УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа гишүүд байр сууриа илэрхийллээ.
Д.Тогтохсүрэн: -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах төрийн захиргааны байгууллага, Сангийн яам хоорондын харилцааг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ. Төлөвлөөд гаргачихсан бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг хэн, хэрхэн шийдэх нь тодорхойгүй байсаар ирсэн. Тиймээс үүнд зарцуулах хөрөнгийг Сангийн яам шийдвэрлэж байхаар тусгах боломжтой юу?
Н.Цэрэнбат: -Өмнө нь баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, тогтоолуудынхаа хэрэгжилтийг үнэлэх хэрэгтэй байна. Алдаагаа давтахгүйн тулд хэрхэн анхаарч, хуулийн төсөлд юу гэж тусгаснаа тайлбарлана уу?
Д.Лүндээжанцан: -30 жилийн турш хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогоо тав таван жилээр төлөвлөж, салбар тус бүрт нь хэрэгжүүлэх юм байна. Таван жилд хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөөнүүд хоорондоо хэр уялдаатай байна вэ?
С.Бямбацогт (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн Сангийн яам зохицуулдаг байхаар тусгасан. Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлгээ хийх, тайлагнах, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. Уг баримт бичиг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахад чиглэгдсэн, харилцан уялдаа бүхий урт, дунд, богино хугацааны гэж байх юм. Хүн амын суурьшил болон хотын ерөнхий төлөвлөгөөг урт хугацааны баримт бичигт үндэслэнэ. Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх баримт бичиг нь урт хугацааны бодлогоо ажил болгоход чиглэсэн байна.
Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэн байгуулна. Уг хүрээлэнг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байхаар төсөлд тусгасан. Мөн бусад улс ямар бодлого баримтлан хөгжиж байгааг судалж, Монголд алийг нь нутагшуулах тохиромжтойг тус хүрээлэнгийнхэн тогтооно. Үүнээс гадна хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, хоорондын уялдааг хянах эрх, үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгалаа гэв.
Д.Лүндээжанцан гишүүн “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бусад хууль тогтоомжийг нийцүүлэхийн тулд уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Тиймээс хэлэлцүүлгийн дараа дараагийн шатанд бусад байнгын хорооны төлөөллийг оролцуулах саналтай байна” гэв. Харин М.Энхболд гишүүн “Хөгжлийн бодлогын хэрэгжилтэд улс төрийн намуудын оролцоо чухал учраас парламентад суудалтай намын гишүүдийн санал, бодлыг сонсож, хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй. Түүнчлэн ийм баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахад өндөр босго тогтоох шаардлагатай” гэдгийг онцлов.
Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
“NEW IMAGE CAST” САНАЛ ХУРААХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХ НЬ
Дараа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд товлон зарлаж, санал авах өдрийг аравдугаар сарын 15-нд байхаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй. Харин Д.Лүндээжанцан гишүүн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Энэ саналаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахаар тогтлоо. Үргэлжлүүлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, “New image cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг гишүүд дэмжив. Тус төхөөрөмжийг өнгөрсөн сонгуулиудаар ч ашигласан билээ.
Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслийн зарим нэр томьёог бусад хуультай нийцүүлэн, дагаж мөрдөх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 1 байхаар тусгажээ. Үүнээс гадна Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.
НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
УИХ-ын гишүүн Н.Оюундарийн өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх үзлээ. Уг төслийг баталснаар Татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар далд эдийн засгийг хумих эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн аж.
Ш.Раднаасэд гишүүний “НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхэд Засгийн газар дэмжлэх үзүүлэх боломжгүй гэсэн юм уу” гэсэн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ нь улсын төсвийн 30 хувийг буюу гуравны нэгийг бүрдүүлдэг. Буцаан олголтын хувь, хэмжээг нэмбэл ойролцоогоор 1.3 их наяд төгрөг хасагдана. Улмаар тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Тиймээс уг төслийг Засгийн газар зарчмын хувьд дэмжих боломжгүй” гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мөн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тэрбээр НӨАТ-ын 10 хувийг тав болгон бууруулах саналаа танилцуулсан юм. Уг саналыг Н.Амарзаяа гишүүн дэмжиж буйгаа илэрхийлсэн ч гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.
Мөн Засгийн газраас өргөн барьсан, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 62 дугаар тогтоол батлахдаа сайжруулсан түлшний тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөс ихгүй байхаар тооцсон. Гэвч тус бүтээгдэхүүнийг НӨАТ багтсан өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг болж, нэмэгдэхээр байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулах, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг Сангийн сайд төслийн танилцуулгадаа онцоллоо. Тиймээс сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Татвараас чөлөөлснөөр төсөвт ямар нэг хүндрэл учруулахгүй аж. Учир нь өнгөрсөн хугацаанд уг татварыг төсөвт төвлөрүүлж байгаагүй, шинээр авч эхлэх гэж буй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тодотгов.
