Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн 24 цагт ОХУ-д 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувьд хөнгөн балархай шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд 45 хүртэлх насны хүмүүс дийлэнх байна. ОХУ өвчтөнүүдээ хяналтад авч чадаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Эмч ажиллагсдыг халдвараас хамгаалах хамгаалалтын хувцас үйлдвэрлэхийн тулд хэд хэдэн үйлдвэрийн ашиглалтын зориулалтыг өөрчилжээ. Хэдий тийм боловч хамгаалалтын хувцас хэрэглэлийн дутагдалд орох эрсдэлтэй тул БНХАУ-аас 1.2 сая хамгаалалтын хувцас авахаар гэрээ байгуулжээ. Эхний ээлжинд БНХАУ-аас 300 мянган хамгаалалтын хувцас авч байгаа юм байна.
Манай улсад 1229 хүн ажиглалтад байна. Мөн хоёрдугаар сараас хойш гадаадын 17 орноос Монголын 98 иргэн холбогдож утсаар зөвлөгөө авсан. Гадаадад 13 монгол иргэн COVID-19 халдвар авсан. Швейцарт хоёр иргэн эдгэрч, шинжилгээний хариу сөрөг гарсан Шведэд хоёр хүн гэрийн тусгаарлалтад байгаа. БНСУ-д хоёр хүн эмчлэгдэж, эрүүлжсэн. ОХУ-д 3, Ирландад 4 хүн халдвар авсан. Энэ хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дууссан, давтан шинжилгээний хариугаа хүлээж байна" гэсэн мэдээлэл өглөө.