Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллах бүрэлдэхүүнийг хуульд заасан хугацаанд байгуулсан талаар СЕХ-ноос мэдээлэв. Аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан нийт 189 хороо байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар дахь сонгуулийн хороог нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж, Баянгол дүүргийн ИТХ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн Нийтлэг үйлчилгээний албаны дарга Т.Нямцэцэг нарийн бичгийн даргаар нь ажиллах аж. Харин гишүүдээр нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Хууль, эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтсийн зохион байгуулагч Б.Мөнхбаяр, Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, мөн тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий мэргэжилтэн Б.Төгслхам, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн дарга П.Булганмаа, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Батбаяр нар ажиллах нь. Харин 21 аймгийн сонгуулийн хороодод ажиллах бүрэлдэхүүн тус бүр есөн гишүүнтэй байхаар зохицуулсан байна. Тэд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулахын зэрэгцээ төрийн болон нутгийн өөрөө удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах чиг үүрэгтэй. Мөн СЕХ-ноос хуваарилсан төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, хуваарилах, саналын хуудас болон техник хэрэгслийг хүргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг нэгтгэх эрхтэйг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт тодотгожээ.