Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахлагчтай багийнхан зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай өвчтөнд мэс засал хийсэн нь амжилттай болжээ. Тодруулбал, зүрх нь баруун талдаа байрласан, 57 настай эмэгтэйн титэм судсанд стент (тэлэгч хиймэл судас) суулгах мэс заслыг энэ сарын 15-нд хийжээ. Ингэхдээ баруун цавиных нь артерийн судсаар зориулалтын гуурс шургуулж, зүүн титмийн артерийг нь сэтгүүрдэж, бөглөрсөн хэсэгт хоёр тэлэгч суулгаж, цусны урсгалыг нээснээр амийг нь аварсан байна. Өвчтөнд ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд бие нь сайжирсан гэнэ. Ташрамд дурдахад, зүрх баруун талдаа байрлах нь 10 мянгад нэг тохиолдох ховор эмгэг аж. Ийм нөхцөлд судсан дотуур оношилгоо, эмчилгээ хийхэд стандартаас өөр, өвөрмөц арга, өндөр ур чадвар, тусгай зориулалтын хэрэгсэл ашигладаг аж.
Бэлтгэсэн: О.Оргилох