түүнчлэн “Фарм маркет-5”, “Энто-1” эмийн сангийн эрхлэгч нар иргэдийн бүртгэлийг ашиглан, даатгалын сангаас мөнгө завшсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад дүрэм, жумыг зөрчсөн аж. Тиймээс дээрх хоёр өрхийн эмнэлгийн эмч нарын цахим жор бичих эрхийг хааж, “Фарм маркет-5”, “Энто-1” эмийн сангийн даатгалын гэрээг цуцалжээ.
Бэлтгэсэн: О.Оргилох