Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
Тэрбээр "Коронавирусийн халдварын 34, 35 дахь тохиолдол ОХУ руу тээвэр хийдэг жолооч нар. Гэр бүлийн хүмүүс бөгөөд эхнэртэйгээ хамт олон улсын тээвэрт явж байжээ. Энэ хүний хавьтал 49 хүнийг тогтоосон. Сэлэнгэ аймгаас хавьтал болох 12 хүний шинжилгээний хариу ирж байгаа. Замын-Үүдээс мөн шинжилгээний хариу ирнэ. Ойрын хавьтал бөгөөд Улаанбаатарт ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Энэ жолооч нар тусгаарлагдаж байсан. 16-ны өдөр Алтанбулагийн боомтоор 32 машин ирснээс 21 нь орос хүн учир ачаагаа буулгаад буцсан. Жолооч нарыг замдаа зогсох, уулзахаас сэргийлэх хоёр талдаа цагдаагийн хяналтын дор Улаанбаатарт оруулж ирсэн" гэж хэлэв.