Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирусийн халдвар 213 улсад бүртгэгдэж, 572 мянган хүн эдгэрсэн байна. АНУ, Итали, Иран, Их Британи улсуудад тархалт эрчтэй хэвээр байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 4,070 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөсөө 40 хувиар нэмэгдлээ. Ирэх 2-3 долоо хоногт дэгдэлт оргилдоо хүрнэ гэж Москва хотын захирагч мэдэгдсэн.
ОХУ дахь өвчлөлийн шинэ тохиолдлын 40 хувь нь Москва хотод бүртгэгдсэн. Москвад 800 ортой коронавирусийг эмчлэх шинэ эмнэлэг ирэх даваа гарагаас ашиглалтад орно.
Манай 119 утсанд 24 цагийн дотор 159 дуудлага ирснээс зарим нь эмнэлзүйн мэдээлэл өгөхийг хүссэн. Мөн хүүхдүүд маскгүй гадуур тоглож байгааг анхааруулж мэдээлсэн. Гадаадад өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь оюутнууд байна.