Эрүүл мэндийн салбарт үр дүнтэй хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр олон ч тааруухан нь ч бас цөөнгүй. Ихэнх нь хэрэгжсэн болоод тэгсхийгээд мартагдаж, татвар төлөгчдийн мөнгө гэрээт байгууллагуудын бизнесийг цэцэглүүлж, жирийн иргэд хохироод үлддэг жишиг тогтсон талаарх шүүмжлэл бий. Эдүгээ улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэн, хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд”, үндэсний хөтөлбөр, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг” кампанит ажил ид өрнөж байна. Элэгний В, С вирус, түүнээс шалтгаалсан хавдар, хатууралтай иргэдийг эрт илрүүлж, эмчлэхэд “Элэг бүтэн Монгол”-ын, 2-12 насны 725 000 хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн зорилго чиглэсэн.
...“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд нийт санхүүжилт нь 50 тэрбум төгрөг. Энэ онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 10.1 тэрбум төгрөг төсөвлөснийг ЭМДЕГ-ынхан хэлсэн. Гэрээт эмнэлгүүд хөтөлбөрийн хүрээнд шүд авах, ломбо тавих, урьдчилан сэргийлэх түрхлэг түрхэх, сувгийн эмчилгээ хийх зэрэг долоон төрлийн тусламж, үйлчилгээг 60 000 төгрөгөөр үзүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдийнх нь хэдэн ч шүд өвчтэй байсан эцэг, эхчүүдээс нэмэлт төлбөр авах ёсгүйг албаныхан анхаарууллаа...
Эдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлбээс хүн амын эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжтой. Харамсалтай нь, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт эхнээсээ асуудал дагуулж, тусламж, үйлчилгээ авах ёстой зорилтот бүлгийнхэн хамрагдаж чадахгүй байгаа зэрэг дутагдал гарах болсон. Ялангуяа “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өдий хүртэл эмнэлэг, эцэг, эхчүүдийн дунд маргаан тасраагүйг “Өнөөдөр” сонин “50 тэрбумын хөтөлбөр замхарч мэдэх нь” нийтлэлээрээ хөндсөн билээ.
Манай улс хүүхдийн шүдний өвчлөлөөрөө гамшгийн хэмжээнд хүрсэн тул Засгийн газар, ЭМЯ-наас “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Гэвч хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан гэрээт эмнэлгүүдэд хийж буй эмчилгээ, үйлчилгээг үнэлж, дүгнэдэггүй, хяналт тавьдаггүй, санхүүжилтийг нь заасан хугацаанд олгодоггүйгээс тусламж, үйлчилгээ өнгөрсөн хугацаанд байнга шахам тасалддаг байж. Гэрээт шүдний эмнэлгүүд хүүхэд хүлээн авахгүй гэсэн шалтгаанаа өмнө нь санхүүжилттэй холбон тайлбарладаг байсан бол 2020 он гарснаас хойш “Ковид-19”-өөр түрээ барих болжээ. “Хурууны хээ уншигч төхөөрөмжийг ЭМДЕГ-аас хаасан тул хүүхэд үзэхгүй” л гэнэ. “Халдвар гарсан, эмнэлэгт олон хүн цуглуулахгүй. Дараа ир” гэхчлэн үйлчилгээ үзүүлэхээс аль болох цааргалах аж.
Эмнэлгүүдийн дураараа авир үүгээр дуусахгүй. ЭМДЕГ-тай анх гэрээ байгуулахдаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улсаас нэг хүүхдийн эмчилгээнд төсөвлөсөн 60 000 төгрөгт тааруулан, өвчтэй бүх шүдийг нь эрүүлжүүлнэ хэмээж гарын үсэг зурчихаад эцэг, эхчүүдээс нэмэлт төлбөр авсаар байна. Үүнийгээ эцэг, эхчүүдэд тайлбарлахдаа “ЭМДЕГ-тай хийсэн гэрээгээ энэ жил шинэчилсэн. Зарим зүйл, заалтыг өөрчлүүлсэн. Тухайн хүүхдийн эмчилгээний зардал улсаас төсөвлөсөн үнийн дүн болох 60 000 төгрөгөөс давбал эцэг, эхээс нь нэмэлт төлбөр авахыг ЭМДЕГ-аас зөвшөөрсөн” гэсэн байна.
Уг нь ЭМЯ, ЭМДЕГ-ынхан уг хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ “Тухайн хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, цоорлын эсрэг түрхлэг түрхүүлсэн ч эмчилгээний зардалд дээрх мөнгийг үйлчлүүлсэн эмнэлэг рүү нь шилжүүлнэ. Нэг хүүхдийн эмчилгээний зардалд урьдчилан сэргийлэх үзлэг, шүдний сувгийн эмчилгээ, “ломбо” тавих, цоорлоос хамгаалах болон зогсоох түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээ багтсан. Нэгийнх нь эмчилгээний зардлаас илүү гарсан мөнгийг 4-5 шүд нь өвчилсөн өөр нэг хүүхдэд зарцуулна” гэсэн байдаг. Харин шүдний эмнэлгүүдийн олонх нь өнгөрсөн хугацаанд улсаас нэг хүүхдэд олгож буй 60 000 төгрөгт тааруулан, олондоо л хоёр шүд эмчилж ирсэн гэх.
