УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Маргааш нэгдсэн хуралдаанаар “оруулаад”, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихнэ. Ирэх долоо хоногт бараг баталчих болов уу. “Төрийн аудитын байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор шинэчилнэ” гэх нэрийн дор яаран батлах гэж буй уг хуулийн төсөлд хэрхэвч хүлээн зөвшөөрч боломгүй нэг заалт бий. Тэр нь улс төрийн намын мөрийн хөтөлбөр, зардлыг хянах чиг үүргийг төрийн аудитын байгууллага буюу Үндэсний аудитын газарт хамаагүй болгож, Төрийн аудитын тухай хуулиас хасах гэж буй явдал. Энэ эрх, үүргийг эл байгууллагаас авч хаяад, өөр хаана шилжүүлж, харьяалуулах нь ч огтоос тодорхойгүй. Үндсэндээ намуудын санхүүжилтийг хянах хууль ёсны, цор ганц механизм үүгээр “нүд аних” гэж байна. Намын санхүүжилтийг хянах үүргийг Үндэсний аудитын газарт үлдээгээч, гишүүд ээ.
УИХ-ын төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, эсэх болон түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийнх нь талаар Үндэсний аудитын газар дүгнэлт гаргадаг болоод гурав дахь сонгуультайгаа золгох гэж байна. Мөрийн хөтөлбөрөөр зогсохгүй УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардлыг нь ч тэд шалгадаг. Энэ удаагийн сонгуулиар гэхэд л дундаж цалинг 2-5 сая төгрөгт хүргэх, орон сууц үнэгүй олгоно, барьцаагүй зээл өгнө, уул уурхайн баялгаас хишиг, хувь хүртээнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэх мэт хэрээс хэтэрсэн амлалтаас аудитынхан ард түмнийг “хамгаалах” үүрэгтэй. Үнэндээ намууд, улстөрчдийн популист амлалтын золиос нь өнөөгийн бид, Монгол Улс болчихоод буй. Өнөөдөр ч “буухиа” нь тасраагүй бэлэн мөнгөний амлалтаас болж манай эдийн засаг хэрхэн сөхөрч, хойшид бидэнд ирэх байсан олон боломжийг үгүй хийсэн.
Харин одоо энэ ажлыг Үндэсний аудитын газар хийхээ болих гэж байна. Ер нь улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, санхүүжилт хяналтгүй хоцрох нь. Намуудын сонгуулийн санхүүжилт манай нийгэмд хамгийн их анхаарал татаж буй атлаа засаж, залруулж, зөв голдиролд нь оруулж дөнгөхгүй байгаа том асуудал. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар намууд байдгаа барж, байхгүйг “бий болгон” цацдаг. Хэдхэн сарын хугацаанд асар их хэмжээний хөрөнгийг наашаа харж инээж, цаашаа харж уйлан байж зарцуулдаг. Аймшигтай нь, тэр мөнгөний гарал үүсэл төдийгүй очих “хаяг” нь ч учир битүүлэг. Гагцхүү “но”-той гэдгийг нь л нотлох шаардлагагүй. Чухам үүнд хууль ёсны дагуу, бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьж байсан цор ганц байгууллага нь Үндэсний аудитын газар. Бүрэн дүүрэн биш ч гэлээ тус байгууллага нам, эвслүүдэд зохих ёсоор, цаасан дээр ч болов хяналт тавьж, “айлгаж” байсан юм шүү.
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулсан. Тэд дээрх зохицуулалтыг уг хуулиас хасах үндэслэлээ “2003 онд анх баталсан Төрийн аудитын тухай хуулийн үйлчлэх хүрээнээс хальсан, үзэл баримтлал, зорилготой нь нийцээгүй, хэрэгжилтийн үр нөлөө нь тодорхойгүй, төрийн аудитын байгууллагыг улс төрийн шинжтэй харилцаа, маргаанд татан оруулах эрсдэлтэй, Үндэсний аудитын газрыг төсөв, санхүү, хүний нөөцийн хувьд хүндрэл үүсгэж байгаа” хэмээн тайлбарлаж буй. Тийм ээ, намуудын хүсээгүй дүгнэлтийг гаргаснаасаа болж элдвээр хэлүүлж магадгүй. Мөрийн хөтөлбөрүүдийг богино хугацаанд шалгаж, дүгнэхэд тэдний төсөв, санхүү, хүний нөөц дутагдаж байх талтай. Энэ мэт олон асуудал тулгарч болох ч Төрийн аудитын тухай хуулиас эдгээр заалтыг хасаж болохгүй ээ.
Үндэсний аудитын газрыг улс төрийн намын мөрийн хөтөлбөр, зардлыг хянах чиг үүрэггүй болгох гэж буй талаар зарим судлаачийн байр суурийг сонслоо.
БАЙР СУУРЬ
ЭНЭ БОЛ БОДЛОГЫН НАМ БИЙ БОЛГОЖ, ТӨЛӨВШҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ
Э.ГЭРЭЛТ-ОД (Улс төр судлаач, доктор):
-Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, зардлыг хянах чиг үүрэг төрийн аудитын байгууллагад хамаагүй болох гэж байх шиг байна. Энэ тухайд та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Дэлхий даяар улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах нь ардчилал, шударга ёс, хүний эрхийн чухал асуудал гэж үзэж, олон шийдлийг туршин, хэрэгжүүлж байна. Үүний нэг нь төрийн аудитын байгууллага намын орлого, зарлагыг хянаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь аудит хийх явдал. Учир нь засаглалыг хэрэгжүүлэх онцгой эрхийг нам сонгуулиар авдаг. Шударгаар өрсөлдөж энэ эрхийг авах нь ардчилсан сонгуулийн мөн чанар. Гэвч сонгууль нь нам, нэр дэвшигчдийг хууль бус хандив авах, зарцуулах, сонгогчдын саналыг татах зорилгоор биелэх боломжгүй амлалт өгөх замаар шударга бус өрсөлдөөн үүсгэдэг. 2008 онд намууд бодлогын бус, мөнгөн амлалтын өрсөлдөөнөөс сургамж авч, 2012 оноос мөрийн хөтөлбөрийг нь төрийн аудитын байгууллага хянах хуулиар зохицуулсан. 2016 оноос сонгуулийн зардлыг нь хянаж эхэлсэн. Гэвч төрийн аудитын байгууллага энэ үүргээсээ татгалзах агуулга бүхий хуулийн төслийг УИХ өнөөдөр хэлэлцэж байгаа нь харамсалтай. Бид намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлд дээр дурдсан хоёрхон алхмыг хийсэн. Цаашид олон нийтэд ил тод болгох шаардлагатай олон асуудал бий.
-Үндэсний аудитын газар дээрх чиг үүргийг хэрэгжүүлснээр манайд ямар ахиц, нааштай үр дүн гарсан бэ?
-Намуудын мөрийн хөтөлбөрийг сонгогчид шүүмжилдэг болсон нь маш том дэвшил. Цаашид биелэх боломжгүй амлалтуудад хууртагдахгүй байхыг хүсэж, төрийн аудитын байгууллагад итгэл тавьж байгаа. Энэ бол улс төрийн намыг бодлогынх болгож, төлөвшүүлэх хөшүүрэг. Нам ул суурьтай үндэслэл бүхий бодлого боловсруулдаг институц болж төлөвших, мөрийн хөтөлбөрөө хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар бодлогын өрсөлдөөн өрнүүлдэг болох нь манай улсын тогтвортой хөгжлийн үндэс. Бидэнд асуудал тулгарч байгаа ч алхам алхмаар урагшилж, дэвших хөгжил. Гэтэл төрийн аудитын байгууллагад ийм чадавх байхгүй, биднийг улс төрийн маргаанд татан оруулж байна гээд хөгжил, ил тод байдлаас ухарч байгааг нь ойлгохгүй юм.
-Намуудын мөрийн хөтөлбөр, зардлыг хянах чиг үүргийг Үндэсний аудитын газар биш юм гэхэд чухам аль байгууллага хариуцах ёстой юм бол?
-Энэ чиг үүргийг төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэх нь хамгийн ач холбогдолтой.
САЙЖРУУЛАХЫН ОРОНД ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ХЯНАЛТГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙГАА НЬ ТОМ УХРАЛТ
Д.ЭНХЦЭЦЭГ (Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач):
-Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан чигээр нь баталж, намуудын мөрийн хөтөлбөр, зардалд хяналт тавих ажлыг Үндэсний аудитын газрын чиг үүргээс хасах нь улс төрийн санхүүжилтийг ил тод болгохоос зайлсхийж, хүрсэн ололтоосоо ухарч буй хэрэг гэдэгтэй та санал нийлэх үү. Намын санхүүжилт хяналтгүй болох нь ямар үр дагавартай вэ?
