Өнгөрсөн жилийн сүүлчээр буюу шинэ онтой уралдан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахад “Энэ хууль Цэцэд “очно” хэмээн ёрлож байв. Үнэхээр ч уг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг дэнслэх Цэцийн хуралдаан ирэх лхагва гарагт болох гэж байна. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоёр ч заалт Үндсэн хуулийг зөрчсөн, эсэхийг тогтооно. Эдгээрийн нэг нь уг хуулийн 6.1 дэх хэсгийн “...сонгууль товлон зарлахаас өмнө ...” гэсэн заалт нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэж өргөдөл гаргасан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн маргаан.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-т “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт бий. Уг нь үүний өмнө үйлчилж байсан Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй байв. УИХ-ын ээлжит сонгуулиудын санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн хагаст зохион байгуулж ирснийг тооцвол хамгийн цаад тал нь зургаан сарын өмнө буюу 2020 он гарав уу, үгүй юү Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн байхыг шаардаж байлаа. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар хуульчилсан нь энэ.
УИХ энэ оны нэгдүгээр сарын 30-нд 13 тоот тогтоол баталснаар 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарласан бөгөөд санал авах өдрийг зургадугаар сарын 24 байхаар тогтоосон. Учир нь уг хуулийн 9.1-т “УИХ ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” хэмээн хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 30-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн бол тус нам энэ удаагийн сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх нэг давааны ард гарлаа гэсэн үг. Жишээ нь, одоогоор Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын хамгийн отгон нь буюу Цагаан сарын өмнөхөн бүртгүүлсэн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ард нь байгаа гэгддэг Ардчилал, шинэчлэлийн нам (АШН) эл заалтын дагуу энэ удаагийн сонгуульд оролцож болохгүй. Харин Дээд шүүхээс гаргасан жагсаалтад АШН-ын өмнө бичигддэг, 35 дахь хүчин болох Зүй ёс намыг өнгөрсөн оны есдүгээр сард бүртгэсэн учраас 2020 оны сонгуульд оролцох эрхтэй намуудын сүүл мушгиж буй хэрэг.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-т “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” хэмээн заасан байх аж. Уг хуулийг баримтлан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь ёсоор энэ сарын 25-наас өмнө нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой. Сонгуульд оролцохын тулд 26 нам Үндэсний аудитын газарт хандивын тайлангаа ирүүлснээс харахад ийм тооны нам өрсөлдөж магадгүй гэсэн үг. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.3-т нь “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийг товлон зарласан нэгдүгээр сарын 30, эсвэл нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх сүүлчийн хугацаа болох энэ сарын 25-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлснийг нь сонгуульд оролцуулах уу гэдгийг Цэц шийдэх гэж байна.
Энд дурдсан хоёр хугацааны дунд үндсэндээ гурван сарын зай гарахаар буй. Хэрэв сонгууль товлон зарласан өдрөөс өмнө бүртгүүлсэн намыг оролцуулбал Үндсэн хууль зөрчсөн явдал гэж Цэц үзвэл дөрөвдүгээр сарын 25-наас өмнө буюу энэ гурван сарын хугацаанд Дээд шүүхээс эрхээ авсан хүчнүүд айсуй сонгуульд хүч үзэх боломж бүрдэнэ гэсэн үг. Тухайлбал, АШН энэ удаагийн сонгуульд оролцох эрхтэй болно. Түүнчлэн Их эргэн сэргэлтийн үндэсний нам, Үйлдвэрчний эв нэгдэл нам, Монголын үндэсний сэргэн мандлын нам, Монголын төв нам, Сошл либерал нам зэргийг бүртгэх, эсэх талаар Дээд шүүх нэг бус удаа хуралдсан ч татгалзсан шийдвэр гаргасан. Тэд богино боловч үлдсэн хугацаанд Улс төрийн намын, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон бусад хуульд заасан шаардлагыг хангаж холбогдох бичиг баримтаа илгээж, Дээд шүүх бүртгэж гэмээнэ Монголын улс төрийн намуудын нэрийн жагсаалт уртасна. Улмаар Цэцийн шийдвэр “нохой шуугиулж”, ирэх сонгууль төдийгүй манай улс төрийн амьдралыг нэлээд доргиож болзошгүй.
