Ажилсаг хүн амны хишигтэй, залхуу хүн заяа муутай. Ажлын сайнаар амьдрал дэвжинэ, бэлчээрийн сайнаар мал таргална. Эрхэлж буй ажилдаа нүүр бардам эзэн болж байгаа хүн урамтай. Өөрт ногдсон ажил үүргээ хэнээс ч дутахгүй гүйцэтгэж, илүү хийх эрмэлзэл, тэмүүлэлтэй хүн амжилтын шатаар үргэлж дээш ахиж байдаг. Эрхэлсэн ажилдаа эзэн болж, хамт ажиллагсдынхаа итгэлийг дааж ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Үйлдвэрт надтай хамт алтан гартай, бурхан засварчин ажилладаг байлаа. Үйлдвэрийн машин техникийн ямар ч гэмтэл согогийг яаж ийж байгаад л засаж хөдөлгөнө. Түүний гар хүрсэн бүхэн илбийн юм шиг засагдана. Ажилдаа сэтгэл зүрхээ зориулан чармайн зүтгэнэ. Залхуурч, хойш сууна гэсэн ойлголт түүнд байхгүй. Шөнөжин ажиллаж, өглөө нүд нь улайж, нүүр, гар нь тос тортогт харлаж, үс нь өрвийчихсөн, засчихлаа, болгочихсон шүү гээд инээж зогсоно. Өдөржин, шөнөжин ажилласнаа хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх ёстой үүргээ биелүүллээ гэж үзнэ.
Тэр зөвхөн алтан гартай биш, дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг ухаан зарж, учрыг олж, ур чадвараа үзүүлэх нь бахархам. Жижиг сажиг зүйлийг ч маш нягт нямбай хийх тэсвэр тэвчээр нь бусдадаа нэн сайн үлгэр дуурайлтай. Ажлын төлөөх сэтгэл, ажлаа сайн хийх хичээл зүтгэл, итгэл дааж, найдаж болох хүн чанартай, эрхэлсэн ажилдаа эзэн болсон ажилсаг түүнийг азын тэнгэр байнга ивээж байсан юм. Илүү дутуу зангүй, илүү дутуу үггүй ажлаа л сайн хийдэг тэр засварчныг дээр, дооргүй хайрлаж хүндэлнэ. Олон жилийн хойно тэрбээр их сургуульд элсэн орж, мэрийн суралцсан. Зарим багшаасаа ахмад оюутан дунд сургууль төгссөн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн хичээн зүтгэсээр амжилттай төгсөж, сайн инженер болсон юм. Амжилтдаа цадаж, нэр хүнддээ ханаж, ажиллаж эхэлсэн цэгтээ үлдэхийг хүсээгүй тэрбээр инженер болох том зорилго тавьж, ахиж дэвших хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зүтгэсээр шинэ амжилтын эзэн байж чадсан.
Хүн одоогийн байдалдаа сэтгэл ханамжтай байх хэрэгтэй, гэхдээ энэ нь цааш ахиж, өсөж хөгжин, илүү томд зорихоо орхи гэсэн үг ердөө биш. Нэг зорилго чинь биелсэн бол өмнөхөөсөө бүр том, илүү шинэлэг зорилго тавьж, хичээн зүтгэх хэрэгтэй. Зорьсондоо хүрч чадсан бол үнэхээр сайн, зорилго биелээгүй ч гэсэн зорилгогүй өдөр хоногийг өнгөрөөж байснаас хавьгүй дээр. Зорилгоо хэрэгжүүлэхээр зүтгэсэн зүтгэл, хичээсэн хичээлт, чадах бүхнээ хийсэн хөдөлмөр чамд хэрэг болсон, цаашид ч хэрэг болно. Зорьсондоо хүрч чадсангүй гэж гутрах хэрэггүй. Зорилгоо хэрэгжүүлэхээр зүтгэхдээ ийм аргаар хийж болохгүй юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн бол том ололт. Алдаа гаргасан бол хэт их гэмших хэрэггүй. Гаргасан алдаагаа давтахгүй байх дархлааг өөртөө тогтоож чадан, сургамж авсан бол хожмын хэрэгт тустай. Алдартай хүмүүс бүгд л өөрийн алдааг хүлээн зөвшөөрч чадах сэтгэлийн тэнхээтэй, алдаанаасаа суралцаж чадах ухаантай, түүнийгээ засаж чадах эр зориг, эрч хүчтэй байсан.
