Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосон.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас нийслэлд ирүүлсэн хүсэлт, холбогдох судалгаанд үндэслэн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан стандартын шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, цөөн хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээх захирамж гаргалаа.
Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа ЭМЯ-наас зөвлөмж болгосноор:
- Үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх
- Ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийх
- Нэг дор 10-аас олон хүн цуглуулахгүй
- Тоног төхөөрөмжүүдийг 1.5 метрээс дээш зайнд байрлуулах
- Цаг тутамд 10 минутаас дээш хугацаанд салхивчийг онгойлгох зэрэг шаардлага тавих юм байна.
Шаардлагын биелэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага хянаж ажиллана хэмээн өнөөдөр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэв.