Дэлхий дахинд өчигдөр 213 улс, бүс нутагт “Ковид-19” тархаж, халдвар авсан хүний тоо 2.5 саяыг давлаа. Манай улсад нийт 35 тохиолдол бүртгэгдэн, найман хүн эдгэрсэн. Халдвар авсан 27 хүнийг өчигдөр ХӨСҮТ-д эмчилж байв. Улсын хэмжээний тусгаарлах байруудад 1222 хүн байлаа. Тусгаарлах байрнаас өчигдөр 48 хүн гарч, 38 хүн нэмэгджээ.
ЭМЯ-наас 119 дугаарын утас 24 цагаар ажиллуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Уг утсанд уржигдар 226 дуудлага ирсэн байна. Тэдгээрийн 70 орчим хувийг хүүхдүүд, ялангуяа өсвөр насныхан амны хаалтгүйгээр гадуур сэлгүүцэн, бөөгнөрөл үүсгэж байгааг шүүмжилсэн дуудлага эзэлжээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ЭМЯ-наас анхаарууллаа.
ДЭМБ-аас “Ковид-19”-ийн шинэ шинж тэмдэг илэрснийг зарлажээ. Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн, халуу дүүгсэн тууралт гарч байгааг ДЭМБ мэдээллээ. Өөрөөр хэлбэл, коронавирусээр өвчилсөн хүмүүсийн арьсанд өөрчлөлт илрэх болжээ. Үүнийг “Ковид-19” халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болох нь. Уг шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна” хэмээн мэдээлсэн юм.
Бэлтгэсэн: М.Оч