Зорилгоо хэрэгжүүлэхээр чармайн зүтгэхдээ том, бага бэрхшээлтэй тулгарна. Том зорилго том бэрхшээлтэй учирдгийг мартаж болохгүй. Ер нь бэрхшээл боломжтойгоо холбоотой хоёр бяруу шиг хамт ирдэг. Бэрхшээлийг боломж болгон хувиргах бололцоо хэзээд нээлттэй байна. Гагцхүү уйгагүй ажиллаж, бас дахин ажиллах л шаардлагатай. Бэрхшээлийг туулах эр зориг нэмэгдэж, итгэл батжин, сэтгэлийн хат суусан бол биелээгүй зорилгоос үлдэж хоцорсон өв хөрөнгө тэр болно. Зорилго урсгалаараа өөрөө хэрэгжихгүй. Зорилгоо хэрэгжүүлэх ажлыг нарийн нягт төлөвлөн, зохион байгуулах шаардлагатай. Сайн төлөвлөлт ажлын талыг хөнгөвчлөн, сайн зохион байгуулалт хүчийг олон дахин нэмэгдүүлдгийг мэдэж, зөв зүйтэй ашигла. Зорилготой байж, төлөвлөгөөтэй ажилладаг хүн бусдаас түрүүлдэггүй юм аа гэхэд хэзээ ч хоцрохгүй. Зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлж чадаж байгаа бол туйлын сайн хэрэг, үнэхээр бахархам үйлс. Зорилго гэж нэрлэдэггүй юм аа гэхэд хүн бүр өөрийнхөө амьдралыг чиглүүлэх зүйлтэй байх ёстой.
Хүн өөртөө том, жижиг ямар ч зорилго тавьсан хамаагүй, түүндээ хүрч чадаж л байвал амжилтад хүрлээ гэж ойлгож болно. Олонд нэртэй, орчлонд данстай хүмүүсийн намтрыг сөхвөл тэд бүгдээрээ л чин хүслээ дагаж, сэтгэлийн дуудлага, зөн мэдрэмжээрээ зорилгодоо үнэнч байсаар амжилтын эзэд болсон байдаг. Бүр их амжилтад хүрсэн хүмүүс нь бусад хүн чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй гээд шантарсан зүйлийг барьж авч, ямар их хүндрэл бэрхшээлтэй тулж тулгарлаа ч ухарч няцалгүй, эр зоригоороо туулан гарч чадаж байжээ. Тэрбумтны жагсаалтад дээгүүр бичигддэг эрхэм “Би амжилтаараа гайхуулахыг хүсэж байгаагүй. Ажилдаа дур сонирхолтой тэмүүлж, дуртай ажлаа бүхнээс сайн хийхийг л хүссэн юм” гэж даруухан өгүүлжээ. Зорилгоо хэрэгжүүлэх чин хүсэл, өөртөө итгэх итгэлтэй байж зорьсондоо хүрнэ. Итгэл, хүсэл байхгүй бол зорилгоо хэрэгжүүлэх мөрөөдөл чинь зэрэглээ адилхов хоосон үлдэнэ. Өөртөө итгэлтэй хүн л бусдын хүрч чадаагүйд хүрч, хийж чадаагүйг хийж, хаалттай хаалгыг онгойлгосон байдаг. Хувийн зохион байгуулалт, тэсвэр тэвчээр, сахилга бат зорилгодоо хүрэхэд тусална. Зорилго, амжилт хоёрыг холбогч гүүр нь сахилга бат юм. Амжилтын төлөө сахилга баттай хичээхгүй бол амжилт чамайг харамсах сэтгэлгүй орхин одох болно.