Дээрх зөрүүтэй мэдээллүүдийг тодруулахаар ЭМДЕГ-ыг зорилоо. Тус газрын тусламж, үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхбилэг “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан эмнэлгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. 2019 онд гэрээт эмнэлгүүдийг тусламж, үйлчилгээнийх нь гүйцэтгэлээр санхүүжүүлдэг байсан бол энэ онд тус бүрт нь төсөв хуваарилсан. Ингэхдээ өнгөрсөн жилийн гүйцэтгэл, санхүүжилтэд нь үндэслэн, тухайн сард төдөн хүүхэд үзнэ гэсэн хязгаар тогтоож, гэрээнд нь хавсаргасан. Коронавирусийн халдвартай холбоотойгоор ЭМДЕГ-аас гэрээт байгууллагууддаа хурууны хээ уншигч төхөөрөмжийг түр хугацаанд ашиглахыг хориглосон. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үүрэг өгөөгүй. Өөрөөр хэлбэл, шүдний эмнэлгүүд хүүхдийн болон асран хамгаалагчийн регистрийн дугаарыг бүртгэж, манай цахим системд оруулан, үйлчилгээ үзүүлэх ёстой байсан. Энэ сарын 15-наас хурууны хээ уншигчийг ашиглаж эхэлнэ” гэсэн юм. Мөн тэрбээр “Эрүүл мэндийн сайд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсний дагуу хэд хэдэн байршилд шүдний эмнэлэг сонгон шалгаруулсан. Тодруулбал, алслагдсан сумуудын Эрүүл мэндийн төвийн Шүдний кабинетууд, хувийн шүдний эмнэлгүүд, Говьсүмбэр аймаг, Сүхбаатар дүүргийн XX, Баянзүрхийн XI хороо, Хонхор, Гачуурт, Туул, Жаргалант тосгон, Хужирбулан, Шувуун фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шүдний эмнэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Сонгон шалгаруулалтад дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг 21 эмнэлэг материалаа ирүүлсэн. Тэнцсэн эмнэлгүүдтэй удахгүй гэрээ байгуулах тул тусламж, үйлчилгээний хүртээмж тодорхой хэмжээнд сайжирна” гэв.
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд нийт санхүүжилт нь 50 тэрбум төгрөг. Энэ онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 10.1 тэрбум төгрөг төсөвлөснийг ЭМДЕГ-ынхан хэлсэн. Гэрээт эмнэлгүүд хөтөлбөрийн хүрээнд дээр дурдсанчлан шүд авах, ломбо тавих, урьдчилан сэргийлэх түрхлэг түрхэх, сувгийн эмчилгээ хийх зэрэг долоон төрлийн тусламж, үйлчилгээг 60 000 төгрөгөөр үзүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдийнх нь хэдэн ч шүд өвчтэй байсан эцэг, эхчүүдээс нэмэлт төлбөр авах ёсгүйг албаныхан анхаарууллаа.
Эрүүл мэндийн салбарт, даатгалаас санхүүжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ЭМДЕГ-ын 10 орчим мэргэжилтэн хянадаг бөгөөд уг ажлыг хүчирдэггүйгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс зөрчил, дутагдал гаргасан байгууллагуудыг тухай бүрт нь мэдээлж, хамтран ажиллахыг иргэдээс хүссэн. Тодруулбал, таны хүүхдийн шүдийг дутуу эмчилсэн, нэмэлт төлбөр шаардвал ЭМДЕГ-ын лавлах 1800-1363 утсанд мэдээлэх, албан ёсны фэйсбүүк хуудсанд зурвас илгээх болон биеэр өргөдөл өгөх боломжтой. Ингэснээр холбогдох албаныхан таны мэдээллийн мөрөөр тухайн эмнэлгийн үйл ажиллагааг шалгаж, илүү төлсөн төлбөрийг гаргуулах, цаашлаад гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
Нэмж хэлэхэд, ЭМДЕГ-ынхан эмнэлгүүдтэй энэ онд гэрээ байгуулахдаа тухайн хүүхдийн эмчилгээний зардал 60 000 төгрөгөөс давбал эцэг, эхээс нь нэмэлт төлбөр авах заалт огт тусгаагүй бөгөөд ийм эрх ч тэдэнд байхгүй гэнэ. Гэрээнд төсөв, санхүүтэй холбоотой өөрчлөлт оруулах бол Сангийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар шийддэг гэнэ.
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрт энэ сарын 13-ны байдлаар 111 027 хүүхэд хамрагджээ. Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 162 эмнэлэг хүүхдүүдэд үйлчилж, 497 102 шүд эмчилжээ. Гэвч төлбөртэй эмчлүүлсэн хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулсан нэрийдлээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, даатгалаас мөнгө завшсан эмнэлэг ч цөөнгүй байсан гэх. Төрийн байгууллагын хяналт сулаас үндэсний хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хувийн хэвшлийнхэн цөлмөдөг бизнес газар авсныг дээрх баримтууд гэрчлэх биз ээ. Эмийг хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн сангууд, элэгний В, С вирус тоолдог лабораториуд ч үүнд хамаатай.