УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжив. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг шинэчлэх гэж буй. Төсөлтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар асуулт тавьж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтын талаар Ж.Батзандан гишүүн тодруулсан юм. Ингэхдээ Цэц Үндсэн хуулийн 66.2.4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөн Цэц УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эгүүлэн татахаар тусгажээ. Түүнчлэн гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан нөхцөлд эгүүлэн татах тогтоол батлах гэнэ.
Хянан шалгах түр хорооны талаар Ж.Батзандан гишүүн тодруулахад, Д.Лүндээжанцан гишүүн “Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар тусгасан. Гэхдээ УИХ-ын тогтоолоор байгуулах бөгөөд нэг жил хүртэл хугацаатайгаар ажиллуулж болно. Уг хороо нь тухайн асуудлаар холбогдох албан тушаалтан, гэрчийг дуудан ирүүлэх, хянан шалгагч, шинжээч томилох, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, мэдээлэл гаргуулах бүрэн эрхтэй байх юм. Ингэхдээ Үндсэн хуулиар тогтоосон УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хяналт, шалгалт явуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно. Түр хороо хяналт, шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж гаргасан тайлангаа УИХ-д танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцох юм” хэмээн хариулсан. Тус түр хорооны тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх, эсэхийг шүүх л шийдэх юм байна.
Гишүүн О.Баасанхүү УИХ дахь нам, эвслийн бүлгийн талаарх зохицуулалтуудыг тодруулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Бие даан нэр дэвшиж, сонгогдсон болон сонгуулиар наймаас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж, нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт нэгдэн орох, бүлгээс гарсан гишүүд нэгдэж, бие даан өөр бүлэг байгуулахыг хориглохоор тусгаад буй. УИХ-д бүлэг байгуулсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох бөгөөд бүрэлдэхүүнд нь байсан гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулахыг хориглох юм. Түүнчлэн гишүүд хамтран УИХ дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын хэлбэр үүсгэхийг хориглох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа” гэв.
Гишүүн О.Баасанхүү энэ өдөр АН-ын гишүүний үнэмлэхээ намын даргаасаа гардан авсан. Улмаар тус нам УИХ-д бүлэгтэй болно гэж мэдэгдсэн юм. Гэвч ийм боломж, зохицуулалт өнөөгийн хуульд ч үгүй юм. Үе үеийн улстөрчид нэг намаас нөгөөд очих, бие дааж сонгогдчихоод улс төрийн аль нэг хүчний харьяанд очих бүрт энэ асуудал сөхөгддөг. Харамсалтай нь, тэд мэдсээр байж ийн мэдэгддэг нь нууц биш. Тиймээс УИХ-ын тухай хуулийг шинэчлэхдээ энэ мэт харилцаа, зохицуулалтыг ойлгомжтой, тодорхой болгохыг зорьж буй аж.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Д.Лүндээжанцан гишүүнийг томиллоо. Бүрэлдэхүүнд нь гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар ажиллах нь.
Бэлтгэсэн: Б.Уран