Тухайлбал, АШН сонгуульд оролцох, эсэхээс хүртэл олон зүйл хамаарахаар буй юм. АШН-ыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байгуулсан гэх яриа зүгээр ч нэг гарчихаагүй. Уг намыг үүсгэн байгуулсан Э.Бямбацэрэн нар нь АН-д “шинэчлэлийн” гэх тодотголтой хөдөлгөөн өрнүүлж явсан, Н.Алтанхуягтай ойр дотно хүмүүс. Тэгээд ч экс Ерөнхий сайд намынхаа өнөөгийн удирдлагад тун шүүмжлэлтэй хандаж, хатуухан үг чулуудаж, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад буй. Энэ нь түүнийг эл намын “эзэн” гэгдэхэд хүргэсэн гэхэд болно. Өнөөгийн эрх баригчид, нам дамжсан бүлэглэл, бүр намынхандаа ч бухимдаж яваа тэрбээр АШН сонгуульд оролцохоор болбол АН-аас гарчихаж мэднэ. Ингэснээр АН-ын бас нэгэн лидер өрх тусгаарлаж, уг намын задрал улам лавширна гэсэн үг. Энэ удаа харьцангуй олон, тэр дундаа шинэ намууд хүч түрсэн, тэдгээрийн цөөнгүй нь АН-аас тасарсан хүчнүүд “уралдах” өрсөлдөөн болох нь. ШИНЭН-ыг гэхэд л АН-аас УИХ-д сонгогдсон хоёр гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар байгуулсан. Гэр хороолол, хөгжлийн намыг ардчиллын “алтан хараацай”, Улсын баатар Э.Бат-Үүл байгуулсан нь өдгөө нэгэнт нууц биш болоод буй.
Харин Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох бусад байгууллага сонгуулийн бэлтгэл ажлыг өнөөдрийг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулж байгаа. Жишээ нь, нам, эвслүүд мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа Үндэсний аудитын газарт илгээсэн. Шаардлага хангаагүй зарим мөрийн хөтөлбөрийг буцааж, засварласныг нь хүлээн авсан аудитынхан энэ сарын 25-наас өмнө эцсийн дүгнэлтээ сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой. Хэрэв АШН сонгуульд оролцохоор болбол тэднийг аудитын дүгнэлтгүйгээр бүртгэх үү. Эсвэл мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлээгүй гээд сонгуульд оролцуулахгүй юу. Энэ мэт хариулт нэхсэн, толгой эргүүлсэн, талцал дуудаж, улстөржилтийг өрдөх олон үйл явдал өрнөхөөр байна.
Цэц ямар ч шийдвэр гаргасан бай УИХ хэлэлцэх ёстой. Улмаар УИХ-ын шийдвэрийг Цэц хэлэлцэж магадгүй. Өөрөөр хэлбэл, сонгууль болтол зай ч, лай ч байна. Хамгийн гол нь Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосноор томилсон. Санал болгосон байгууллага, хүнээсээ хараат бус байж чаддаггүй, захиалгаар ажилладаг гэж шүүмжлүүлдэг Цэц энэ удаа үнэмлэхүй олонх бүхий парламентын баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гээд шийдвэрлэчихэж болзошгүй. Учир нь энэ удаагийн сонгуулийг хойшлуулах сонирхлоо Ерөнхийлөгч удаа дараа илэрхийлж буй. Харин эрх баригчид товлосон хугацаандаа явуулахыг зорьж байгаа. Нэгэнт сонгуулийг хойшлуулах эрх зөвхөн УИХ-д бий тул Цэцийн шийдвэрээр дамжуулан хүслээ гүйцэлдүүлэх сонирхол Төрийн тэргүүнд байгаа юм биш биз гэсэн хардлага эрхгүй төрж буй юм.