Шинэ төрлийн коронавирус амьтнаас гаралтай гэж ДЭМБ үзэж буй тухай тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Фадела Шаиб мэдээллээ. Уг вирусийг лабораторид бүтээсэн байж болох, эсэх талаарх таамаглалыг тэрбээр ийн тайлбарлажээ. Хятадын эрдэмтэд коронавирусийн “PiCoVacc” вакцинаа хулгана, харх, сармагчинд туршсан нь амжилттай болж,
“SARS-CoV-2” вирусийн 10 өөр төрлийг устгах эсрэг биет үүсгэж буйг тогтоосон байна. Дэлхий даяар халдварласан хүний тоо 2.5 сая дөхөж буй энэ үед нас барагсдын тоогоор Европтоо тэргүүлж буй Италид даваа гарагт анх удаа халдварын тохиолдол өмнөх өдрийнхөөс 20-иор цөөрсөн нь бүртгэгдэв. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Британийн хатан хаан II Элизабет төр барьсан цагаас хойш анх удаа, 94 насны ойгоо уламжлалт ёслолын буудлагагүй тэмдэглэлээ. ОХУ-ын 100 орчим сэтгүүлчээс коронавирус илэрсэн бол 500 гаруй сурвалжлагч хөл хорионд орсон тухай тус улсын Холбоо харилцааны орлогч сайд Алексей Волин мэдээлэв.