-Монгол Улс ардчилсан сонгуулийн замаар төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулж ирсэн 30 жилийн хугацаанд намууд болон нэр дэвшигчдийн зарцуулах мөнгөний хэмжээ өссөөр хэдэн арван тэрбум төгрөгт хүрсэн. Гэвч энэ их мөнгө ямар эх үүсвэрээс гаралтай, юунд зарцуулагдаж байгаа талаар сонгогчдод хүрэх мэдээлэл хомс хэвээр байна. Чухам ийм хаалттай байдал нь улс төрийн хүрээний буюу өндөр түвшний авлига газар авах нэг нөхцөл болдог талаар гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид анхааруулан, сануулсаар өдий хүрсэн. УИХ-ын 2016 оны сонгуулиар анх удаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайланг төрийн аудитын байгууллага хянаж эхэлсэн нь сонгуулийн санхүүжилтийн мэдээллийг ил тод, хяналттай болгоход чиглэсэн дэвшилт алхам байсан. Энэ үүргээ цаашид хэрхэн биелүүлэхэд анхаарч, аргачлалаа олон улсын стандартад нийцүүлэн, боловсронгуй болгож, хяналтаа улам сайжруулахын оронд “төрийн ажлыг улстөржүүлэх нь” хэмээн ойлгомжгүй үндэслэл тавьж, зардлын тайланг дахин хяналтгүй болгох гэж байгаа нь том ухралт. 2019 оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах талаар тусгасан. Эл байгууллагын үйл ажиллагаа ямар ч нөхцөлд улс төрөөс хараат бус байх ёстой. Одоо хэлэлцэж буй Төрийн аудитын тухай хуулийн төсөлд яг энэ баталгааг хангахад чиглэсэн заалтуудыг тусгах ёстой, харин ч чиг үүргээс нь хасах гэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Гүрж, Финланд гээд бусад ардчилсан улсад төрийн аудитын байгууллага нь мэргэжлийн үүднээс, бүхий л хүч бололцоогоо дайчлан хийж болоод байхад манайд яагаад хасаж, хэрэгжүүлэх боломжгүй гээд байгааг уг төсөл, үзэл баримтлалыг нь боловсруулсан хүмүүсээс тодруулж, тайлбар сонсох хэрэгтэй.
-Ер нь энэ чиг үүргийг аль байгууллага хэрэгжүүлэх нь тохиромжтой байдаг юм бэ?
-Сонгуулийн зардалд Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавих ёстой гэж манайхны зарим нь ярьдаг. Сонгуулийн төв байгууллага нь хяналт тавьдаг улс орон бий. Гэхдээ аудит хийх мэргэжлийн, томоохон баг, бүрэлдэхүүн сонгуулийн төв байгууллагын бүтцэд ажилладаг. Жишээ нь, АНУ-ын Үндэсний сонгуулийн хороонд нь 200 орчим аудитор ажилладаг гэдэг. Манайд одоогоор тийм бололцоо байгаа бил үү? Европын жишээг аваад үзье. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын 21 хувьд нь төрийн аудитын байгууллага, 29 хувьд нь сонгуулийн төв байгууллага, есөн хувьд нь шүүх, 18 хувьд нь тусгай чиг үүрэг бүхий байгууллага хяналт тавьж байна. Өөрөөр хэлбэл, аль ч нөхцөлд энэ чиг үүргээ хэрэгжүүлэх нөөц бололцоо, хараат бус байдал чухлаар тавигддаг. Тиймээс одоогоор манайд хамгийн зөв шийдэл нь Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэхдээ үйл ажиллагаагаа хараат бус явуулах бололцоог нь хангах явдал. Улмаар намуудын сонгуулийн зардлын тайланд хяналт тавих чиг үүргийг хэвээр үлдээх нь зүйтэй.
САНХҮҮЖИЛТИЙН ХЯНАЛТЫГ НЭГ БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЖҮҮЛДЭГ ТОГТОЛЦОО ҮР НӨЛӨӨТЭЙ
А.ЭНХБАТ (МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор):
-Намуудын зардал, санхүүжилтэд хяналт тавих хууль, эрх зүйн орчин манайд хэр хангалттай байна вэ?
