Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол илрээгүй. Батлагдсан тохиолдлын хавьтал болох 26 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, тандалтад үргэлжлүүлэн хянагдаж байна. Тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллуулах шийдвэр гарч, нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Хойд хилээр орж ирсэн хүнийг хянах лаборатори бэлтгэгдсэн гэсэн үг. Батлагдсан 34 дэх тохиолдол буюу жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан нь тогтоогдсон юм.
Дархлалын системээ дэмжиж, сайн амарч, стрессгүй байцгаая. Орой 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл унтвал хүний арьс амарч, залуужиж, дархлалын систем хүчтэй болдгийг дэлхийн эрдэмтэд бичсэн байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Бид өглөө болгон онлайнаар хурал хийж мэдээллээ солилцдог. Дотор байгаа хүмүүсээ сайн анхаарч байна. Ялангуяа эмчлэгдэж байгаа хүмүүст сэтгэл зүйн хувьд маш сайн дэмжлэг өгч ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.