Ингээд тус хуулийн төслийг болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Хүнсний ногоо үйлдвэрлэдэг томоохон компаниуд тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн гэх шалтгаанаар хаалга барих болсон аж. Түүнчлэн иргэд урд хөршөөс оруулж ирсэн чанаргүй хүнсний ногоо хэрэглэх нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг судалгааны байгууллагынхан тогтоосон байна. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулжээ. Зарим хүнсний ногооны импортын татвар 15-20 хувь байгааг 30-д хүргэх тухай үүнд тусгасан аж.
БАЙР СУУРЬ
Д.ТҮМЭНЖАРГАЛ: Сонгон шалгаруулалтаа ил тод болгох нь иргэд зөв хүнээ сонгох боломж бүрдүүлнэ
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Түмэнжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Намууд УИХ-д нэр дэвшүүлэх хүнээ нээлттэй сонгон шалгаруулах хэрэгтэй гэж олон улсын судалгааны байгууллагууд тайландаа дурдсан байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ил тод болгох хэрэгтэй гэдэгт санал нэгддэг. Улс төрийн намууд сонгон шалгаруулалтдаа ямар үзүүлэлт гол болгодог нь хамгийн чухал. Үүнийг ил тод болгосноор нэлээд давуу тал үүснэ.
-Тухайлбал, ямар давуу тал бий болох вэ?
-Ямар хүн УИХ-д нэр дэвших гэж буйд иргэд хяналт тавих нь нэмэгдэнэ. Мөн намын дотоод ардчилал, ил тод, шударга байдалд нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн жил “Дефакто” институт намуудын дотоод ардчиллын талаар судалгаа хийжээ. Судалгаанд оролцсон намуудаас МАН, АН хамгийн бага оноо авсан нь дотоод ардчилал муутай гэсэн үг. Гишүүдээсээ дэнчин авдаг нь үүнд нөлөөлсөн гэж ойлгож болно. Сонгогдох эрхээ эдлэхийн тулд дэнчин өгч, намаас нэр дэвшиж буй нь мөнгөтэй, бизнес эрхэлдэг хүмүүсийн ашиг сонирхолтой холбогддог. Зарцуулсан мөнгөө буцааж олохын тулд л ажиллах зэрэг сул тал бий. Ингэснээр сонгогчдын сонгох эрх ч ноцтой зөрчигдөж байгааг тус институтийнхэн судалгаандаа дурдсан байна лээ. Хэрэв сонгон шалгаруулалтаа ил тод болговол намуудын доторх тохироо, наймаа багасахад ч нөлөөлж болох юм. Мөн улс орон, ард түмний эрх ашгийн төлөө ажиллах хүнийг иргэд сонгоход дөхөм үзүүлэх зэрэг боломж бүрдэхийг үгүйсгэх аргагүй.
-Намууд нэр дэвших хүнээ нээлттэй сонгон шалгаруулдаг болохын тулд юу хийх хэрэгтэй юм бол?
-Шалгуур үзүүлэлтийг тодорхой, ил тод болгож, өндөр босго тавих шаардлагатай байна. Тухайлбал, мэдлэг, боловсрол, туршлагатай, хийж, хэрэгжүүлсэн бодит ажилтай, өмнө нь авлига, хээл хахууль болон бусад гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг шалгуур үзүүлэлт тавьж, хуульчлах нь зүйтэй. Улс төрийн намын тухай хуулийн 18.1-т “Гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно. Намд зориулж нэг удаа өгөх хандив хуулийн этгээдээс арав, иргэнээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч нам нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.1-т “Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна” гэж заасан. Мөн 54.3-т “Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд давхардуулан хандив өгөхийг хориглоно”, 54.7-д “Бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглоно” гэж тусгасан байгаа. Уг хуулийн заалтууд хэрэгжихгүй байгааг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнийн өгсөн ярилцлагаас харж болно. Дэнчин авч, сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлнэ гэж зарим хүн тайлбарлаж байна. Гэхдээ 100-400 сая төгрөгийг хаанаас бүрдүүлж байгаагаа мэдээлэх нь чухал. Түүнчлэн санхүүгийн тайландаа аудит хийлгэх, түүнийгээ нийтэд мэдээлэх нь туйлын хангалтгүй байдаг.
-Сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох нь тухайн хүний эсрэг хар пиар явуулах эрсдэл үүсгэдэг гэж намын гишүүдийн төлөөлөл хэлсэн. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?
-Ингэж хардаж болох ч цөөн хүний нэр хүндээс ард түмний мэдэх эрх илүү чухал. Сонгон шалгаруулалтаа ил тод болгох нь ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх, сонгуулийг шударга явуулах, иргэд зөв хүнээ сонгох боломж бүрдүүлэх учраас илүү чухал юм.
-УИХ-ын гишүүд баталсан хуулиа өөрсдөө биелүүлдэггүй зөрчлийг хэрхэн зохицуулдаг юм бол?
-Улстөрийн намын тухай хуулийн 24-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус. Тэд өөрсдөдөө зориулж хууль баталдаг учраас ийм тодорхойгүй заалт тусгадаг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй байхаар хуульчилсан учраас гэмт хэрэгт холбогдсон ч шалгуулахгүй байх эрхтэй.