-УИХ 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн 16-20 дугаар зүйлд намын хөрөнгө, орлого, түүний зарцуулалт, гишүүний татвар, хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, санхүүгийн хяналтын талаар зохицуулсан заалтууд байдаг. Намын зардал, санхүүжилт, түүнд тавих хяналтыг үүгээр зохицуулсан юм шиг харагдаж байгаа ч энэ бол ёс төдий л зүйл байдаг. Намууд дотоод бүтэц буюу хяналтын үүрэгтэй хэсгээрээ санхүүгийн хяналтыг хэрэгжүүлдэг мэт боловч энэ нь гишүүддээ төдийлөн ил тод бус, олон нийтэд нээлттэй биш. Удирдлагадаа танилцуулах зорилготой ажилладаг нь холбогдох тайлан, мэдээллийг үнэн зөв гаргадаг гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьж байсан хүчин болох МАХН, МАН, АН-ын төсөв, хөрөнгө, түүний зардал, санхүүжилт нуугдмал явж ирсэн. Үүний цаана мэдээж авлига, улс төрийн санхүүжилтээр дамжин аль нэг хэсэг, бүлгийн барьцаанд орох, эсвэл компанийн эрх ашгийн төлөө үйлчлэх нөхцөл бий болдог. Хууль, хяналтын байгууллагууд өнгөрсөн 30 жилийн баримт, мэдээллүүдийг нарийн судалбал хууль бус зүйл олныг илрүүлэхийг үгүйсгэхгүй. Үндсэндээ манайд намын болон сонгуулийн санхүүжилт, түүнд тавих хяналт, зохицуулалтын эрх зүйн орчин сул, авлигад өртөх эрсдэл өндөр байгаа.
-Намын санхүүжилтэд тавьж буй хууль ёсны гэж хэлж болох хяналт буюу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөр, зардалд нь аудит хийж буй одоогийн зохицуулалтыг боловсронгуй, үр дүнтэй болгохын тулд юу хийх ёстой вэ?
-Энд хэд хэдэн зарчмын асуудал хөндөгдөнө. Нэгдүгээрт, Үндэсний аудитын газар нь УИХ-ын харьяа, Үндсэн хуулийн байгууллага биш. Энэ нь аудитын олон улсын стандарт болох хараат бус, бие даасан байх гэсэн үндсэн зарчмаас гажсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн аудитын байгууллагын удирдлагыг УИХ томилдог. Тодорхой хэлбэл, парламентад олонх болсон нам ерөнхий аудиторыг томилдог нь тухайн намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, эсэх талаарх төрийн аудитын байгууллагын дүгнэлтэд эргэлзэх шалтгаан болдог. Тиймээс Үндэсний аудитын газрыг Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай. Дэлхийн ихэнх орны төрийн аудитын байгууллага нь Үндсэн хуулийн статустай байдаг. Хоёрдугаарт, нэр дэвшигч болон намын мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай нийцсэн, эсэхийг шалгах ямар шалгуурууд байх нь бүрхэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангаж буйг нягтлах үзүүлэлтүүд нь тодорхой бус. Ийм нөхцөлд төрийн аудитын байгууллага үнэн, зөв дүгнэлт гаргана гэдэг нь эргэлзээтэй. Гуравдугаарт, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар чухам ямар хяналт тавих, нам, эвсэлтэй хэрхэн харилцах вэ гэдэг нь тодорхойгүй. Холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эдгээр заалтыг тодорхой болгож, сонгуулийн зардал, санхүүжилттэй холбоотой данс, бусад хөрөнгийг олон нийтэд ил тод, цахимаар мэдээлж, хянах тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай. Улмаар эдгээр болон бусад мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, АТГ, иргэд, олон нийтийн төлөөлөлтэй хамтран хянах тогтолцоо нэвтрүүлэх хэрэгтэй.
-Олон улсын жишиг, сүүлийн үеийн чиг хандлагын дагуу намын санхүүжилтэд тавих хяналтыг хэрэгжүүлдэг гол байгууллага нь юу вэ?
-Улс орны онцлог, засаглалын болон эрх зүйн тогтолцоо, институцын чадавх зэргээс шалтгаалан уг хяналтыг тавьж, хэрэгжүүлдэг байгууллага нь янз бүр. Гэхдээ ямар ч байгууллага байсан тухайн хяналт нь зөв, сайн, үр нөлөөтэй байх нь чухал. Намын санхүүжилтийн хяналтыг нэг байгууллага хэрэгжүүлдэг тогтолцоог ихэнх улс үр нөлөөтэй гэж үзэж, хэрэглэж байна. Харин манайд намуудын санхүүжилтийг хянадаг тогтолцоо, институц үндсэндээ алга. Тиймээс намын зардал, санхүүжилтийг хянадаг хараат бус, тусгай эрхтэй, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан хариуцлагын механизм бүхий байгууллагатай болох нь зүйтэй. Бусад оронд “Иргэдийн аудит” гэсэн ойлголт бий болгож, үр дүнд хүрсэн сайн туршлага бий. Үндэсний аудитын газарт “Аудитын иргэдийн танхим”-ыг 2017-2019 онд байгуулсан ч одоо ажиллахаа больсон.