Дэлхий дахинд хийгдэж буй шинжлэх ухааны судалгаа шинжилгээний тоймоос ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор н.Оюунсүрэн мэдээлэл хуваалцсан юм. Тэрбээр “Цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх нэг арга зам бол шинжлэх ухаан. Шинэ коронавирустэй холбоотойгоор дэлхийд 6000 гаруй тойм, нийтлэл хэвлэгдсэн. Үүнээс 1700 гаруй өгүүлэл шинжлэх ухааны судалгаатай холбоотой нийтлэл байна. Дэлхийн бүх эрдэмтэд вирус судлал, вакцин, эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү судалгаа шинжилгээг хийж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө дэлхийн олон эрдэмтэд судалгаа хийж, гарсан үр дүнгээ нийтлэх, харилцан туршлага судалж байна.
Монгол улсын эрдэмтэн судлаачид бусад орны эрдэмтэн судлаачидтай туршлага судлан ажиллаж байна. ДЭМБ-ын санаачилгаар “Эв санааны судалгаа”-г дэлхийн 90 гаруй оронд вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эм гарган авахаар судалгааны ажлыг эхлүүлээд байна. Эм бүтээх судалгаа нь олон жилийг шаарддаг боловч уг судалгааны хүрээнд дэлхийн эрдэмтэд нэг санаа дээр ажиллаж нэгтгэснээр судалгааны хугацааг 80 хувиар богиносгох боломж бүрдээд байна. Учир нь энэ судалгаанд туршигдаж буй дөрвөн эм вирусээр үүсгэгддэг ДОХ, хумхай, үе мөч эмгэг, эболо өвчний үед хэрэглэгдэж байгаа үр дүн өндөртэй эм ажээ. Дэлхийн 70 гаруй эрдэм шинжилгээний байгууллагад вакцины туршилтуудыг хийж байна.