Ажилсаг хүн санаачилгатай. Ажилсаг чанар нь өөрчлөлт, шинэчлэл болон бүтээлч байдлын үндэс суурь юм. Хий гэснийг сахилга, хариуцлагатай хийдэг хүнийг сайн ажилтан биш гэх аргагүй. Тэрийг хий гээгүй байхад санаачилгаараа төгс сайн хийдэг хүн бол сайн ажилтан мөн. Бүтээмж дээшлүүлэх, үр ашиг өсгөх, хөдөлмөр хөнгөвчлөх цоо шинэ санаачилга гарган хэрэгжүүлдэг шинийг санаачлагч, хэд хэдэн хүний ажлыг давхар хийчих ур чадвартай хүмүүс бол бүр сайн ажилтнууд. Тийм хүмүүс хаана ч гэсэн эрэлт ихтэй, үнэлгээ өндөртэй байна. Бүтээлч, шинийг сэдэгч, сод ухаантай хүмүүстэй ойр ажиллаж байгаа бол тийм хүмүүстэй уулзуулж өгсөн бурханд дахин баярла. Алтны дэргэд байсан гууль шарладаг гэдэг. Санаачилга нь хэн нэгэн буянтны бэлнээр хайрладаг хишиг биш, санаачилга хүний өөрийнх нь оюун ухааны бүтээл юм. Төсөөлөн бодох, ургуулан сэтгэх, харьцуулан жиших ухаанаас шинэ санаа, шилдэг санаачилга төрнө. Шинэ санаа, шилдэг санаачилга өөрөө ажил хэрэг, бэлэн бүтээгдэхүүн болон хувирахгүй. Санаачилгыг ажил хэрэг болгохоор шахаж шаардаж, шинэ санааг бүтээгдэхүүн болгохоор махран хөдөлмөрлөж, бэрхшээл саадыг даван туулахгүйгээр гайхалтай сайхан санал, санаачилга ч үр дүнгүй, элс рүү асгасан аяга ус адил шингэн арилна. .Дороос гарсан санаачилгыг өөд нь татаж, өлгийдөн авдаг ухаантай удирдагч ус, агаар мэт хэрэгтэй. Аливаа шинэ санаачилгын үнэ цэнийг зөвхөн түүний ач холбогдлыг мэддэг хүн л ойлгодог юм. Тэр зүйл тэнд л үнэ цэнтэй байдаг. Сармагчин нүдний шил олоод бөгсөндөө барьж үзэв гэдэг шиг ач холбогдлыг нь ойлгохгүй хүнд алт мэт шинэ санаачилга сохор зоосны ч үнэгүй сонсогдоно. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг, шинийг сэдэж санаачилдаг хүний амжилт ахиж, амьдрал нь өөдлөн дэвжих нь зүй ёсны хэрэг. Өөрчлөлт шинэчлэлд дургүй хүнээс азын тэнгэр уйдаж цөхрөн нүүр буруулан холдоно.
Ажилсаг хүмүүс цаг ашиглах дөрвөн эрдэмд сайтар суралцсан байдаг. Дөрвөн эрдэм гэдэг нь цагийн юмыг цагт нь хийх, бага цагт их зүйл амжуулах, одоо хийх зүйлээ дараа гэж хойш тавихгүй байх, цаг заваа зөв ашиглах зэрэг юм. Цагийн ажил цагтаа сайн, цахилдаг ногоо хавартаа сайн. Ихэнх хүн ажлаа амжуулахгүй, цаг бага байгаа тухай улиг болгон үглэдэг. Цаг хугацаа чинь хүрэлцэхгүй байгаа бол энэ чиний л хэрэг шүү дээ. Бусад хүнд өөрөөс чинь илүү цаг оноогоод өгсөн гэж бүү бод. Цаг хугацаа бүх хүнд тэгш үйлчилдэг, хамгийн шударга зүйл. Хэний ч нэг өдөр чинийхээс урт биш. Бид бүгдээрээ өдөр бүр их ажил амжуулаад байгаа хүмүүсийн адил хугацаанд амьдарч, аж төрж байна. Чиний нэг хоног 24 цагтай байхад бусдынх 48 цаг байхгүй шүү дээ. Хэчнээн их завгүй байсан ч ажил амжуулах цаг хэзээд олдоно. Хүн хэдийчинээ их ажиллана, цаг заваа зөв ашиглаж сурдаг юм. Цаг мөчийг эрдэнэ мэт үз, цааш чармайхаа үүрд бод.