Covid-19 цар тахлын үед хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй хэмээн НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрийн /ДХХ/ гүйцэтгэх захирал Дэвид Бизли мэдэгджээ. “Хэрэв бид яг одооноос хүнсний хангамжийг шийдэх арга хэмжээ авахгүй бол хэдхэн сарын дараа олныг хамарсан өлсгөлөн нүүрлэнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Өлсгөлөнд нэн тэргүүнд зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт амьдардаг хүмүүс нэрвэгдэх аюултай аж. Тиймээс ДХХ-ын тэргүүн сөргөлдөгч талуудаас хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүрэх боломж гаргахын хүсжээ. Мөн тэрхүү тусламжийг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж, хөдөлгөөнийг хангах ложистикийн төвүүдийн сүлжээг байгуулахад 350 сая долларын хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон байна. Түүнчлэн ДХХ-ын тэргүүн санхүүжилтийн хомстол, худалдааны тасалдал, өлсгөлөнд нэвтрэх боломжийг алдахаас зайлсхийх хэрэгтэйг сануулж, эртнээс сэрэмжлүүлэг өгөх тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг онцолжээ. 2020 оны сүүлч гэхэд цар тахлын улмаас дэлхийн 130 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж ДХХ-ын шинжээчид мэдэгдсэн байна.