УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв.
Уг хуулийн төслийг баталснаар Монгол Улсын богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай боловсруулж, батлах тогтолцоо бий болох аж. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах үйл ажиллагаанд оролцогчдын чиг үүргийг ялгамжтайгаар тодорхой заасан нь хариуцлагын тогтолцоог бодитой болгох үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Үндэсний хөгжлийн газрыг яам болгож, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага байхаар хуулийн төсөлд тусгасныг С.Бямбацогт гишүүн хэлэлцүүлгийн үеэр онцлов. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар удирдана хэмээн заажээ. Үүнийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛ ТАТВАР ТӨЛНӨ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авч, нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ явуулахаар барилга байгууламж барьсан нь дархан цаазат газрын унаган төрх, төлөв байдалд сөргөөр нөлөөлж буй. Үүнийг таслан зогсоох, нутаг дэвсгэрийн болон хүн амын нягтралыг багасгах, нөхөн сэргээхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулснаа Н.Цэрэнбат гишүүн дурдав. Ингэхдээ зориулалтаас нь үл хамааран нэг ам метр талбай тутамд аж ахуйн нэгжээс 1000, хуулийн этгээдээс 3000 төгрөгийн татвар авахаар зохицуулжээ. Уг заалт нь зориулалтын дагуу үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжийнхэнд ч хамаарах аж. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
О.Баасанхүү: -Дархан цаазат газарт хууль бусаар орон сууц барьсан аж ахуйн нэгжүүдээс татвар авах нэрээр зөрчлийг нь зөвтгөж байгаа юм уу. Ямар судалгаанд үндэслэж 1000 төгрөг авахаар тооцоолсон юм бэ. Төсөвт хэдэн төгрөг хуримтлуулах вэ. Дархан цаазат бусад газарт ч аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр зөвшөөрөл аваад орон сууц барьж болно гэсэн үг үү?
Н.Цэрэнбат (БОАЖ-ын сайд): -Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авч, орон сууц барьсан зөрчлийг шүүхийн байгууллага шийдэхгүй удаан хугацаа өнгөрлөө. Олон жил бугшсан энэ асуудлыг нэг тийш нь шийдье гэж байгаа юм. Энэ мөнгө бага гэж үзэж буй бол зарчмын зөрүүтэй санал гаргаад нэмж болно гэв. Түүнчлэн Д.Оюунхорол гишүүн “Иргэд Богдхан уулын аманд орон сууц худалдан авсан ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй байгааг зохицуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Б.БАТЗОРИГ БОЛОН ХЭҮК-ЫН ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ
ХЭҮК-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсэхийг хэлэлцэв. Тус комиссын дарга Ж.Бямбадорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хууль зүйн байнгын хорооныхон дэмжсэн.
Үүнтэй холбогдуулан С.Жавхлан гишүүн “Та иргэдээсээ уучлалт гуйчихсан бол ахмад хүний хувьд үлгэр дуурайл болох байлаа. Одоо сэтгэлтэй, эрч хүчтэй, залуу хүн томилох нь чухал” гэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ХЭҮК-ын даргыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, мөн дэмжсэн юм.
АУДИО ХЭЛБЭРЭЭР АРХИВ БҮРДҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооныхон уг төслийг хэлэлцэхэд, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг цахим мэдээллийн санд оруулах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Энэ хуулийн төслөөр архиваас гадна албан хэрэг хөтлөлттэй холбоотой харилцааг зохицуулж байгаагаараа онцлог гэдгийг Ц.Нямдорж сайд хэлсэн. Мөн аудио архив бүрдүүлж эхэлсэн талаар тэрбээр мэдээллээ. Уг хуулийн төслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр тусгажээ. Дараа нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн зарим нэр томьёог Эрүүгийн хуульд нийцүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох байнгын хорооныхон үзжээ. Санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хоёр хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.